Хүссэн ч, хүсээгүй ч чи сонгох болно, эсвэл тэмц

-Эрх баригчид босгоо өндөр тогтоохыг зорьж байна, яах вэ- Одоо бид яахав ээ, гудамжинд гараад жагсах уу, огт тоохгүй. Төрийн ордон руу нум сум харвах уу, шоронд хийчихнэ. Мэдсээр байж саналаа өгчихөөд, сонгуулийн дүн гарсны дараа баахан хашгирч чулуу шидэх үү, тав биш тавин хүнээ буудуулж, хэсэг нь шоронд орно. Ийм хуулийг ХЗДХ-ийн сайд нь боловсруулчихсан суугааг Н.Энхбаяр ард түмний өмнө дэлгээ биз дээ. Энэ мэтчилэн бидэнд ямар ч сонголт байхгүй учраас Сонгуулийн хуулийн талаар ахин нэг хөндөхгүй байж чадсангүй. Манай эрх баригч намууд сонгуулийн тухай хуулийг 48:28 харьцаагаар мажоритар давамгайлсан холимог тогтолцоогоор баталж, ирэх сонгуульд орохоор тохирчихлоо. Уг нь хэн дуртай нөхөд төрд шургах ямар ч боломжгүй хууль болж байх шиг.

Одоо босго оноогоо хэд гэж тавихаа ярилцаж сууна. Олон улсын жишиг долоо байдаг гээд ярьж байгаа нь санаанд багтамгүй зүйл. Жишиг гээд долоо хувь болгочихвол гуравдагч этгээдүүдэд хаалттай болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг сая сонгогчийн долоон хувийн санал авч байж сая эрх олж авна гэсэн үг л дээ. Тэгэхээр нэг сая сонгогчоос 70 мянган хүнээр дэмжүүлэх хүн гуравдагчдад бол бараг л алга байна шүү дээ, бухимдах нь аргагүй юм. Босго өндөр яригдаж байгаа нь ялангуяа Н.Энхбаярыг сандархад хүргэсэн бөгөөд өнгөрсөн хугацааны улс төрийн өрсөлдөөнөөс ажихад Н.Энхбаярт зориулчихсан хууль юм шиг ч харагдаж болно. Хэрвээ эрх баригчид босгоо өндөр тогтоовол Н.Энхбаяр нарт зориуллаа гэхээс өөр хэлэх ч үг олдохгүй. Тийм ч учраас төрөөр дамжуулан хийгддэг бүх зүйлийг гаргууд сайн мэдэх Н.Энхбаяр бялууны гадна хоцрохгүйг ихэд хичээх боллоо. Мэдээж эрх баригчид өөрсдөөсөө өөрийг оруулахгүйн тулд босгоо өндөр тавихыг хичээж байгаа. Энэ хуулиар бол ирэх сонгуулиар 10 хувийн тулаан л явагдана. Яахав, босго таваас дээш гарчихгүй бол Н.Энхбаяр нэг юм шороотой өвстэй орж ирэх юм байгаа биз. Үлдсэнд нь манай нөлөө бүхий нөхдийн байгуулсан дагуул намын ганц хоёр хүн ороод ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл ИЗН гэх мэтийн охин намуудын ганц нэг нөхөд гэсэн үг. Тэгэхээр шинээр улс төрд орж ирэх гэж байгаа нөхөд бол ёстой цаашаа.

Ахиад л одоо бид яахав ээ, хэлээд өгөөч. Хамаг орд газраа хуваагаад “цусалчихсан” хэдэн нөхдийг ахиад сонгохоос өөр аргагүй боллоо. Хүссэн ч хүсээгүй ч өөрсдийгөө сонгуулах хуулийг Монгол Улсын иргэдийн өмнө тавьж байх шиг байна. Ажлын хэсэг болон намын бүлгүүдийн яриад байгаа гоё гоё заалтууд худлаа шүү, бурхан минь. Уг нь тэд Монгол Улсын хамаг байдгийг зарчихсан шүү дээ. Ямар сайндаа л Монгол Улсын 50 хувийг лизенц нэрийн дор зарчихсан байхав дээ. Одоо тэдэнд Тавантолгойн орд газрыг л хөдөлгөх ажил үлдсэн, хөдөлгөх ч юу байхав, хувааж идэх л үлддээ. Тийм ч учраас УИХ, Засгийн газрын бүтцээ төдийлөн өөрчлөхгүйгээр 2016 он хүртэл ажиллах нөхцөлдөө тохируулж хуулийг батлав. Дээр нь новшроод байгаа Асгатын ордыг цэгцлэхээс эхлээд бас чиг “хувааж халааслаагүй” зүйл зөндөө бий. Хэдийгээр газар нутгийнхаа 50 хувийг зараад идчихсэн ч гэсэн уужим Монгол нутгийг 2016 он хүртэл зараад ч барахгүй учраас 2020 он хүртэл энэ чигээрээ явна гэж өвчигнөж ч магадгүй л улс. Юутай ч улстөрчид маань идэж амжаагүй Тавантолгойн төлөө хамтдаа 2016 он руу марш гэж байх шиг.

Яг үүнийг тэрлэж суух хооронд өнөөх үзэл бодолдоо үнэнч З.Алтай гишүүн маань Н.Энхбаяр, Б.Жаргалсайхан нарын боловсруулсан хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Уг нь өөр үзэл бодолтой гэж удаа дараа баталж, тэр ч бүү хэл “Би Н.Энхбаярт өргүй” энэ тэр гэж байсан хүн ингэхийг бодоход өөрөө ч их сандарч байгаа юмдаг. Яахав дээ, орох нүхгүй болчихсон сандарч байгаа бие даагчийн арга ядсан үйлдэл энэ байх. З.Алтайгийн хувьд “УИХ-д төдөөс төдөн онд сууж байв” гэсэн намтартайгаар бие даагч гэдэг зүйл түүх болон үлдэнэ. Өнгөрөгч сонгуулийн долдугаар сарын 1-нээс хойш унасандаа гомдож яваа Б.Жаргалсайханы хувьд ч БНН хэмээх ТББ-тайгаа намтар төдий үлдэх нь.

Харин ах нар өөрсдөө байгуулсан болохоор ИЗН-аас ганц нэг суудал ирэх парламентад байх болно. Чухам хэн нь тодорхой бус байна. З.Алтайгаа бодоход Д.Энхбат гишүүний хувьд энэ байдлыг аль эрт харчихаад ИЗН, Ногоон намыг нэгтгэх гэж улайраад тусыг эс олов. Д.Энхбатын хувьд юутай ч МАХН-ын даргын боловсруулсан хуулийг УИХ-д өргөн барьж, “Ардын элч”-ийн Ариунаа болсонгүй. Тэр босго оноог хэд ч болж мэднэ гэсэн алсын бодол өвөртөлж байсан учраас 35 мянган гишүүнтэй ИЗН-ын Ногоон намтай нэгдүүлэх гэсэн хэрэг л дээ. Эднийгээ бодоход ихэд ухаалаг алхам хийж байж.

Одоо бид яахав ээ, тэр тусмаа “Сонгогчийн боловсролын төв”-ийн Д.Бурмаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, БНН-ын дарга БЖаргалсайхан, МУНН-ын Батболд, өнөөх Ногоон намаас дэвшдэг Д.Басандорж, МАХН-ны нөмөрт дэвших эрх горилж байгаа Н.Удвал, Л.Цог, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар, Ардчилсан намын данстай ч нэлээд эмээ бие даасан шинжтэй О.Магнай, Ж.Батзандан гээд хэдэн зуугаар тоологдох нөхдүүд чухам яах гэж байна. Та нарын өмнө эрх баригчид ийм л хууль тавьчихаад босгоо өндөр тогтоох гэж байна. Бурууг нь харсаар байж ингээд өнгөрөх үү. Дээрх жижиг намын жижиг гарууд бол худлаа ярихаас хэтрэхгүй л дээ, харж л байгаарай. Гудамжинд гараад жагсая гэсэн ч зориг зүрхгүй л улс.

Сонин хэвлэлийн хуудаст зай олдож, телевизийн камерт багтаж гэмээ нь өнөөдүүлийг буруутгаж ярьдгаас үнэн хэрэгтээ гудамжинд гараад жагсдаг нь биш л дээ. Өнөөдөр баривчлаад хориход маргааш нь намынхаа нэрийг мартах нөхөд гэдгээ өнгөрсөн хугацаанд хан-галттай батлалаа. Харин О.Магнай нарын хувьд энэ бүгдийн лайг нь үүрч жагсаад эцэст нь шоронд ордог нь үнэн байх шүү. Энэ хэдийгээ бодоход зориг зүрхтэйн дээр багагүй боловсролтой ганц нэгэн энэ мэт залуус л энэ байдлыг аварч чадах ганц зам үлдлээ. Уг нь болсон болоогүй худлаа улстөржиж нэг муу түрээсийн умгар өрөөнд нам гэж суухаар талбайд гараад жагс л даа. Одоо бид яахав ээ. Эрх баригчид босгоо өндәр тогтоохыг зорьж байна яах вэ.

С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих