Өөрөө өөртэйгөө тэмцэж, нүглээс ангижирч замаа зас

“Хүн өөрийгөө нүглээс гэтэлгэхийн тулд мэгзим уншаад шүтэх биш, өөрөө өөртэйгөө тэмцэж нүглээс ангижирч замаа зас“ хэмээн айлдав.

Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам найм дахь удаагаа Монголд ирлээ.Тэрбээр сэт­гүүлчидтэй 15 минут уул­зах цаг гаргасан юм. Энэ үед Төвдийн асуудлаар тавьсан сэтгүүлчдийн асуултад хариулахгүй гэсэн. Төвдийн эрх ашгийг хам­­гаалахын тулд очсон га­зар бүртээ энэ тухай ярьж суу­даг Далай лам энэ удаад азнахаар шийджээ. Далай лам сая­хан Өмнөд Африкт айчлах гэсэн боловч түүнд виз олгоогүй. Но­белийн энх­тайвны шагналт хүний эрхийн төлөө тэмцэгч Ар­чи­бишон Десмондын урилгаар тус улсын Туту омогт зочилж, илтгэл тавих гэсэн Дээрхийн гэгээнтний хүсэл биелээгүйн шалтгаан нь Хятадтай хол­боотой. Хятадын хөрөнгө оруу­лалтаас татгалзахыг хүсээ­гүй Өм­нөд Африкийн эрх ба­ригчид ийн шийд­вэрлэжээ.
Сүүлийн хоёр жи­лийн дотор Далай лам Аф­рикт хоёр ч удаа айлч­лах гэсэн нь бүтээгүй юм. Өнгөрсөн долдугаар сард Барак Обама Далай ламтай уулзах үед Хятадын тал маш хүчтэй шүүмжилсэн билээ. Харин сая цунамид өртсөн Японы мужуудад зочлох үед нь “Синьхуа” агентлаг “Хятадын Засгийн газар үүнд маш шүүмжлэлтэй хандаж байгаа” хэмээн мэдээлжээ. Цааш­лаад Монгол руу зорихоор шийдсэн Далай ламыг Японоос шууд гэр рүүгээ харихыг шаардсан тухай хэвлэлүүд мэдээлсэн юм. Гэсэн ч Далай лам Монголд ирлээ. Тэрбээр анх 1979 онд Монголд ирж байв. Харин түүнийг 2002 онд Монголд ирэх үед Хятадын тал эсэргүүцэж, хилээ хоёр хоног хааж байсан түүхтэй.
Гандантэгчинлин хийдийн урил­гаар ийнхүү манай улсад 8 дахь удаагаа айлчлан ирж буй Далай ламыг улс төр, бизнесийн ямар ч од дагалдаагүй бөгөөд зөвхөн шашны гэгээрлийн зорилго агуулсан. Ямар нэгэн улс төрийн шалтгаангүй, сүсэгтэн олны хүсэлтээр эртнээс төлөвлөсөн айлчлал юм. Саяхан Монгол Улсын бурхан шашинтны тэргүүнээр заларсан IX Богдтой огт холбоогүй” хэмээн Гандантэгчин­лин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц хэлэв. Дээрхийн гэ­гээн өнгөрөгч даваа гаригийн үдэш Улаанбаатарт хөл тавьсан. Хөтөл­бөр ёсоор өчигдөр өглөө Гандантэгчинлэн хийдэд морилон дараа нь СТӨ-нд их, дээд сургуулийн оюутнуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдвээр лекц айлдсан бол өдөр нь Спортын шинэ цогцолборт лам хувраг, сүсэгтэн олонд “Шүтэн барилдлагын магтаал”, “Мөрийн гурван эрхэм” ном айлдлаа. Тэр­бээр өмнөх айлчлалынхаа үеэр Монголчуудад хандан “Архи бага хүртэж, айргаа тааваараа зооглож байгаарай” хэмээн захиж байсан бол энэ удаад “Хүн өөрийгөө нүглээс гэтэлгэхийн тулд мэгзим уншаад шүтэх биш, өөрөө өөртэйгөө тэмцэж нүглээс ангижирч замаа зас” хэмээн айлдав. Мөн танхимд цугларгсдын дотроос “Дээрхийн гэгээнтэн танд хүн төрөлхтөнийг юу нь сонин са­нагд­даг вэ? гэсэн асуултад Тэр­бээр: “Хүн мөнгө олохын тулд бүх л эрүүл мэндээ золиосолдог. Дараа нь эрүүл мэндээ буцааж авахын тулд олсон бүх мөнгөө золиосолдог. Тэгээд тэр ирээдүйн төлөө яаран өнөөдрөө умартаж орхидог. Үр дүнд нь тэр өнөөдөр, маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй. тэр хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг. Тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг” хэмээн хариулав.
Далай ламын хойд дүрээр сон­гогдох магадлалтай есөн настай монгол хүүгийн тухай мэдээлэл ч бий. Хэдийгээр Дээрхийн гэгээнт­ний Дарамсала дахь албаны төлөө­лөгч Тэнзин Тахла энэхүү мэдээл­лийг нотлохоос татгалзсан бо­ловч бас үгүйсгээгүй байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд амьд байхдаа хойд дүрээ тодруулахаа мэдэг­дэж, Монгол, Непал, Энэтхэг, Халимаг, Буриадын 300 гаруй хүүхдээс сон­гохоор болсон аж. Төвдүүд тус­гаар тогтнолоо алдсанаас хойш сүү­лийн 60 жилийн турш Хятадын эрх баригчидтай тайван замаар тэмцэж ирсэн. Тэд сүүлийн үед эсэргүүцэл, тэмцлээ илэрхийлж, улам чанга дуугарах болсон. Ийм үед Төвдүүдийн итгэл найдварын цог, дэлхийн дахинтай харилцах цорын ганц гарц нь Х1Ү Далай лам билээ.
Дээрхийн гэгээнтэн одоогоор энх тунх, эрүүл саруул байна. Гэхдээ тэр хэдийнэ 75 насыг зоогложээ.
Д.Догсмаа


URL:

Сэтгэгдэл бичих