ХӨВСГӨЛИЙН 3068 ХҮНИЙ ХАЛАМЖИЙН НЭМЭГДЭЛ ХААЧИВ

olloo_mn_1496632622_olloo_mn_1423536217_hlamjМонгол Улсад халамжийн үйлчилгээ авдаг олон мянган иргэн бий. Хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, асрагчаа алдсан, эмзэг бүлгийн гээд дотроо олон төрөл. Тэдний олонхид нь төрөөс олгож буй тусламж, үйлчилгээ амьдралынх нь гол эх үүсвэр гэдэгтэй маргаж болохгүй. Гэтэл эдгээр эмзэг бүлгийн иргэд  төрөөс олгож буй халамжийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүй зөрчил зарим аймагт байдаг юм байна. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Хөвсгөл аймгийн салбар төвийнхөн “Зууны мэдээ” сонинд хандлаа. Тэд өмнөх Засгийн газрын үед Хөвсгөл аймгийн эмзэг бүлгийн иргэд халамжийн үйлчилгээг дутуу авдаг, халамж хүртэх ёсгүй иргэд хүртдэг зэрэг олон зөрчлийг холбогдох хяналтын байгууллагууд илрүүлсэн баримтыг үндэслэл болгосон байв.

ХАЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН 53 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ

Засгийн газрын 2015 оны 53 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2015 оны хоёрдугаар сарын 1- нээс эхлэн сард 126500 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 58000 төгрөгөөр тогтоосныг тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгаж байлаа. Нэг  ёсондоо халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлсэн билээ. Тэгвэл Засгийн газрын 53 дугаар тогтоол хугацаандаа хэрэгжээгүй болохыг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2016 оны зургадугаар сард хийсэн шалгалтын үеэр илрүүлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийнхэн Засгийн газрын тогтоол батлагдсанаас хойш 3068 иргэнд олгогдох ёстойнэмэгдэл 27033050 төгрөгийг нэг жил буюу таван сарын хугацаагаар олгоогүй ажээ. Зөвхөн аудитын дүгнэлтээр ч бус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ийм зөрчлийг илрүүлсэн гэж байна. Мөрөн суманд гэхэд нэг жил найман сарын хугацаагаар халамжийн тэтгэвэр 89 хүний 1023500 төгрөг, халамжийн тэтгэмж 133 хүний 686400 төгрөгийн нэмэгдлийг олгоогүй болохыг тогтоожээ. Хүртэх ёстой эзэд нь энэхүү мөнгөө авсан уу, авч чадаагүй бол хэний халаасанд оров?

НАС БАРСАН ИРГЭДИЙН НЭРЭЭР МӨНГӨ АВДАГ УУ?

Түүнчлэн эмзэг бүлгийн иргэд бэлэн мөнгөний халамжаас гадна хөнгөлөлттэй, үнэ төлбөргүй авдаг эд зүйл, ахуйн хэрэглээ ч байдаг. Тус аймагт 2015-2016 оны хооронд 19 сумын 1141 иргэн харааны шил, контакт линз хийлгэжээ. Энэ үйлчилгээг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Д.Дуламжав “Сэрмэг” гэх компанитай гэрээ байгуулж, эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар дээрх 1141 иргэн үйлчилгээ авсан талаарх баримтжуулсан гарын үсэгзураагүй, зөвхөн “Сэрмэг” компанийн захирал Н.Нямдоржийн гарын үсэгтэйгээр сумдын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрсийн жагсаалт, нэхэмжлэлээр санхүүжилтийг шилжүүлжээ. Гэтэл эдгээрээс 27 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд харааны шил болон линзийг аваагүй, Галт сумын 14 иргэнд линз хийгээгүй, зөвхөн харааны шил хийсэн, зарим хүний хараанд таарахгүй шил олгосон, бүрэн хараагүй хүнд ч шил олгосон зэрэг нь тогтоогдсон байна. Гэтэл харааны шил, линзний төлбөр тооцоог тэдэнд хүргэсэн болгож компани санхүүжилтээ авчихсан байгааг юу гэж ойлгох вэ.

Үүнээс гадна жирэмсэн болон хөхүүл нярай хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж, түлшний хөнгөлөлт, асаргааны тэтгэмжүүд байгаа онохгүйгээр олгогдсон зөрчлийг ч мэргэжлийн байгууллагаас тогтоожээ. Тухайлбал, жилд нэг удаа олгогдох хуультай түлшний хөнгөлөлтийг хоёр удаа авсан иргэдийн тоо ч тус аймагт олноор гарчээ. Түлшний хөнгөлөлтөөс гадна орон сууцны хөнгөлөлтийг ч давхардуулж олгосон зөрчлийг хяналтын байгууллага нэрлэсэн байна. Ялангуяа асаргааны тэтгэмжийг хууль бусаар авдаг хүн олон байгаа бөгөөд энэ төрлийн зөрчлийг сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн дарга ч өөрөө гаргажээ. Халамжийн тэтгэвэр тогтоолын сунгалт хийгдээгүй, сар бүр олгохгүйгээс нөхөн олгосон нь тухайн сард хоёр удаа олгогдсоноор бичигддэг. Нас барсан иргэдийн нэрээр мөнгө идсэн зөрчил халамжийнхны дундгарч цагдаа, шүүхдээ тулсан тохиолдол бий. Тэгвэл Хөвсгөл аймагт ч ийм тохиолдол байдаг бололтой. Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын явцад нас барсан иргэдийн гэрчилгээг архивт шилжүүлдэггүй то хиолдол олон гарчээ. Халамжийн ажилтнууд нас барсан иргэдийн нэрсийг архиваас хасахгүйгээр халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь үргэлжлүүлэн авсан тохиолдол байгааг дээр дурдсан. Хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тодорхойлолтгүйгээр 64 хүнд тэтгэмж олгосон нь бас л эргэлзээтэй болохыг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Хөвсгөл аймгийн салбар төвийн тэргүүн С.Отгонцагаан онцолж байлаа.

С.Отгонцагаан: ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭД МАШ ОЛНООР ХОХИРЧ БАЙНА

Төрөөс олгож байгаа халамжийн мөнгө, түүнийг орлуулсан бүтээгдэхүүнийг эздэд нь хүргээгүй, хугацаа хожимдуулсан зөрчил өнгөрсөн Засгийн үед буюу 2012-2016 онд гаарсан болохыг ч тэрээр хэлж байна. Зөвхөн энэ төрлийн зөрчлөөр зогсохгүй Нийгмийн халамж үйлчилгээний албаны зөрчил гаргасан хүмүүс хариуцлага хүлээдэггүй, төрийн албыг садан төрлийн холбоотой хүмүүсээр өргөжүүлсэн тухай ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл онцлон дурдаж байсан юм. Үүний гороор ашиг сонирхлын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжээр ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан болохыг ч ярьж байв. Тэд энэ төрлийн зөрчлийг илрүүлж, холбогдох хүмүүст шаардлага тавихад хүлээж авдаггүй гэж байна. Энэ тухай тус төрийн бус байгууллагын тэргүүн С.Отгонцагаан “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сумдын Амьжиргааг дэмжих зөвлөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханга, зөвлөлийн гишүүдийг сургахыг заасан байдаг. Гэтэл энэхүү үйл ажиллагааг сумдад алдагдсанаар учраа олохгүй яваа эмзэг бүлгийн иргэдийг хүртэх ёстой халамж үйлчилгээнээс хасдаг, олон дахин явуулж хохироодог, доромжилдог явдал 2012-2016 онд гаарсан. Энэ дутагдлаа албаныхан компьютерийн программ руу чихдэг. Ер нь Мөрөн сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг эргэн харж чадавхжуулах шаардлагатай. Энэ мэтчилэн маш олон зөрчил Хөвсгөл аймгийн нийгмийн халамж үйлчилгээний салбарт байна. Үүнээс болж эмзэг бүлгийг иргэд маш олноор хохирч байгаа нь харамсалтай. Үүнийг салбарын сайд Н.Номтойбаяр анхааралдаа авч шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих