Олимп эхлэхэд 259 хоног…
Монголын баг тамирчид 2008 оны Бээжингийн зуны XIX олимпийн наадамд түүхэндээ байхгүй гялалзсан амжилтыг үзүүлж олимпийн хос алт, хос мөнгөн медаль хүртэж, 44 жил хүлээсэн олимпийн аваргатай болсон билээ. Мөн Бээжингийн паралимпийн наадмаас Монголоос олимпийн аварга төрж, хүн төрөлхтний спортын их наадам олимпийн бэлгэ тэмдэг болсон таван өнгийн цагирагийн тоотой адилхан 2008 оны олимпийн алт, мөнгөн медальт тамирчид нь Монголын олимпийн медальтнуудыг 20 болгож монголчуудаа баярлуулсан юм.
Харин одоо 2012 оны Лондонгийн зуны ХХХ олимпийн наадам эхлэхэд 259 хоног үлдээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас есөн тамирчин “Лондон-2012″ олимпид хүч, хурд, авхаалж самбаагаа сорих албан ёсны эрхээ өвөртлөөд байгаа юм. Одоо манай тамирчдыг олимпийн эрхийн төлөө өрсөлдөх олон томоохон тэмцээн хүлээж байна. Эрхийн төлөө хүчээ сорих тамирчдын бэлтгэл сургуулилт, ахуй хангамжаас эхлээд олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд энэ бэлтгэл ажил ямар түвшинд хэрэгжиж байгаагаас Монголын тамирчид өмнөх олимпийн наадамд үзүүлсэн амжилтаа бататгах болно.
“Одоогоос хоёр жилийн өмнө Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2012 оны зуны олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын бэлтгэлийг хангах зорилготой “Лондон-2012″ хөтөлбөрийг баталсан билээ. Харин сар гаруйн өмнө уг хөтөлбөрөө дүгнэхэд ажлын явц нь 83 хувийн хэрэгжилттэй байгаа аж. Цаашид бүрэн хэргжүүлэх боломж бий гэж үзжээ. Хөтөлбөр бодит амьдрал дээр хэрэгжиж чадсан эсэхийг Лондоны олимпийн наадам харуулах нь мэдээж. Монголчуудын эн тэргүүний чухал зорилт бол “Лондон-2012″ олимпийн наадамд амжилттай оролцож, өмнөх олимпийн наадмын амжилтаа бататгах. “Лондон-2012″ хөтөлбөрийн хүрээнд үндэсний шигшээ баг байгуулж, Засгийн газраас санхүүжүүлж байгаа юм. 2009 онд шигшээ багийг 800 сая төгрөгөөр санхүүжүүлсэн бол энэ төсвийн хэмжээ 2010 онд нэг тэрбум, 2011 онд 1.8 тэрбум төгрөг болж өссөн. Олимпийн жилд буюу 2012 онд бүр 3.4 тэрбум төгрөг болгохоор улсын төсөвт суулгажээ. Шигшээ багт 2009 онд 88 тамирчин, 25 дасгалжуулагчийн хамт багтсан бол өнөөдөр зун, өвлийн 14 спортын төрөлд 133 тамирчин, 33 дасгалжуулагчтайгаар бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Бэлтгэл хангах ажил БТСГ, түүний Шигшээ багийн албаны удирдлага дор хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд үнэхээр уйгагүй хүч хөдөлмөр, цаг нар, хөрөнгө хүч шаардсан ажил гэдэг нь тодорхой. Шигшээ багийнхны цалин хөлс, сэргэлт цугларалтын зардал, гадаадын уралдаан тэмцээнд оролцох зардлыг бүрэн шийдвэрлэсэн. Мөн уралдаан тэмцээнд амжилттай оролцвол Засгийн газраас олгох мөнгөн шагналын журмыг ч ойлгомжтой, шударга болгоод байгаа. Урьд нь тамирчин ганцаараа шагналын мөнгө аваад түүнээс болж дасгалжуулагч-тамирчдын хооронд үл ойлголцол гардаг байлаа. Одоо бол тамирчны авах шагналын 50 хувьтай дүйцэх мөнгийг дасгалжуулагчид нь шууд олгодог болсон. Шигшээ багийн тамирчид маань Булган аймгийн Хангал суман дахь Олимп бэлтгэлийн бааздаа бэлтгэл хийдэг болсон. Тэнд тамирчид очсон үед өөр орлого олох ямар ч аргагүй байтал Сангийн яамнаас сар бүрийн орлогын төлөвлөгөө оноож дарамт учруулсан. Үүнийг шат шатанд ойлгуулж зөвшилцсөний эцэст асуудлыг тамирчдын, спортынхны талд бүрэн шийдүүлээд, Засгийн газрын тогтоол гаргуулаад байна. Ер нь бол олимпийн үндсэн бэлтгэлийг Спортын төв ордонд төвлөрөн базаах болно. Дундуур нь гадаадад богино хугацааны хамтарсан бэлтгэлд явна. Лондонтой байгаль, цаг агаар адил, цагийн ижил бүст орших Их Британийн Сарри муж, Францын хойд мужид бэлтгэл хийлгэхээр ярилцаж байгаа. Өнгөрсөн наймдугаар сард манай оронд ажлын айлчлал хийсэн ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге манай тамирчдын олимпийн бэлтгэлд зориулж тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн тусламжийг нэмж үзүүлэхээ амалсан. Тэрбээр өөрийн нүдээр манай тамирчдын орчин нөхцлийг үзээд бидний амжилтыг өндрөөр үнэлсэн. Бас дотоод гадаадын олон компани, ивээн тэтгэгчээр оролцох саналтай байна» гэж Эрүүл мэндийн сайд С.Ламбаа саяхан Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатартай хийсэн ярилцлагадаа онцолсон юм.
Хөнгөн атлетикийн хамгийн хүнд, тэсвэр тэвчээр шаардсан төрөл болох марафон гүйлтээр ОУХМ Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар олимпийн эрхийг А болзлоор анх удаа биелүүллээ. Байт харвааны спортоор 16 жил завсарласны эцэст ОУХМ Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар эрхээ авч чадлаа. Ялангуяа байт харваагаар эрэгтэй тамирчин “Москва-1980″ олимпийн наадмаас хойш оролцож чадаагүй байв. Буудлага спортоор Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, чөлөөт бөхөөр О.Насанбурмаа, Ж.Чулуунбат, боксоор Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, Дэлхийд чансаагаараа гуравт бичигдээд байгаа ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ нар Лондонг зорих эрхээ баталгаажуулсан.
Паралимпийн эрхийн болзлыг бас есөн тамирчин жүдо, буудлага, байт харваа, хөнгөн атлетикийн төрөлд биелүүлсэн. Жүдо бөхийн олимпийн шалгуур нь хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж, оноо цуглуулах зарчмаар явагдаж байгаа. Жүдочид ес түүнээс ч олон эрх авчих боломж байгаа юм. Буудлага, чөлөөт бөх, бокс, байт харваа, хүндийг өргөлт, тэквондо, гимнастикийн төрлөөр Олимпийн эрх олгох тэмцээн байгаа бөгөөд манай баг тамирчид амжилттай оролцож, эрх авах нь тодорхой. Урьдын адил усанд сэлэлтийн баг тамирчид Лондонгийн олимпод оролцох боломжтой. Монгол Улсаас нийт 30-35 тамирчинтай олимпийн наадамд оролцоно гэсэн зорилт тавин ажиллаж байгаа. Пара спортын төрлөөр ч эрхээ нэмэгдүүлэх боломж бий.
Дашрамд сонирхуулахад, 2012 онд манай оронд “Чингис хаан” жүдо бөхийн Дэлхийн цом, сагсан бөмбөг болон хүндийг өргөлтийн залуучуудын Азийн АШТ, мотоциклийн бартаат замын Азийн АШТ, чөлөөт бөхийн УАШ олон улсын нээлттэй тэмцээн, оюутны волейболын Азийн АШТ-ийг Засгийн газрын санхүүжилтээр зохион байгуулах шийдвэр гаргасан.
Д.Өлзийсайхан
URL: