14 их наядыг “салхинд хийсгэсэн” Н.Золжаргал гадаадад зугаалж яваа нь шударга явдал уу?

527-149577342820160107095211-zolooo2Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай гэгчээр Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явуулж ирсэн бодлогоос болж 60 гаруй мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан гэх баримт байна. Олон мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, эдийн засаг уруудсан жишээг бид дөрөвхөн жилийн дотор хангалттай үзлээ, харлаа, амслаа. Эдийн засаг уруудаад ард иргэдийн амьдрал доройтсоноор бүх зүйл зогссонгүй. Гаднын зах зээл дээр “Чингис” хааныхаа нэр нүүрээр тахлан байж олж ирсэн мөнгөөр Монгол Улсын Төвбанкийг удирдаж байсан хүн “гараа угааснаас”, 60 сая малтай, байгалийн баялаг ихтэй цөөхөн монголчууд зээлийн дарамтанд орчихоод бадар барин сууж байна.

Баримт дурдъя. 2012 оныг хүртэл Монголбанк алдагдалгүй ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, аливаа улс орны Төвбанкинд заавал байх валютын нөөц, өөрийн хөрөнгө байх ёстой баланстаа байсан байна. Гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 1.3 тэрбум ам.доллар болж огцом буурчээ. Харамсалтай нь, 2012 оны наймдугаар сараас эхлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд Монголбанкны алдагдал хэвийн байх хэмжээнээсээ хэтэрч хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөгт хүрсэн байна. Жишээ татахад, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашиглажээ. Зарим аж ахуйн нэгжийг сонгохдоо сонгон шалгаруулах журам зөрчиж, сонгосон байна. Тухайлбал, Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд байх үед 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар шалгаруулж, 127.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байх юм.
Монгол Улсын Төвбанкийг удирдаж байсан хүн “гараа угааснаас”, 60 сая малтай, байгалийн баялаг ихтэй цөөхөн монголчууд зээлийн дарамтанд орчихоод бадар барин сууж байна.
Түүнчлэн нефть импортлогч компаниудад 2013-2015 оны хугацаанд нийт нэг тэрбум 579.95 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэлх төгрөгөөр хямд худалдсан. Үүнээс Монголбанк 354.2 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний бодит алдагдал хүлээжээ. Энд нэг зүйл анхаарал татаж байна. Төвбанк 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгож, жинхэнэ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болжээ. Арилжааны банкууд 0.89 хувийн хүүтэй авсан зээлээ 2.91 хувийн хүү нэмж,  шатахуун импортлогч компаниудад олгосон байна. Энд дурдсан бүх баримт бол Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн УИХ-ын шалгалтын ажлын хэсгийн гаргаж ирсэн баримтууд гэдгийг тодотгоё.
Бизнесээ эхлүүлэх гэж байгаа иргэн Дорж, цалингаас цалингийн хооронд өдөр шөнөгүй махийтлаа ажилладаг Дугар цалингийн эсвэл бизнесийн зээл авахад жилийн хүү нь 22-23 хувь байдаг. Гэтэл цөөн хэдэн аж ахуйн нэгжид жилийн нэг ч хувь хүрэхгүй зээл өгсөн нь хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэнэ гэгч болжээ. Эндээс Монголбанк гаднаас 5-7 хувийн хүүтэй олж ирсэн зээлээ ийм бага хүүтэйгээр цөөн хэдэн аж ахуйн нэгжид өгөх байсан юм бол олон компанид өгөхгүй яасан юм бэ гэж ёжилсон асуулт гарч ирж байна. Тэгвэл цөөхөн бус нэлээд олон тооны компани бага хүүтэй зээлээр бизнесээ хөгжүүлж, тэр хэрээр ажлын байр бий болж, эргээд улсад төлөх татвар ч нэмэгдэж, төсвийн ачаанаас үүрэлцэх байсан ч байж болох. Нэгэнт л Н.Золжаргал гэдэг хүн төрийн мөнгөөр хэрэгтэй хэрэггүй своп хэлцэл хийж, алдагдал хүлээж байсан учир аж ахуйн нэгжүүдээ дэмжих энэ мэт зээл олгож болох байсан гэх гаргалгаа гарч ирээд болдоггүй.
Бизнесээ эхлүүлэх гэж байгаа иргэн Дорж, цалингаас цалингийн хооронд өдөр шөнөгүй махийтлаа ажилладаг Дугар цалингийн эсвэл бизнесийн зээл авахад жилийн хүү нь 22-23 хувь байдаг. Гэтэл цөөн хэдэн аж ахуйн нэгжид жилийн нэг ч хувь хүрэхгүй зээл өгсөн нь хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэнэ гэгч болжээ. 
Учир нь, Төв банк өөрийн хөрөнгө болох дотоодын арилжааны банкуудтай своп, форвард хэлцэл гэсэн нэрийн доор 3.1 тэрбум ам.доллар буюу нийт 7.1 тэрбум ам.долларыг 2013-2015 онд интервенц нэрээр зах зээлд нийлүүлжээ. Үнэхээр энэ нь интервенц байсан бол валютын ханш өсөхгүй байх байсан. Үгүйдээ л тогтворжих байв. Харамсалтай нь, 2011 онд дэлхийн хамгийн чанга валютаар нэрлэгдэж асан улсын маань мөнгөн дэвсгэртийн ханш өнгөрсөн дөрвөн жилд 80.3 хувиар унаж, ам.долларын ханш талийсан. Интервенц нэрээр 7.1 тэрбум ам.доллар буюу 14 их наяд төгрөгийг салхинд хийсгэчихээд байгаа иргэн Н.Золжаргал ямар ч гэм зэмгүй дэлхийн хаа нэгтээ алхаж явна.
Арван мянган төгрөг хулгайлчихаад арван жилийн ял авсан нэгэн байхад улс орны эрх ашиг, эдийн засгийн тусгаар тогтнолд ноцтой хохирол учруулсан этгээдүүд гадаадын орнуудаар зугаацаж яваа нь хэр ёсзүй, хэм хэмжээнд нийцэх вэ. Ганцхан Н.Золжаргал гэдэг хүнийг ярьж байгаа юм биш. Манайд дөрвөн жилийн мөчлөгтэй улс төрийн нөлөөллийн уршиг өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд арилахгүй байгааг хэлэх гэсэн юм. Өнөөдөр төрийн удирдах алба хашиж байгаад нам нь ээлжит сонгуулиар ялагдлаа гэхэд ажлаа өгөөд гадаадад амьдарч байгаад дараагийн дөрвөн жилд ирээд дарга болдог жишиг байсаар байна. Өмнө нь хашиж байсан ажилдаа алдаа гаргаж, Н.Золжаргал мэт ноцтой зөрчил гаргасан хэр нь эрх чөлөөтэй амьдарч, бүр дарга болж дэвшдэг байдал арилахгүй байгаа учир хариуцлага тооцох механизмыг бий болгох хэрэгцээ шаардлага аль ч цаг үед байх.
Арван мянган төгрөг хулгайлчихаад арван жилийн ял авсан нэгэн байхад улс орны эрх ашиг, эдийн засгийн тусгаар тогтнолд ноцтой хохирол учруулсан этгээдүүд гадаадын орнуудаар зугаацаж яваа нь хэр ёсзүй, хэм хэмжээнд нийцэх вэ.
Тэгэхээр буруутанд хариуцлага тооцохын тулд хууль хяналтын байгууллагаар шалгаж байхад хамгийн дээд шатандаа ирээд гацдаг, хэрэг нь удааширдаг байдлыг бий болгохгүйн тулд Ерөнхийлөгчийн алба хашиж байгаа хүн нь хууль тогтоох байгууллагад олонхийг бүрдүүлж буй намаас байх шаардлага үүсч байна. Яагаад гэдгийг одоо тайлбарлая. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Тэр утгаараа Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас гадна бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөх эрх, Улсын ерөнхий прокурорыг санал болгож УИХ-аар томилуулах эрх Ерөнхийлөгчид хадгалагддаг. Тэгэхээр Ерөнхийлөгчтэй нэг намын нөхөрт хариуцлага тооцох гэхээр төрийн Тэргүүн ил, далдаар нөлөөлөөд хэрэг нь замхрах хандлагатай болдог гэх яриа бий. Баталж чадахгүй ч энэ бол явсаар л байдаг яриа. Тиймээс энэ нь өөрөө Монгол төрийг үнэгүйдүүлж, буух эзэн буцах хаяггүй, хариуцлагын механизм жирийн ард иргэдэд үйлчилдэг төрийн удирдах алба хашиж байсан хүмүүст нөлөөлдөггүй байдлыг бий болгоод байна. Иймийн учир Ерөнхийлөгч эрх баригч намын хүн байх ёстой гээд байгаа юм.
Ингээд ярихаар нэг нам төрийн толгойд гарвал хариуцлага тооцох зарчим алдагдана өөрсдийнхөө хүний толгойг нь илээд явуулна гэх хардлага дагадаг. Гэхдээ эдийн засаг яагаад ийм байдалд хүрэв гэдгийг тодорхойлж, буруутанд хариуцлага тооцох ёстой учраас Ерөнхийлөгч тухайн үед эрх баригч намаас “гарсан” хүн байвал аль аль талдаа хариуцлагатай хандаж, тэр хэрээр татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэхгүй байх юм.
С.Бүжин
sonin.mn

URL:

Нэр: zochin Огноо: 26 May 2017

toluuleh heregtei

Нэр: zochinzochin Огноо: 27 May 2017

gazar deer ni nam buud

Нэр: dbaasan Огноо: 27 May 2017

SAIN KHOLS OGVOL BI KHIIKHED BELEN BAINA.

Сэтгэгдэл бичих