ЖИРГЭЭ: Орчин үеийн Монгол кинонуудын хэд хэдэн нийтлэг алдаа

18f975_2868485029754ea4963f096830625f93-mv2

Жүжигчдийг шүүмжлээдэхсэн чинь бага зодуулав. Урамшаад киночдыг хэл амаар “шагначия”. Орчин үеийн Монгол кинонуудын хэд хэдэн нийтлэг алдаа бий. Өөрийн ажигласан хэдийг дурьдсугай.

1. Киногоо урлаг талаас нь хэт бодоод дэндүү их драмын элемент оруулдаг. За тэр тайзан дээр байгаа юм шиг монолог уншдаг нь бол бүр аймаар.

2. Дээрхээс эсрэгээрээ амьдралд ойртуулж байгаа нь энэ гээд бүр ямар ч сонирхолгүй, хачин элементарный болгочихно. Уг нь жаахан сэтгэвэл энгийн зүйлийг ч эгэлгүй болгож болно шүү дээ.

3. Хөгжмийн сонголт маш муу. Үнэхээр утгагүй. Кино нь уртаашаа өргөөшөө ганц дуутай. Уг нь зөвхөн тэр дууг оруулах албагүй. Үйл явдалтайгаа холбоод янз бүрийн ая, хөгжим, чимээ оруулж болно.

4. Эвлүүлэг хог. Ёстой яагаад байгаа нь мэдэгдэхгүй бантан болгож хаяна. Үзэгдэл хоорондын шилжилт аймаар болхи. Бас шал хэрэггүй дүрсийг тэнэг удаан харуулдаг мөртлөө яг хэрэгтэй байж таармаар хэсгийг гүйлгээд хаячна. Дараа нь яаж ч хичээгээд киноныхоо утгыг ойлгодоггүй.

5. Жүжигчний сонголт ёстой элэг авна. Найруулагчийн эхнэр бүх гол дүрд тоглоно. 40, 50 гарчаад 18 настай охины дүрд тоглох ч бас арай л юм. Мөнгө хийж байгааг чинь ойлгож байна л даа. Гэхдээ ингэж мөнгө хийхгүй ээ хамууд аа. Бас Эрдэнэбулган найруулагч бөөн бужигнаан болж болж “Үхэж үл болно”-ыг хийтэл….. 20-иодхон настай Тэмүүжин Жамуха 2-н дүрд 50, 60 гарсан гавьяатууд үрчилзэж байдым даа. Бага насны хэдхэн минутад нь өөр оруулга хийчихгүй дээ гэж үнэхээр харамссан.

6. Бараг бүх кинонд гошин шогийн дурак элемент оруулна. Инээдмийн кино хийгээгүй л бол больчээч. Инээдмээ ч хат. Инээхээсээ илүү уур хүрээд, сэжиг гоожоод байна хөөе.

7. Агуулга, үйл явдал ядмаг. Хайр дурлал, өшөө хорслоос өөр юм байхгүй. Тэр нь яджийхад их бүдүүн хадуун. Тэгээд л нэг баян хүн, мисс хүүхэн, ядуу залуу… дуусаа. За тэгээд зарим кино нь бүр төгсгөл ч үгүй. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй бөөн өрнөл. Эсвэл ямар ч өрнөл байхгүй шууд төгсгөл. Жаахан найруулга дутаад байна уу, эсвэл гялс мөнгө хийчих гэсэн халтуур сэтгэлгээнд байна уу?

8. Ивээн тэтгэгчийн сурталчилгааг аймаар бүдүүлэг харуулна. Уул нь их цэвэрхэн оруулах ёстой нандин эд. Даанч спонсортоо хэт захирагдаад аймаар шулуухан палхийтэл авна. Кино үзэх дур хүсэл суурин дээрээ няад.

9. Сэдэв байхгүй. Голдуу хуулна. Учиргүй их зардал гаргаад үнэн лаг сай-фай, экшн кино хийж чадахгүй гэдгийг бол ойлгож байна. Техникийн боломжоос гадна сэдэв нь ч бас хэцүү. Сүр сэдэв хайж гадаад кино дуурайж байхаар хүний сэтгэлийн нандин утсыг хөндсөн чамин сэдэв барьж аваад түүнийгээ чимэглэвэл ч болохоор л санагдах. Уул нь хүмүүний амьдралд юу эс тохиох. Мартагдсан дууль, Тан уруу нүүж явна… зэрэг агуу бүтээлүүдийг сана л даа.

10. Яриа нь хиймэл, чихэнд наалдацгүй, амьдралгүй, бичгийн хэлээр ч ярьж байх шиг. Гадаадын, тэр тусмаа кино урлаг өндөр түвшинд хөгжсөн, киноноосоо мөнгө олж чаддаг улсуудын кинон дээр хараалыг гамгүй урсгадаг. Харин Монгол киноны түүхэнд манай хамгийн түгээмэл хараал болох алдарт “пизда”-г цор ганц кинон дээр, цор ганц удаа хэлдэг. Эсвэл магадгүй миний сонссон ганц нь ч тэр байж магад. Гэхдээ ер нь л энэ үгнээс айхтар дайждаг. 90-ээд оны сүүлээр хийгдсэн байх, “Алуурчин бэлтгэх дамжаа” кинон дээр “бяндуу” л гээд байдаг. Гэтэл бодит амьдрал дээр бид бяндуу гэдэг билүү, пяздуу гэдэг билүү?

Миний ойлгож байгаагаар кинон дээр хараал хэлэх нь явж явж киног илүү амьдралтай, илүү үнэмшилтэй болгож байгаа нэг хэлбэр гэж боддог. Бүгд л сүр соёлтой, лаг боловсон хүн гэж харагдах боловч яг үнэндээ хараалыг хэн хүнгүй урсгадаг. Хараал хэлдэггүй юмаа гэхэд ядаж бичгийн хэлээр ярихаа л больчих хэрэгтэй байгаам даа. Кино, тайз хоёр тэс өөр гэдгийг бүрэн ухамсарлаж, элдэв хүлээснээс ангижирсан хойно манай кино хөгжлийн нэг шат ахина.

Хаа очиж комун үеийн кинонууд үзэл суртал нэвт шингээсэн хэдий ч урлаг талаасаа өөлөх юм багатай байдаг шалтгаануудын нэг нь одоо ч чихэнд наалдацтай энгүүн яриагаар хөөрөлддөг. Бас хааяа гэмгүй сайхан хараал хэлчихнэ. Ер нь л амьдралд нийцтэй, үнэнд ойр санагддаг.

Уг нь дэлхийн түүхийн талыг нь бүрдүүлчихдэг агуу үндэстэнд боевик кино хийх сэдэв хангалттай ч тийм зардал гаргавал дампуурна, ойлгож байна. Угаасаа цөөхөн үзэгчтэй улс. Зардлаа нөхөж чадахгүй. Экспортло нтр гэж бүтэхгүй юм нэхээд ч юүхэв. Гэхдээ ядаж л киноныхоо доор гадаад хэлээр титр нэмбэл экспортолж чадахгүй ч гэсэн ганц нэг гадны жуулчин үзэх л байх. Үзсэн жуулчин нь магадгүй чухал хүн байгаа ч билүү?

Төгсгөлд нь хэлэхэд, над мэтийн энгийн үзэгчийн үгнээс авахыг нь аваад хаяхыг нь хаяад явбал танд л хэрэг. Бид урлаг хийж байна гэж худлаа ихэрхээд юүхэв. Наадах чинь бизнес шүү дээ. Зах зээлээ мэдрээгүй, хэрэглэгчээ сонсоогүй, стандартаа барьж яваагүй, технологийн шинэчлэл хийгээгүй, энэ 4 гол зүйлийг орхигдуулсан ямар ч бизнес мөхдөг жамтай.

Номынсанчийн Фэйсбүүкчин

URL:

Сэтгэгдэл бичих