Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн ард улстөр, санхүүгийн ямар дэмжлэг байгаа вэ
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй гурван эрхмийг хэн санхүүжүүлж, дэмжиж байна вэ гэдэг асуулт сүүлийн үед олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй. Тэгвэл иргэдэд үнэн зөв мэдээллийг хүргэх үүднээс баттай эх сурвалжуудаас авсан мэдээлэл, өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явцуудад тулгуурлан нэр дэвшигч Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар нарын ард санхүүгийн ямар бүлэглэл дэмжлэг болон зогсож байгаа тухай мэдээллийг хүргэж байна.
2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга
Тэрбээр саяхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах үеэрээ, “Тэдэнд эрх мэдэл мөнгө байгаа ч надад ард түмний дэмжлэг байгаа” хэмээн мэдэгдсэн. Үнэхээр түүний хэлсэн шиг Х.Баттулгыг эгэл олон түмэн дэмжиж байна уу, эсэргээрээ аль нэгэн санхүүгийн бүлэглэл, нэр нөлөө бүхий улстөрч дэмжиж байна уу гэдэг бол иргэдийн мэдэх ёстой асуултын хариулт гарцаагүй мөн.
Тэгвэл Х.Баттулгыг чухам хэн дэмжиж байна вэ. Ард түмний дэмжлэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ асуудлыг ултай судлаад үзвэл Х.Баттулгыг ард түмэн биш арай өөр хүчин зүйл энэ удаад дэмжсэн болох нь тодорхой харагдана.
Төмөр зам барих нэрийдлээр овоолсон шороо босгож олон зуун сая ам.доллларын хохирол улсад учруулсан хэмээн түүнийг эрүүгийн 201501000154 тоот дугаартай хавтаст хэрэгт сэжигтнээр татан шалгаж байсан цаг саяхан. Гэвч эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгадаж байсан Х.Баттулга өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд, ташуур атган таахалзаж явна. Үүнийг цахим орчинд иргэд, олон нийт “Солонгост Ерөнхийлөгч нь сэжигтнээр татагдан шалгагдаж байхад, Монголд эсэргээрээ сэжигтэн этгээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна” хэмээн хошигнон бичиж байгаа нь гашуун үнэн.
Энэ бүхнээс улбаалаад Ерөнхийлөгчид нэр дэвших нь бүү хэл юу, юугүй “Ганц худаг”-руу ачигдахад бэлэн болоод байсан Х.Баттулгын “төмөр зам”-тай холбоотой хэрэг хэн гэгч эрх мэдэлтний төмөр шүүгээнд цоожлогдов гэдэг нь сонирхол татаж байгаа юм. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “АН-ынхан Eрөнхийлөгчид өөрсдийгөө нэр дэвшүүлж байгааг харахаар шоронгоос зугатаагчдын уралдаан болж байгаа юм шиг санагдаад байна” хэмээсэн нь Х.Баттулгад зориулж хэлсэн үг гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Тэгвэл учир мэдэх хүмүүс Х.Баттулгын төмөр замтай холбогдох хэргийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аргалсан, уг хэргийг авдартаа цоожлоод түлхүүрийг нь гартаа эргэлдүүлж суугаа хэмээн ярьцгааж байна. “Рио Тинто” компанийн эрх ашгийг илтэд хамгаалж ирсэн, тэднээс санхүүжилт авдаг гэх хардлага, сэрдлэгэд үргэлж өртөж ирсэн Ц.Элбэгдоржид Х.Баттулгын хэргийг аргалах, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж өөрийнхөө орыг залгамжлуулах ашиг сонирхол байсан бололтой.
Х.Баттулга нь Ц.Элбэгдоржийн хэлснээр түүний “амин найз”. Энэ тухайгаа Ц.Элбэгдорж, “Х.Баттулга бол миний амин найз. Найз нөхдийн хоорондын харилцааг хэн ч өөрчилж чадахгүй, цаг хугацаа ч өөрчилж чадахгүй” /2014 оны 10 сарын 30-ны өдөр сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагаас/ хэмээн бардамнан ярьсан нь учиртай. Ингэж ярих болсон шалтгааныг нь Х.Баттулга Ц.Элбэгдорж дээр “Тавантолгойг найздаа өгчих” хэмээн ярьж орсон ганцхан жишээгээр баталж болно. Энэ бол үнэхээр л амин найзуудын дунд өрнөх яриа.
Үүнээс үзэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ц.Элбэгдоржоор гүүр хийсэн “Рио Тинто” компани Х.Баттулгын ард дэмжлэг болон зогсож байгаа болох нь ойлгогдоно.
“Хулгайчийг бариараа хэмээн хамгийн түрүүнд хулгайч өөрөө хашгирдаг” гэдэг шиг өнөөдөр Х.Баттулга бусад өрсөлдөгчөө “Рио Тинто”-гоос санхүүжилт авсан гэх зохиол бичиж найруулаад зурагтаар цацаж байгаа нь ийн хардах үндэслэл болж байгаа юм. Үнэхээр Х.Баттулга Ц.Элбэгдоржтой холбоогүй, мөн “Рио Тинто”-гоос санхүүжилт аваагүй л юм бол юунд ингэж бүхнээс түрүүлж тархи угаах оролдлого хийж улайрав гэдэг нь сонирхолтой.
2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэгтээ бүрэн итгэчихсэн, итгэлийн бамбараа Монголын нэр нөлөө бүхий тамирчид, урлаг соёлын одуудаар бариулчихаад алхаж яваа нэр дэвшигч бол МАН-ын дарга М.Энхболд. Түүнийг мөн л өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Элчин сайд С.Баяр нар дэмжиж байгаа аж. Ц.Элбэгдоржийн тухайд М.Энхболд , Х.Баттулга нар дээр 50:50 хувийн харьцаатайгаар улстөрийн мөрий, бооцоогоо тавьсан гэнэ. Энэ хоёрын аль нь ч гарсан С.Баяр, Ц.Элбэгдорж нарт ашигтай хувилбар.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж М.Энхболдыг дэмжиж байгааг нотлох хамгийн энгийн баримт гэвэл өөрийн пи-ар зөвлөхүүдээ М.Энхболд руу илгээж сонгуулийнх нь ажилд хүчин зүтгүүлж байгаа явдал юм. Үүнийг Судлаач Д.Ганхуяг, “Ц.Элбэгдоржийн пиарын итгэлт баг, тухайлбал “Гаабий” хэмээх А.Ганбаатар, “Бууяа” хэмээх М.Буянбадрах, зөвлөх Д.Болдхуяг, “News.mn”-ийн А.Амундра нар МАН-н мэдэлд бүрэн шилжиж, М.Энхболдын пиарыг хийж эхлэв. Ингээд Ц.Элбэгдоржийн хойт дүрээр хэн тодрох вэ” хэмээн илчлэн бичсэн юм. Ц.Элбэгдоржийг ийнхүү олны нүдэн нүдэн дээр ичих, эмээх гэдгийг умартаад итгэлт зөвлөхүүдээ М.Энхболд руу илгээхэд хүргэсэн гол хүчин зүйл нь түүний эртний хамтрагч С.Баяр гэдгийг улс төрийн халуун “цэг”-т өдөр бүр үзэг цаас бариад зогсдог хэнбугай ч мэдэж байгаа.
Энэ бүхнээс хамгийн сонирхолтой нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, нийтлэл хүртэл тэрлэж суусан Баабар өөрийн багийн хамтаар М.Энхболдод хүчин зүтгэж байгаа явдал юм.
Баабар бол “Рио Тинто” компанид “Оюутолгой”-г ямар ч хамаагүй аргаар өгч ашиглуулах ёстой, С.Баяр бол эх оронч улстөрч хэмээн бичиж өнгөрсөн хугацаанд хамгийн ихээр тархи угааж байсан хүмүүсийн нэг. Монголын нэр нөлөө бүхий сэхээтэн гэгддэг тэрбээр “Оюутолгой”-гоос монголчууд 2037 он хүртэл ашиг хүртэхгүй гэдэг нь олон түмэнд ил болчихоод байхад ч “Рио Тинто”-г хайрласан гүн их итгэл үнэмшлээсээ буцсангүй. Улам бүр хайртай болсоор л…
Хэрэв М.Энхболд дараагийн Ерөнхийлөгчөөр тодорвол “Рио Тинто” компани монголд үйл ажиллагаагаа явуулахад өчүүхэн төдий ч саад учрахгүйгээр үл барам М.Энхболд нь Ц.Элбэгдорж, С.Баяр нарын бий болгосон улс төр санхүүгийн МАНАН бүлэглэлийн дараагийн толгойлогчоор тодрох тухай учир мэдэх хүмүүс ярьж байгааг тоохгүй өнгөрч боломгүй мэт. Товчхондоо, М.Энхболдын ард Лодонд суугаа Элчин сайд С.Баяр болоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын МАНАН бүлэглэлийн дэмжлэг байгаа аж.
2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар
Сүүлийн өдрүүдэд “МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар “Рио Тинто” компаниас 10 тэрбум төгрөгийн мөнгөн дэмжлэг авсан, үүнийг нь Элчин сайд С.Баяр зуучилсан” гэх гүтгэлэгийн чанартай мэдээллээр олон нийтийн санаа бодлыг эргүүлэх оролдлого гарсаар байна. Мэдээж энэ мэт хар “пи-ар”-ыг тархи угаалт хийхдээ гаргууд Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Баяр нарын хөлсний бичээчид хийж байгаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал юм.
МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд үндэстэн дамнасан “Рио Тинто” компанитай холбоотой байх ямар ч үндэслэл байхгүй. Учир нь “Оюутолгой” ордыг монголын талд ашигтайгаар явуулах ёстой гэсэн зарчмын байр суурьнаасаа болж тэрбээр “С.Баяр-Ц.Элбэгдорж” нарын эвсэлд шахагдан 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд унаж байв. Үүнийгээ ч тэр илчлэн ярьсан нь бий. Хэрвээ тухайн үед буюу 2009 онд Н.Энхбаяр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол “Оюутолгой”-н луйврын гэрээ зурагдах боломжгүй байсан тухай яриа улстөрийн тогоон дотор өдгөө ч хөрөөгүй, халуун хэвээрээ байгаа нь бас нэгэн нотолгоо.
Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын автортой “Оюутолгой”-н гэрээг Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавихгүйгээр хүлээн зөвшөөрөх хүн нь Ц.Элбэгдорж байсан талаар Н.Энхбаяр нэгэнтэй ярьсан. Үүний нотолгоо нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан “Оюутолгойн луйвар”-ын гэрээ зурагдсан явдал гэдгийг бүгд мэднэ. Хожмоо Ц.Элбэгдорж “Оюутолгой”-н гэрээ монголын талд алдагдалтай болсон гэдгийг хүлээн зөвшөөрч “Оюутолгой гэдэг охиноо буруу хүнд бүрэн алдсан” хэмээн хусмандаа цадаагүй хүүхэд шиг урвуу царайлж, матрын нулимс унагасан удаатай.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарын тухайд ч Н.Энхбаярын нэгэн адил байр суурьтай байсан гэдгийг монголын ард түмэн мартах учиргүй. Юу гэвэл, 2008 оноос “Оюутолгой”-н гэрээ эрчимтэйгээр яригдаж байх үеэс л тэрбээр луйврын гэрээ хийгдэх гээд байна шүү хэмээн сэрэмжлүүлээд Рио Тинтогийн хөлсний бичээч Баабар нарт шоолуулж байсан нь гашуун үнэн юм.
Мөн С.Ганбаатар хожмоо С.Баярцогттой “Оюутолгой”-н асуудлаар мэтгэлцэж, Рио Тинтогийн эрх ашигт үйлчлэхгүй хэмээн огцорсон Н.Алтанхуягийн байр суурийг дэмжиж, Ч.Сайханбилэгийн байгуулсан Дубайн гэрээ гэгчийг илчилснийхээ төлөө МАНАН бүлэглэлийн хорхойтой араанд зуугдсан байдаг. Зуугдах зуугдахдаа боловсролгүй, дипломгүйгээрээ дуудуулж, Босоо Гамбаа хэвтээд өглөө хэмээн тавлуулж байхав. Өдгөө С.Баярцогттой хийсэн мэтгэлцээний бичлэг цахим ертөнцөөр тархах үед ард түмэн С.Ганбаатар юуны төлөө тэмцээд байсныг дөнгөж нэг юм сэхээрч хожимдсон ухаарлаа зарлаж сууцгаана.
Энэ бүхнээс харахад С.Ганбаатарын ард “Рио Тинто” компани байх ямар ч үндэслэл харагдахгүй байгаа юм. Харин ч “Оюутолгойн луйвар”-ын гэрээг эсэргүүцэж, энэхүү уул уурхайн асар их баялагийг монголын ард түмэнд ашигтай хувилбараар хэрэгжүүлж, явуулах ёстой хатуу байр суурьтай байсан түүний хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярын хүчтэй дэмжлэгээс өөр юу ч алга.
Х.Онон
ZUV.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монгол төрийн босго өндөр. Гэтэл энэ босгыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгөнөөс завшсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаж байсан хүн давахаар нэр дэвшчихсэн явж байна. Энэ хүн бол Женко Баттулга юм.
БИ ИРГЭН ХҮНИЙХЭЭ ХУВЬД ГАНБААТАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА