Сонгуулийн солиорол

65217d10n4uoe5r7467ohdtrqkМонголын улс төр хэр бохирдсныг сонгуулийн үйл явцаас харж болохоор мэт. Нүүрэн дээрээ шударга өрсөлдье хэмээн гар барьдаг ч ачир дээрээ бие биенийхээ “бөгсийг ухах” ажлыг эртнээс төлөвлөж, нарийн зохион байгуулалттайгаар хор найруулдаг нь байдаг л нэг сонгуулийн төрх болоод уджээ.Хамгийн харамсалтай нь хэн энэ ажлаа хамгийн сайн хийнэ, тэр ялалт байгуулдаг бурангуй тогтолцоо сууриа баттай гэгч нь тавьж, үүнд нь иргэд  ч дасч эхэлж байна.
Ардчилал өндөр хөгжсөн, хөгжиж буй орнууд уг нь үүнийг эсэргүүцдэг. Нэгэнт л намынхныхаа итгэлийг хүлээж, нэр дэвшихээр болсон бол үг болоод үйлдэлдээ хянамгай хандаж, ил далд ажиллагаагаа зогсоох учиртай. Ёсондоо ийм байдаг. Гэвч манай улстөрчид ардчилал хэмээн цээжээ дэлдэх ч жинхэнэ ардчилсан замаар сонгуулиа явуулж, сонгогдож чадаж байна уу. Жил гаруйн өмнө УИХ-ын сонгууль явагдсан. Гэтэл өнөөг хүртэл тус сонгуулиар сонгогдсон эрхэмүүд сонголтоо баталгаажуулж чадахгүй, шүүх цагдаа дээрээ тулсаар байгаа нь үүний нэгээхэн хариулт мэт.  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Гэвч иргэд сонгуулийн солиорлоос аль хэдийнэ залхаж эхэлжээ. Хуулиандаа өнөөдрөөс гэж заасан ч цахимд бараг нэр дэвших нь тодорхой болсны дараагаас эхэлсэн улстөржилтүүд иргэдийг залхаан цээрлүүлээд байна.  Нөгөөх цэвэр, шударга өрсөлдөөн цахимд шалаар нэг таржээ.  Сурталчилгааны хугацаа болоогүй байхад эхэлсэн сонгуулийн солиорол дуусах үедээ юу болж хувирах бол гэж бодохоос ч зүрх зүрхшээм.

Бие, биенийхээ нэр төрд халдаж байна

 

Сонгуулийн үйл явц ингэж бохирдож байгаагийн шалтгаан мэдээж цахим ертөнц буюу нийгмийн сүлжээ. Төлбөртэй жиргээчид, комментчид иргэдийн тархийг угаахын тулд аль байдаг жигшин зэвүүцдэг сэдвүүдийг нэр дэвшигчидтэй холбож, түүгээр ч барахгүй өөрийн нэр төр, гэр бүлийн аюулгүй байдалд заналхийлж байна. Уг нь хэн нэгний нэр төрд санаатай халдах зорилгоор зарын болон бусад төрлийн вэб сайтуудад худал мэдээлэл тарааж хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол Монгол улсын Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл “Доромжлох” 110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Хэрэв гүтгэсэн бол: 111 дүгээр зүйл “Гүтгэх” 111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэдэг хуультай. Гэвч хууль ёсыг ч үл огоорон гүтгэх, бусдын нэр төрд халдах явдал гарсаар байгаа нь албан тушаалын төлөөх дайн хэр хурцдаж, амиа өгөхөөс ч буцахгүй байгааг итгэх шиг. Уг нь энэ чинь зөвхөн сонгууль, сонголт хийх эрх шүүдээ.

Нэр дэвшигчид  “хужаа”

 

Энэ төрлийн ухуулга бараг л сонгууль болгоноор гардаг. Улиг болсон энэ явуулга хамгийн харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгуулиар улам идэвхждэг гэж болно. Учир нь өнөөгийн нийгмийн байдал, техник, текнологийн дэвшилд нэг, хоёр хүнийг хятад, эрлийз, хурлийз болгох шиг амархан зүйл үгүй. Хамгийн наад зах нь гарал үүслийн нэг бичгийг л гаргацтай нь аргагүй хятад руу “хөрвүүлчихэд” л болоод явчихна. Ямар сайндаа л “Та хэдэн хувийн цэвэр цустай вэ, Таны найз нарын хэд нь цэвэр цустай Монгол вэ”, “Миний хужаа нэр” гэх хошин ч гэмээр юм уу хоржоонтой “зугаанууд” цахимд олшрохов.  Зарим нэг нь иймэрхүү “зугаанд” итгэчихсэн “Бүгд худлаа байна, миний найзуудын 50 хувь хужаа биш, сайн мэдэж байна” гэх сэтгэгдэл үлдээчихсэн байхыг харахад өнөөдөр Монгол Улсад монгол хүн байхгүй болжээ. Эгээтээ л хар багийн найзаа хужаа эрлийзээр нь дуудах нь холгүй байна.  Үнэндээ Монгол Улсыг удирдах хүмүүн нь монгол хүн байх ёстой ч энэ мэтийн бүдүүлэг туйшралаар иргэдийг залхаах хэнд ашигтай гэж. Цаашлаад хужаа гэж гүтгээд тусыг эс олбол хятад талын хүн, хятадад элэгтэй, хятад найзуудтай гэж нэг гүрдэнэ. Бид хэзээ хятад үндэстнээр айлгахгүйгээр сонгуулиа явуулж сурах вэ. манай улс ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жилийг ардаа үдэж байна. Хүнээр бол эрийн цээнд хүрсэн. Гэтэл наад захын сонгуулиараа ч зөв, шударга өрсөлдөж чадахгүй байсаар дөрөв дөрвөн жилийг ард үдсээр байх уу. Хужаа гэх гүтгэлэг хүмүүсийн тэвчээрийг барж байна.

Эх сурвалж:24 tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих