Уурхайчид Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгнө

Одоогоос 16 жилийн өмнө буюу 1995 оны нэгдүгээр сарын 15-ны 111 тогтоолоор ТЭХГУҮЯ-ны сайд Д.Жигжид Налайхын их уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоожээ.

Үүний балгаар 20 мянга орчим хүн хоолгүй болж, ажилгүйчүүдийн эгнээг тэлж, ядуучуудын давхарга руу шидэгджээ. Улмаар 1995 оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комисс Налайхын уурхайг хувьчлах гэсэн боловч хувьчлалгүйгээр “Их тэнгис” ХХК-д худалдсан байдаг. Буруу аргаар уурхайг гартаа атгуулсан Эрдэнэбилэг захирал татвараас зугтаж, хил гарч сураггүй болсон аж. Түүнийг Унгарт орогнож байгаа талаар мэдээлэл цацагдсан ч өдгөө ямар ч сураггүй болжээ.

Хаах ёсгүй Налайхын нүүрсний их уурхайг нь хааж, 16 жилийн турш налайхчуудыг ажилгүй, амьдралгүй болгож 160 орчим хүний амийг уурхайд золиосолсон энэ явдлын гол буруутан нь Засгийн газар хэмээн уурхайчид үзэж байна. Иймдээ ч тэд Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгөхөөр бэлтгэж эхэлжээ.

Учир нь 1995-2011 оны хооронд 20 мянган хүн ажилгүй, амьдралгүй болсон бол 160 гаруй хүн уурхайн ослоор нас барж, 180 хүн тахир дутуу болжээ. Иймээс тэд Засгийн газрыг ирэх оны хоёрдугаар сарын 10-наас өмнө дээрх үйл явдлын золиос болсон, өдгөө амьд байгаа 800 гэрчид тус бүр нь нэг сая төгрөг өгөхийг шаардаж буй аж. Мөн нас барсан болон тахир дутуу болсон уурхайчдад ч нөхөн төлбөр шаардаж буйгаа дуулгасан. Өөрөөр хэлбэл, Налайхын уурхайчид өнгөрсөн 16 жилийн хохирлоо төр, засгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь энэ аж.

Өнгөрсөн сард МАН-ын “Ард түмнээ сонсох” аян Налайхад болж Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар оролцжээ. Иргэдтэй уулзах үеэр уурхайн асуудал хөндөгдөж, ширүүхэн маргаан дэгджээ.

Тодруулбал, 16 жилийн турш хөсөр хаягдсан уурхайчид цээжиндээ бугшсан бухимдлаа энэ үеэр дүүргийнхээ гишүүд болон намын удирдлагуудад гаргах нь тэр. Харин халтар уурхайчдын үгийг цэмцгэр дарга нар хүлээн авахаас татгалзаж, эцэстээ цагдаа сэргийлэх дуудаж, асуудлыг шийдвэрлэсэн байна. Тэр ч бүү хэл, ард түмнээ сонсохоор явж буй дарга нар уурхайчдын үгийг сонсч, өргөн бичиг барьсныг нь үл тоомсорлож, авахаас татгалзжээ. Улмаар уурхайчдыг хурлын танхимаас хөөн гаргаж, асуудал гаргавал гавлах болзолтойгоор гэр рүү нь явуулжээ.

Ямартай л аяны дараагаар уурхайчид У.Хүрэлсүхийг А.Гитлерийн хойд төрөл хэмээн өргөмжилж байх вэ дээ. Учир нь бусдын үгийг тас дайраад л “Би бол том намын агуу дарга” гэх өнгө аяс нь тун ч адилхан гэнэ.

Үнэндээ ч, ярихаас өөр ид шидгүй, сайн сайхан мөрөөдөлдөө умбаж, зүүдэндээ амьдардаг дарга нар уурхайчдын чухам яаж амьдардаг, газрын гүний бэхэлгээ, хий, тоосны аюул, ослоор монгол хүний амь нас хэрхэн үнэгүйдэж буйг даана ч мэдэхгүй. Мэдсэн ч тоохгүй. Өнөөдрийн байдлаар Налайхаас амьдрал хэрхэн мөхөж буй дүр зургийг харах боломжтой. Уурхайд өдөр бүр хүн эндэх нь тэнд энгийн байх л зүйл. Хэн ч цочирдохгүй. Тэр ч бүү хэл, хүн алчихаад хуучин уурхайн нүх рүү шидчихдэг талаар нутгийн иргэд ярьдаг. Гэсэн ч нүх хэтэрхий гүн тул тэндээс цогцос гаргаж ирнэ гэдэг бүтэшгүй.

Бас нэг хачирхалтай зүйл, Налайхын уурхай үүссэн түүх. Энэ талаар өнөөгийн эрх баригчид ч төдийлөн мэддэггүй талаар уурхайчид халагладаг. Налайхын уурхайгаас 100 жилийн өмнө Хятадууд нүүрс гаргаж, 1920 онд асар том уурхайг байгуулсан гэдэг. Улмаар 1921 онд ардын хувьс-галчид хятадуудыг зодож, занчсаар 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд энэхүү Хятадын уурхайг Монголын анхны улсын үйлдвэр хэмээн бүртгэн авчээ.

Энэхүү ёслолд их жанжин Д.Сүхбаатар өөрийн биеэр оролцож байсан нь тухайн үеийн хэвлэлийн хуудаснаа мөнхөрчээ. Жилийн дараа нь буюу 1923 онд уурхайг буулгаж 1953 онд Ю.Цэдэнбал, Ж.Самбуу дарга нар Налайхад ирж шинэ уурхайн шавийг тавьсан байна. Тэрхүү шинэ уурхайг 1958 онд оросууд барьж, ашиглалтад оруулсан талаар түүхийн хуудаснаа үлджээ. Улмаар ардчилал гарч, 1995 оны нэгдүгээр сарын 15-нд Налайхын их уурхайг хааж балгас болгох нь тэр.

Үнэндээ Налайх гэдэг нь ч “аваад ир” гэсэн хятад үг болдог талаар судлаачид ном, зохиолдоо онцолжээ. Тэгвэл ирэх онд уурхайн 90 жилийн ой болох талаар НИТХ-ын дарга Т.Билэгтийн тогтоол буй. Тус дүүргээс гаралтай энэхүү эрхмийг уурхайн түүхээ мэддэггүй, эсвэл уурхайчдыг басамжилж буй нь энэ хэмээн “Ард түмнээ сонсох” аяны үеэр хэлэгдэж байсан. Тэр ч бүү хэл, 1945 оноос өмнөх үед дотор хорин буюу энд зөвхөн Хятад хороолол байсан тухай ч яриа бий.

Өнгөрсөн онд уурхайчид уурхайгаа өөрсдөө бүр ч тонож дуусгасан. Үлдсэн нурангид нь хятадууд ирж, уурхай нээж, нүүрс гаргасаар буй. Налайх дүүрэгт Хятад эзэнтэй, лицензтэй, лицензгүй олон нүүрсний уурхай, төмрийн үйлдвэрүүд бий. Ажлын байр хомс байдгаас налайхчууд хятадуудын удирдлаган дор өдрийн 2000-4000 төгрөгийн цалинтай ажилладаг. Тэдэнд хоолны мөнгө гэж өдөрт 500 төгрөг өгдөг гэнэ. Гэхдээ уурхайн ажилчдад 500 төгрөгөөрөө хооллох боломж ч гардаггүй.

Учир нь тэд бүтэн найман цаг 250 метрийн гүнд ажилладаг. Дайрснаар нь хувиараа нүүрс ухагчдыг буруутгаж болох боловч үнэндээ тэднийг турхирснаар амны эзэд болж таардаг. Ийм амны эзэн хорь гаруй байдаг аж.

Булган шуба, нэхий өмссөн тэд “Ланд круйзер” жийпний хамгийн сүүлийн загварыг унаж, ам амныхаа нүхэн дээр “ажилчдаа” сахин, цагийн дотор нэг машин нүүрснээс 100 гаруй мянган төгрөг олдог гэнэ. Ийм хүмүүсийн дотор Налайхын засаг захиргааны дарга нар, тэр ч байтугай УИХ-ын гишүүний бие төлөөлөгч хүртэл байдаг аж. Мэдээж тэд шууд эзнээр биш, хамаатан саднуудаа ажиллуулдаг.

Өдрийнхөө хоолыг олохын тулд амь насаараа дэнчин тавих тэд үр удмаараа уурхайн гүнд ажилладаг. Өчигдөр ах нь уурхайн ослоор амиа алдсан ч өлсөхийн зовлонгоор дүү нь өнөөх уурхайн гүн рүү орж байх жишээтэй. Налайхчуудын амьдрал ийн үргэлжилсээр байна…

Л.Нинжсэмжид


URL:

Сэтгэгдэл бичих