Ийм нэгэн явдал

Хэдэн согтуу залуус гудамжинд ганцаараа яваа нэг бүсгүйн банзлыг сөхөн тохуурхаж байв. Зэрлэгээр пажигнатал инээлдэж нэг согтуу толгой нь бусдынхаа хөөр хөсөнд улангасан өнөө бүсгүйн өгзгийг атгаж авахаар шүлсээ савируулан тэмтчиж эхлэв. Ёс бус халдлаганд өртсөн бүсгүй балмагдан ичиж бас уурлан загнавч тэд үнэндээ нохой хуцаж байгаа чинээ үл тооно.

Энэ үйлдэл гэгээн цагаан өдөр түм түжигнэж бум бужигасан Урт цагааны гудамжинд болж байгаа хэрэг. Бүсгүй айсан ичсэндээ эргэн тойрны хүмүүсээс аврал эрэн “Эднийг хараач ээ” хэмээн час хийтэл хашгирав. Гэвч хүмүүс тэр хэдэн залуугаас сүрдээд байгаа юм уу, үл мэдэгч үл харагч царайлан хажуугаар нь өнгөрөх юм. Харин нэлээд зайтай зогсож байсан эрчүүд голдуу хүмүүс бүсгүйг доогтой маягаар харан хөхрөлдөх аж. Бүсгүй “цагдаа дуудлаа шүү” гэж хэллээ. Согтуу залуус “Дууд, дууд, ирэхээс нь өмнө бид зугтаж амжих юм чинь” хэмээн тавлаад зогссонгүй “Цагдаа дуудахаас нь өмнө банзлыг нь бүүр толгой дээр нь гартал шуу” хэмээн бие биенээн дөгөөн дайрцгаав. Бүсгүй ч аврал эрэн чангаар цурхиран уйлж, эрх биш хүмүүс “хөөе та нар болиоч” хэмээн хашгиралдсанаар энэ хэрэг өндөрлөх тийшээ болж билээ. Зүв зүгээр явж байгаад муухай доромжлол амссан тэр бүсгүй цааш замаа хөөлөө. Үргэсэн гөрөөс шиг хүн хүнээс цочин явж одох нь харагдана. Харин нөгөө хэдэн согтуу толгой ид бах болон шуугилдсаар эсрэг тийш явсан юм.

Ж.САНДАГДОРЖ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих