Их засварт байсан найман троллейбусыг үйлчилгээнд гаргажээ
Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг эко болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч утгаараа тус баазынхан ОХУ-ын тусламжаар троллейбус комбинат байсан суурин дээр Хятад улсын сэлбэг тоног төхөөрөмжөөр троллейбусыг үйлдвэрлэдэг билээ.
Түүнчлэн Солонгос улсад үйлдвэрлэсэн каунти 30 жижиг оврын автобус, Белорус улсын үйлдвэрийн угсраа маз маркын 20 автобустай.
Харин тус баазын 47 троллейбуснаас зөвхөн 30 нь л үйлчилгээнд гардаг байсан юм. Үлдсэн 17-гийнх нь 12 троллейбусанд их засвар хийх шаардлагатай байжээ. Тэгвэл тус баазын удирдлага солигдож өнгөрсөн оны наймдугаар сараас троллейбусны бэлэн байдлыг 93 хувьтай болгосон байна.
Харин одоо үлдсэн дөрвөн троллейбусыг үйлчилгээнд гаргахад бэлэн боллоо.
Дашрамд дуулгахад, энэ онд троллейбусны компани байгуулагдсаны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд тус баазынхан 30 шинэ бүтээлч ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь дээрх ажил юм. Мөн ОХУ-аас буцалтгүй тусламжаар босгосон троллейбус комбинатын эх суурийг цаашид залгамжлуулан хөгжүүлэх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
URL: