Хоол биш шавьжаар үйлчилдэг газрууд олширчээ

Гадуур хооллох аргагүй болжээ. Та, бидний эргэн тойронд үйл ажиллагаа явуулж буй хоолны газруудын олонх нь орлогоо бодохоос иргэдэд эрүүл аюулгүй хоолоор үйлчлэхээ больсон байна.

Энэ бол худал сүржигнэл биш. Дээр өгүүлсэн зүйлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан батлав.

Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар нийт 3078 хоолны газарт шалгалт хийжээ. Шалгалтаар 11500 гаруй зөрчил илэрсэн байна. Зөрчил илэрсэн хоолны газруудын ихэнх нь нийслэлд байгаа юм. Шалгалтад хамрагдсан газруудын 1375 буюу 44.6 хувь нь зориулалтын бус байртай, 31.8 хувь нь хоол үйлдвэрлэлийн ажлын байр, стандартын шаардлага хангаагүй байжээ.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдаагүй, хоол хүнсний гаралтай эрсдэл гарах магадлал өндөр байна гэж байцаагч нар дүгнэв. Дээрх хоолны газруудын 1370 нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахгүй, 958 нь зориулалтын хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй байсан аж. Үүний зэрэгцээ нийт 1932 хоолны газар хоол үйлдвэрлэлийн ажлын байр ариун цэврийн шаардлага хангаагүй, өдөр тутмын цэвэрлэгээг шаардлагын хэмжээнд хийгээгүй, эрүүл ахуйн зохистой дадал хэвшээгүй зөрчил илэрчээ.

Энэ мэт зөрчлүүд өмнөх хяналт, шалгалтаар илэрч байсан төдийгүй зөрчил огтхон ч буураагүй байгаа талаар байцаагч нар ярьж байна. Хоол биш хор эсвэл шавьж зардаг цайны газруудын хэрэгжилтэд өдөр бүр хяналт тавихаас нааш зөрчил нь арилахгүй бололтой.

“Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдгийн адилаар шалгалт ирэхээр зөрчлөө арилгадаг, яваад өгөхөөр нь яг өмнөх шигээ үйл ажилласаар байна. Ариун цэврийн шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ үйлчлүүлэгчийн хоолонд жоом, ялаа, үсний боолт, бөгж, үс холиод өгчихдөг хоолны газрууд нийслэлд олон байна. Тэдэнд иргэдийг хүндэтгэх, иргэдээс уучлалт гуйх соёл гэж алга.

Нэг жишээг дурдъя. Чингэлтэй дүүргийн нутаг “Улаанбаатар хөгжлийн банк”-ны замын хойд талд байрладаг “Заан” нэртэй цайны газрынхан уржигдар банштай шөл захиалсан үйлчлүүлэгчийнхээ хоолыг гурван ширхэг “жоомоор” хачирлан өгчээ. Энэ газарт оюутан, сурагчид олноор үйлчлүүлдэг гэсэн. “Заан” шиг том мантуун бууз, хуушууранд нь “дурласан” оюутан, сурагчид хэтэвчинд байгаа мөнгөндөө тааруулж үйлчлүүлдэг хэрэг. Бүр гурвын гурван жоомыг үйлчлүүлэгчийнхээ хоолонд хийчихээд мэдээгүй байгаа нь сонин. Ийм л хайхрамжгүй, бас хийсэн хэрэгтээ гэмшдэггүй хэдэн нөхөд ажилладаг бололтой.

Үйлчлүүлэгч хоолноос нь жоом гарсан тэр даруйд тогоочоо дуудахыг шаарджээ. Гэтэл үйлчлүүлэгчээс уучлалт гуйх нь битгий хэл өөдөөс нь хэл амаар доромжилж, хэрүүл тэмцэлдээ хүрсэн байна. Энэ бол энгийн жишээ. Үүнтэй адил гаднаа гяланцаг дотроо паланцаг газрууд маш олон. Үйлчлүүлэгчээ хүндэтгэж харьцдаггүй, зоддог газрууд ч байдаг гэж сонсогддог. Хоносон хоолыг халаагаад ичих ч үгүй “Саяхан хийсэн хоол” гэж мэлздэг хоолны газартай миний танилууд таарч байсныг сая саналаа. Иргэдэд амт чанартай хоолоор үйлчлэх биш өөрсдийн орлогын төлөө хөөцөлдөж, үйлчлүүлэгч нарт хоолны үлдэгдэл шавхрууг нийлүүлээд өгдөг газрууд байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Хоолны газрууд оршин суугчдын тав тухыг алдагдуулсаар байна

Мэргэжлийн хяналтын газруудад хоолны газруудын үйл ажиллагаа оршин суугчдын тав тухыг алдагдуулж байгаа талаар гомдол 254 удаа иржээ. Тодруулбал, дуу чимээ их гэсэн 107, байнга хоолны үнэр гардаг гэсэн 163, сантехникийн шугам хоолой бөглөрсөн гэсэн 69, орчны бохирдол, хог хаягдал их гэсэн 133 гомдол байна.

Сүүлийн хоёр жилд оршин суугчдын гомдол болон төлөвлөгөөт шалгалтаар зөрчил бүхий 20 хоолны газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, 70 цайны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан ч нэмэр болоогүй аж.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн урсгал, шат дамжлагыг буруу зохион байгуулж, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн дам бохирдох, хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдүүлсэн зөрчил тасрахгүй байгаа гэнэ.

Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй, лабораторийн шинжилгээнд хамруулаагүй мах, түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн хоолны хэрэгцээнд хэрэглэж байсан тохиолдол 434 удаа давтан гарчээ. Шалгалтад хамрагдсан ажилчдаас 978 хүн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй хоол хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллаж байгаа нь хүнсний дам бохирдол үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа аж.

Нийт хоолны газруудын 667 нь зориулалтын бус ажлын байртай, 637 буюу 62.5 хувьд агааржуулалтын систем шаардлага хангаагүй, 80 гаруй хувьд сантехникийн шугам хоолойд тос баригч тавиагүй байж. Эдгээр нь Монгол Улсын барилгын норм ба дүрэм, ахуйн ба үйлдвэрийн бохир усны системийг дэлгүүр, нийтийн хоол, анхан шатны боловсруулах үйлдвэрт үндсэн шугамаас салангид төлөвлөнө гэж заасан заалтыг тус тус зөрчжээ. Энэ бүхэн нь хоолны газруудад дотоод хяналтын тогтолцоо хэвшээгүйгээс бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангах, технологи ажиллагаатай холбогдох зөрчил өдөр тутам давтагдан гарч байгаа аж.

Мөн ажлын байрыг өргөтгөх зэрэг зөрчлийг таслан зогсоох талаар аж ахуйн нэгжийн удирдлага, иргэд хөрөнгө зарцуулахгүй байгаагаас бүрэн таслан зогсоогдохгүй байгаа гэнэ.

Зориулалтын бус байранд үйл ажиллагаа эрхлэх, түүхий эд бэлэн бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, ангилан цэвэрлэх байргүй, халуун боловсруулалт, бэлтгэл ажиллагааны хэсэг цуг байрласан, талбайн хэмжээ бага, агааржуулалтын систем шаардлага хангаагүй, төвлөрсөн болон хэсгийн ус хангамжид холбогдоогүй, зөөврийн ус хангамжтайгаас ундны ус бохирдох нөхцөл бүрдсэн зэрэг зөрчил дутагдал орон сууцны давхар, нийтийн эзэмшлийн талбайд байрлах хоолны газруудад нийтлэг байжээ.

Энэ нь нийслэлийн Захирагчийн ажлын албанаас орон сууцны давхарыг зориулалт өөрчлөн хоолны газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1990 оноос хотын Ерөнхий менежерийн тушаалаар олгож эхэлсэн, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах цайны газруудаас дүүрэг, газрын албад газар эзэмших гэрээ, хог хаягдлын гэрээ байгуулан төлбөр авч байгааг “Төрөөс зөвшөөрлөө аваад ажиллаж байна” гэсэн тайлбар тавьж МХГ-ын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох акт, тавьсан шаардлагыг хэрэгжүүлдэггүйтэй ч холбоотой гэж тайлбарлав.

О.Эрдэнэбүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих