Улсын төсөв хувийн хэвшлийнхнийг сөхрүүлэх үү
Монгол Улс түүхэндээ байгаагүй асар их хэмжээний алдагдалтай төсөв батлахаар зэхэж байна. Харамсалтай нь улсын эдийн засаг тэгтлээ мундаг болоод,
хөгжсөндөө гарч байгаа их төсөв биш л дээ. Зүгээр л сонгуулиас өмнө хамаг байдгаа шавхаад улс төрийн амлалтаа биелүүлэх зорилготой. Үүнийг УИХ-ын гишүүд, улстөрчид хэлж, ярьж байгаа ч төсөв энэ янзаараа нэг их өөрчлөгдөлгүйгээр батлагдах бололтой. Ирэх оны төсвийн зарлага ойролцоогоор долоон их наяд төгрөг байгаа. Энэ зарлагын 12 хувийг иргэдэд бэлэн мөнгө тарааж, цалин хөлсийг механикаар нэмэгдүүлэхэд зориулна. Энэ сургаар багш, эмч нар яаралтай цалингаа нэмүүлье гэж жагсаал цуглаан хийгээд ч эхлэв. Цалин хөлсийг нэмэхдээ урьдчилан мэдэгддэг буруу жишгийн гай мэдэгдэж байгаа хэрэг. Ирэх жилээс цалин нэмэгдэнэ гэхэд л захын худалдаачид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг муу зуршилтай. Төсвийг энэ хэвээр нь өндөр зарлагатай баталбал бодлогын хүүг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэдгээ Монголбанкныхан албан ёсоор хэлж байна.
Дэлхийн банкнаас саяхан Монголын эдийн засгийн гуравдугаар улирлын тоймыг гаргалаа. Мөн л эдийн засгийн өндөр өсөлт, төсвийн тэлэлт инфляцийг хөөргөх хандлагатай байгааг сануулжээ. Түрүүчээсээ өсөлт ажиглагдаад ч эхэллээ. Энэ оны есдүгээр сард инфляцийн хэмжээ 10.6 хувь байсан бол аравдугаар сард дахин өсч, 10.9 хувьд хүрсэн байна. Цаашид 20 хүртэл хувиар өсөх магадлалтай гэж Монголбанкныхан хэлж байна. Инфляци ийн өсч байгаа нөхцөлд Монголбанкныхан бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй. Харин бодлогын хүүгийн өсөлтийн золиосонд хамгийн түрүүнд хувийн хэвшлийнхэн өртдөг жамтай. Тийм учраас 2012 оны төсөв хувийн хэвшлийнхнийг сүйрүүлэх вий гэх болгоомжлол төрөөд байгаа юм. Хувийн хэвшлийнхэн хүнд байдалд орвол улсын эдийн засаг ч ялгаагүй уруудаж эхэлнэ гэсэн үг.
УИХ-ын гишүүн Д.Энхбат “2012 оны төсөв хувийн хэвшлийнхэнд л хамгийн хүндээр тусах байх даа. Бодлогын хүү нэмэгдээд, зээлийн хүү өсчихнө. Дээрээс нь импортын татварууд нэмэгдчихээр хувийн хэвшлийнхэнд тун хэцүү байх болно” гэж хэллээ. Түүний хэлснийг Я.Батсуурь гишүүн ч батлав. Тэрбээр “Цалин хөлс нэмэгдээд, импортын татвар өсөөд, инфляци хөөрөгдөхөөр бодлогын хүү өcнө. Бодлогын хүүг дагаад зээлийн хүү нэмэгдэхээр хувийн хэвшлийнхэнд үндсэндээ дампуурахаас өөр гарц үлдэхгүй нь. Зээл авъя гэхээр хүү нь өндөр, бараа, бүтээгдэхүүн импортоор оруулж ирье гэхээр татвар нь нэмэгдчихсэн. Зүгээр ажлаа хийх гэхээр ч бас хэцүү. Төр хамаг ажлыг нь урдуур нь ороод хийчихсэн. Иймэрхүү цикл 2012 оны төсөв дээр бий болоод байгаа юм. Төсвийн хөрөнгө оруулалтаар хувийн хэвшлийнхэн хийж болохуйц маш олон ажлыг төр дангаараа хийж байгаа. Уг нь хувийн хэвшлээ аль болох дэмжээд төр өөрөө төдийлөн оролцохгүй байх хэрэгтэй юм” гэв. Улстөрчдөөс гадна эдийн засагчид ч энэ жилийн төсөвт шүүмжлэлтэй хандаж буй. “Цалин хөлсийг механикаар 53 хуваир нэмэгдүүлэх нь эдийн засагт аюултай” гэж эдийн засагч, судлаач А.Даваасүрэн хэлсэн. Үнэхээр хөрөнгө оруулалтын тэлэлт, импортын татварын өсөлтөөс гадна хувийн хэвшлийнхэнд хамгийн хүчтэй нөлөөлөх зүйл нь яах аргагүй цалингийн өсөлт болж байна. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүллээ гэж бодъё. Энэ тохиолдолд хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс төрийн алба руу зүтгэнэ. Ядарсан компанийн эзэн сайн ажилчнаа алдахгүйн тулд цалингаа нэмэгдүүлэх эсвэл гэсэн мухардалд орохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, хувийн компанийн эзний хувьд зээлийн хүү, татвар нэмэгдчихсэн нөхцөл байдал хүнд хэцүү байхад дээрээс нь ажилчдынхаа цалинг нэмэх даалгавартай болж байгаа хэрэг.
Том компаниудын хувьд энэ нэг их асуудал биш байх л даа. Гэхдээ улсын хэмжээнд бүртгэлтэй 60 гаруй мянган аж ахуйн нэгжийн дийлэнх нь буюу 81.5 хувь нь ердөө 1-9 ажилтантай гэж байгаа. Тэдний хэдэн хувь нь 2012 онд өндөр зарлагатай төсвийн өмнө хүчин мөхөсдөж хаалгаа барих бол доо.
Л.Энхдэлгэр
URL: