БСШУЯ-ын шинэ сайдыг томилж амжих уу
Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу сайд нартаа хариуцлага тооцож огцруулж байсан удаа үгүй. Хариуцлага алдсан сайдад хариуцлага тооцох сайн жишгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гаргалаа хэмээн ярих болсон нь БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулсантай нь холбоотой. БСШУС-ын сайдын хувьд ч илүү дутуу юм ярилгүй, Ерөнхий сайдын шийдвэрийг хүлээж авч байгаагаа дуулгасан нь яах аргагүй өмнө нь гарч байгаагүй улс төрийн өнгө төрх байв. Энэ үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон. Сайдын үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хавсран гүйцэтгэж байгаа юм. Сайдыг огцруулах асуудал Ерөнхий сайдыг эзгүйд болсон. Харин Ерөнхий сайдын айлчлал дууссан тул БСШУС-ын сайдыг томилох асуудал яригдах биз ээ. УИХ-ын чуулганыг энэ баасан гарагт завсарлуулна. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж буй УИХ-ын гишүүд намаасаа нэр дэвшигчийг дэмжих аж. Иймээс Ж.Батсуурийн орны хүнийг энэ чуулганаар хэлэлцэж амжих нь уу. Тус яам сайдгүй байгаагийн дээр дэд сайд нь АНУ-д суух Элчин сайдаар томилогдоод явчихсан. Тэгэхээр яамны бодлогыг базах хоёр эрхэмийн суудал хоосон байгаа юм. Тиймээс яаралтай орны хүнийг томилж, ажилд нь оруулж, улсын ажлыг гацаахгүйгээр явуулах шаардлага бий. БСШУС-ын сайд огцрох өдөртэй зэрэгцэн сайд болох сонирхолтой нөхдийн нэр ус эхнээсээ гарч эхэлсэн. Т.Ганди, Н.Учрал, Цогзолмаа, Болормаа гэхчлэн олон нэр хэвлэлээр гарах болсон юм. Сөрөг хүчний зүгээс сайдыг огцруулах үеэр нэг зүйлийг хэлж байсан. Тэд энэ сайдын орны хүнийг “давхар дээл”-гүй байх ёстой гэж сануулсан. МАН өөрөө давхар дээлгүй байх талаар байнга ярьдаг хэрнээ хэрэгжүүлэх тохиолдол байдгийг мөн сануулсан юм. МАН-ынхан тэднийг тавьж буй шаардлагыг хүлээж авахаас өөр аргагүй. Учир нь өөрсдөө давхар дээлийг эсэргүүцэгчид шүү дээ. Тиймээс БСШУС-ын сайдыг парламентын гаднаас мөн салбарыг сайн мэддэг хүнийг томилох ёстой гэдгийг эрх биш мэдэж байгаа биз ээ. Гэхдээ тэд энэ долоо хоногтоо багтаж сайдыг томилж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу ирэх намрын чуулганаар хэлэлцэж томилохоос өөр аргагүйд хүрэх нь.
М.Болор
URL: