МАН, АН С.Ганбаатарт суудал амлан шалаанд хийж байна
Улстөрчдийн захиалгын гэмээр жагсаал цуглаан хийж, энд тэнд лекц уншиж, нийгэмд ил гарч ирсэн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Ганбаатар ирэх сонгуульд эртнээс нэрээ дэвшүүлэх төлөвлөгөөтэй байсан ч Сонгуулийн хууль түүний нэр дэвших замд багагүй шавар хааж байна гэхийг эх сурвалж дуулгав. Учир нь тэрбээр ИЗНН-ын дарга Д.Энхбат гишүүнтэй нэгдэн УИХ-д орж ирэх төлөвлөгөөтэй байсан ч эрх баригч намууд Сонгуулийнхаа хуулийг 48:28-ын харьцаагаар мажоритар давамгайлсан холимог тогтолцоогоор явуулахаар тохирч, босгоо өндөр тогтоохоор улайрч байгаа нь түүнийг Д.Энхбаттай нийлэхэд саад хийв. Бие даагаад ч найдвар тун муу байгаа учраас өнөөх шударга үнэний дуу хоолой болж нийгэмд үнэлэгдсэн С.Ганбаатар маань эрх баригч намуудын саналыг хүлээж авах эс бол Үйлдвэрчнийхээ даргаар үүрд үлдэх хоёр замын салаа дээр гайхширан зогсч байна гэх. Учир нь МАН, АН хоёулаа Үйлдвэрчний даргыг намынхаа нэр дээрээс нэрээ дэвшүүлэх саналыг ирүүлсэн аж. Уг нь тэдний хийж байгаа үйлдлүүдтэй өдөр шөнөгүй тэмцэж байдаг Үйлдвэрчний дарга маань ийнхүү эрх баригч намуудын занганад орохоос өөр аргагүй байдалд ороод байгааг эх сурвалж дуулгав. Хамгийн гол нь өнгөрөгч нэгдүгээр сард МАН-ынхан нэр төртэй намдаа элсүүлээд ирэх сонгуульд өөрийнхөө нэр дээрээс босгож, нэг суудлаа шууд өгөх саналыг тавьжээ. Энэ нь мэдээж энд тэнд цор цор гээд явдаг түүний амыг хаах гэсэн хэрэг байх л даа. Гэтэл үүний дараахан Ардчилсан намынхан ч намдаа элсээд ирэх сонгуульд нэг суудал ав гэж шууд тулгасан ч тэрбээр нэгэнтээ Д.Энхбат гишүүнтэй тохироо хийчихсэн учраас хоёр саналын аль алиныг нь хүлээж аваагүй гэнэ. Мэдээж Д.Энхбат нарын хүчтэй гуравдагч хүчин босгох гэсэн итгэлийн гал ид дүрэлзэж байв даа. Одоо бол С.Ганбаатарт хоёрхон зам үлдсэн. Тэр ард түмэндээ үнэнч үлдэх. Эс бөгөөс эрх баригч намуудын саналыг хүлээж аваад тэднийгээ даган цэнгэх хоёр зам л үлдсэн аж. Энэ нь наанаа С.Ганбаатарыг эрх баригчид ээлж дараалан санал тавиад байгаа боловч цаанаа томоохон учир шалтгаан байгаа нь дамжиггүй. Учир нь Үйлдвэрчний байгууллага бол яах аргагүй нийгмийн дуу хоолой болж байдаг байгуулага, тийм ч учраас энэ байгууллагыг энд тэнд жагсаал цуглаан хийж, лекц уншиж явдаг олны танил болчихсон нөхөр толгойлоод байх нь улстөрчдийн ажилд ихээхэн саадтай зүйл. Тэгэхээр Үйлдвэрчний даргыг гал тогоондоо аваад ирвэл амар жимэр болох байх гэж бодсон хэрэг. Мэдээж гал тогоондоо авчраад өөрсдийнхөө идэж уудгаасаа өчүүхэн хэсгийг үнэрлүүлчихэд халаас нимгэн С.Ганбаатар цаашаа гэхгүй байлгүй дээ. Хашрууд энэ мэтийг тооцоолсон учраас С.Ганбаатарт санал тавьсан хэрэг. Түүнээс биш тэдэнд түүн шиг хэрэггүй хүн байхгүй л дээ. Одоогийн байдлаар мань 76-д хувааж авч чадаагүй томоос том бялуу бол Тавантолгой шүү дээ. Түүнийг хуваахад шавар хаах хамгийн том хаалт бол С.Ганбаатарыг гэж тооцоолсон байх л даа.
Б.Ням
URL: