Б.УНДАРМАА ГИШҮҮН ЭЭ, ТҮРЭЭСЛЭГЧДИЙН ХОХИРЛЫГ ХЭЗЭЭ БАРАГДУУЛАХ ВЭ

olloo_mn_1496108368_olloo_mn_1496020227_WELL copy“Велл март”-ын түрээслэгчид 800 сая төгрөгийн хохирол амсчээ.Өнгөрсөн хоёрдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн ХII хороо, Ботаникийн автобусны эцсийн буудлын хажууд байрлах “Велл март” худалдааны төвд гал гарч тус худалдааны төвийн хоёрдугаар давхар нь бүрэн шатсны улмаас түрээслэгчид нь 800 сая төгрөгийн хохирол амссан. Түүнээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрсөн хэдий ч одоог хүртэл түрээслэгчдийн хохирлыг барагдуулах нь битгий хэл мөрдөн байцаалтын ажиллагаанд ч төдийлэн ахиц дэвшил гараагүй байгаа тухай хохирогчдын хууль ёсны өмгөөлөгч Г.Батбаяр хэлж байна. Тэрбээр “Тус худалдааны төв нь “Бишрэлт Пропертиз” компанийн нэр дээр байдаг. Гал гарсны дараа тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд заагдсан үйл ажиллагааг явуулаагүй.

Учир нь, эд хөрөнгийг битүүмжилснээрээ хохирлыг хурдан барагдуулах боломж байсаар байтал өнөөдрийг хүртэл энэ боломжоор хангаагүй. Нэг ч төгрөгийн барааг битүүмжлээгүй байгаа нь хохирлыг цаашид улам нэмэх нөхцөл байдал үүсгээд байна. Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 138.2 буюу Хөдөлмөрийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хоёр давхрын цахилгааны утасны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Хохирогчдын нийт хохирол 800 гаруй сая төгрөг болсон. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгагдаад явж байна” гэв.

Харин түрээслэгч нар “Өмнө нь 2013 онд ус алдаад их хэмжээний хохирол учирсан. Бараа таваар норсон болохоор бид хохирлоо нэхэмжлээгүй, чимээгүй өнгөрсөн. Гал гарсан нь хоёр дахь тохиолдол. Бид дахин дахин хохирч байна. 2016 онд хийсэн гэрээгээр 08:00-20:00 цаг хүртэл эд бараагаа алдвал түрээслэгчид 21:00-22:00 цагийн хооронд эд бараагаа алдвал түрээслүүлэгч компани бүрэн хариуцна гэсэн заалттай юм билээ. Гэсэн хэдий ч одоо хүртэл хохирлыг минь барагдуулж өгөхгүй байна” хэмээсэн юм. Түүнчлэн галын дуудлагыг өнгөрсөн хоёрдугаар сарын 07-ны шөнийн 02:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авч гал түймрийг унтраасан гэнэ. Тус газрын мэдээлснээр тус худалдааны төвийн хоёрдугаар давхрын 40 орчим лангуу бүхэлдээ галд автаж лангууг түрээслэн худалдаа эрхэлдэг байсан 36 хүн 20-100 гаруй сая төгрөгөөр хохирсон болохыг хэвлэлийн хуралд оролцсон хохирогчид хэлж байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагааас Эрүүгийн хуулийн 138.2 буюу Хөдөлмөрийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрнээ яагаад энэ хэрэг одоог хүртэл ахиц гарахгүй байна вэ гэдэг нь ч хачирхалтай. Мэдээж энэхүү худалдааны төв нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн “Бишрэлт Пропертиз” компани хэмээн түрээслэгчид хэлж байсан юм. Аргаа барсан түрээслэгчид “Б.Ундармаа гишүүнээ бид туйлдаж байна. Бидний хохирлыг яаралтай төлж барагдуулаач” хэмээн хэлж байв.

Уг нь тус компанийн удирдлагууд түрээслэгч нартай хийсэн гэрээгээ эргээд нэг харвал тэд ямар ч маргаангүйгээр тэдний хохирлыг төлж барагдуулнэ гэсэн хатуу гэрээ байгаа юм. Уг нь гал гарснаас хойш бүтэн дөрвөн сарын хугацаа өнгөрчихөөд байхад түрээслэгчид ямар ч нөхөн төлбөр авалгүй өнөөг хүрчихээд байхад “Бишрэлт Пропертиз” компанийн удирдлагууд одоог хүртэл нүдэн балай чих нь дүлийн байсаар байгаа нь хачирхалтай. Цагдаагийн байгууллагаас тус компанийг хөдөлмөрийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Түүнчлэн онцгой байдлын алба хаагчид тус худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрладаг “Капитал” банк, супермаркет, гуравдугаарт давхарт байрладаг компаниудыг галд өртөхөөс сэргийлж галыг унтраасан байдаг. Хэрвээ аврагчид цаг алдаж ирсэн бол тус худалдааны төв бүхэлдээ шатаж дуусах аюул нүүрлэх байсан. Гэтэл нөхцөл байдал ийм байхад тус компанийн удирдлагууд одоог хүртэл түрээслэгчдийн хохирлыг бага ч болов барагдухагүй байгаа учраас тэд аргагүйн эрхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаад хаяглан өнөөдрийн энэхүү хурлыг хийх болсон аж. Яг үнэндээ манай улсад худалдааны төв, нийтийн үйлчилгээний газарт тавигдах ёстой шаардлага, мөрдөх журам, норм стандарт огт байхгүйн улмаас олон мянган лангуу түрээслэгчид хохирсоор байгаа. Хэрвээ томоохон худалдааны төвүүдийг анхнаас нь норм стандарт, галын аюулгүй байдлыг нь хангасан эсэхийг нь сайтар шалгаж байж зөвшөөрөл олгосон бол энэ олон худалдааны төвүүд галд өртөхгүй байх байсан. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах, худалдааны төвүүд ээлж дарааллан галд өртөж олон зуун түрээслэгч эд материалаараа хохироод байгаагийн хамгийн сүүлийн жишээ нь “Велл март” худалдааны төвийн лангуу түрээслэгчид болоод байна.

Эх сурвалж: Өглөөний сонин
Р.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих