Хүн байгаа цагт маргаан гарч л таарна, машиныг шоронд хийж болохгүй биз дээ
УИХ-ын гишүүн Д.Энхбаттай Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.
-Сонгуулийн хууль нэгэнт тодорхой болчихлоо. Таны байр суурь ямар байгаа вэ?
-МАН албан ёсоор байр сууриа хэлээгүй байгаа. Гэхдээ Улаанбаатар хотод 14 мандат, хөдөө орон нутагт 34 мандат болгочихож байгаа юм. Бидний үзэж байгаагаар Улаанбаатар хотын мандатын тоо дэндүү цөөднө. Хүн амын 50 шахуу хувь нь Улаанбаатарт байна. 14 биш 18 мандат байх ёстой. Дараагийн шийдэгдээгүй нэг асуудал нь үлдэж байгаа 28 жагсаалтаа яаж бүрдүүлэх вэ. АН-ын саналаар тойрог дээр өрсөлдсөн хүн жагсаалтад давхар бичигдэнэ. Тойрог дээрээ ялагдсан ч өндөр санал авсан бол жагсаалтаар орно гэж байна. МАН-ын хувьд тойрог дээр өрсөлдөхгүйгээр жагсаалт дотроос намын лидерүүдийг сонгож болно гэх ч юм уу энэ хувилбар одоогийн байдлаар шийдэгдээгүй. Мөн эмэгтэйчүүдийн квотын асуудал шийдэгдээгүй. Бас жагсаалт доторх намын босгын асуудал шийдэгдээгүй. Хуулийн төслөөр долоон хувийн босго гэдэг бол дэлхийд хамгийн өндөр хувь. Орос долоон хувь байснаа саяхан таван хувь болж хувирсан. Ардчилсан орнуудад 2-4 хувийн босготой. Манайд энэ тоо дөрвөөс бага байж л ердийн ардчиллын хэм хэмжүүрийг хангана гэж үздэг. Яагаад гэвэл дунджаар 1.5 хувийн санал авч байж УИХ-ын гишүүн болдог. Тиймээс бидний байр суурь аль болох хоёр хувийн босго тавья гэдэг санал байна.
-Хоёр нам тоон дээрээ маргалдаад Сонгуулийн хуулийг нэлээд удаан уялаа. Тооны нарийн учир ард түмэнд тийм ч чухал биш. Маргалдаж мэтгэлцээд байсан тооныхоо гаргалгааг тайлбарлаад хэлчих УИХ-ын гишүүн алга гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй бололтой?
-Гаргалгаа нь маш энгийн. Өнөөдөр МАН-аас УИХ-д 45 хүн сууж байна. Эдгээр 45 хүн дахиад тойрогтой байх ёстой. Тийм учраас 48 гээд байхгүй юу.
-Олон мандаттай тойргийн журмаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх гээд байгаа нь МАН-д ашигтай юм байж. Гэхдээ энэ сонгуулийн тогтолцоо тус намын дотоод суурийг ганхуулна гэсэн болгоомжлол бий болохыг үгүйсгээгүй шүү дээ?
-2008 оны сонгууль олон мандаттай тойргоос болж маш их будилсан. Гэхдээ нөгөө талаас тойрог хуваах нь улстөрийн маш хүнд асуудал. 26 тойргийг 38 жижиг тойрог болгож хуваах нь магадгүй бүр хүнд асуудал үүсгэх магадлалтай. Тийм учраас хоёр муугаас арай гайгүйг нь сонгож байхгүй юу. Жишээ нь Баянгол дүүргийн дөрвөн мандатыг багасгах нь тойргуудыг дахиж хувааснаас хялбар. Олон мандаттай тойрог маш будлиан үүсгэдэг. Гэхдээ олон тойрог буцааж хуваана гэдэг нь улстөрийг бүр их тогтворгүй болгох аюултай.
-МАН-д ашигтай хувилбар гэдгийг тодруулахгүй юу?
-Өнөөдөр пропорциональ элемент оруулсан нь сонгуульд дэвшил авч ирж байгаа юм. Гэхдээ тойрогт дэвшсэн хүмүүс нь тойргоосоо авсан онооны дарааллаар жагсах уу, аль эсвэл нам нь дотроо жагсах уу гэдэг нь тодорхой биш учраас эцсийн дүгнэлт гаргахад хэцүү. Нөгөө талаас бидний хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь 34/14 гэдэг бол дэндүү буруу харьцаа. Жишээ нь Баянгол дүүрэгт 200-гаад мянган хүн байна шүү дээ. Тийм атлаа 60-70 мянган хүнтэй аймагтай яаж адилтгаж болох юм бэ. Энэ нь өөрөө нийгмийн төлөөллийн пропорцийг хадгалахгүй. Хүн амын 40 гаруй хувь амьдарч байгаа учраас дунджаар УИХ-ын гишүүдийн 3/1 нь Улаанбаатарт байхад бололцоотой гэж харж байна.
-Улаанбаатарт мандатын хуваарилалт олон байхад нөгөө талаар хөдөөгийн асуудал орхигдчихно гэдэг болгоомжлол байна шүү дээ?
-Сүүлийн гурван жилийн дотор Улаанбаатар хотод 130-аад мянган хүн орж ирсэн. Тэр чинь ойролцоогоор 70 сумын хүн орж ирж гэсэн үг. Өнгөрсөн сонгуулиас хойш шилжин ирсэн хөдөөний 70 сумын хүний санал байхгүй л байхгүй юу. Үндсэндээ хөдөөнөөс орж ирсэн хүмүүс Улаанбаатарт орж ирэхдээ аль хэдийнэ сонгуульд өөрчлөлт оруулах эрхгүй, бараг саналгүй орж ирж байгаа байхгүй юу. Хөдөөд хүмүүсийн тоо цөөрөөд байна гэж байна. УИХ хөдөөний асуудлыг шийдэх нь чухал уу, Монголын нийт иргэдийн асуудлыг шийдэх ёстой юу. Бас нэг маргаантай асуудал нь хөдөөнөөс Улаанбаатар хотод 70 сумын иргэн шилжиж ирчихээд байхад сонгуулийн санал хамт ирэхгүй байна гэдэг бас л маргаантай. Тэгээд ч ер нь хот, хөдөөний гэхээс илүү сүүлийн 20 жилийн турш бид жалга довны асуудлыг хангалттай ярилаа. Асуудлыг өнөөдөр жалга довны түвшинд шийдэхээ больсон байхгүй юу. Байгалийн бохирдол авлигал, геополитик, уул уурхай байна. Энэ бол аль ч аймгийн асуудал биш. Өөрөөр хэлбэл Монгол Улсыг доош нь татаж байгаа хамгийн том үндэсний хэмжээний асуудал. Гэтэл манай парламент орон нутгийн бүтцээр байгуулагдчихдаг. Гишүүд нь дээвэр, зам засах тухай ярьдаг. Тэгсэн хэрнээ улс үндэснийхээ том юмыг хаячихдаг. Энэ чинь л Монгол Улсын хамгийн том проблем. Дээрээс нь хөдөө орон нутгийг олон тойрогт хуваахаар мөнгөний сонгууль явагддаг. Тийм учраас сонгууль пропорциональ элементээр явагдвал давуу талтай.
-Мөн сонгууль бүрийн дараа гардаг элдэв маргаан гарахгүй гэх зэргээр Сонгуулийн хуулийн давуу талыг магтаад байгаа шүү дээ?
-Хүн байгаа цагт маргаан гарч л таарна. Санал тоолох машин бол машин. Машин хэзээ ч буруугаа хүлээхгүй. Машиныг шоронд хийж болохгүй. Эцсийн эцэст тэр машиныг хүн л ажиллуулна. Тэгэхээр ухаантай хүн бол бүр сайн ашиглахыг хичээж таарна даа.
-Эрүүгийн хариуцлагын заалт хүртэл тусгаад өгчихсөн болохоор бас ч үгүй давуу тал гарах л байх?
-Хэдийгээр тодорхой хуулийн хариуцлагын заалтууд орж байгаа ч манаачийг хэн манах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Жишээлбэл ИЗН-НН-ын бүртгэлийн асуудалд Дээд шүүх хууль зөрчлөө. Тэгэхээр Дээд шүүхийг хэн шүүх вэ, тийм биз дээ. Өөрөөр хэлбэл манах ёстой хүн нь өөрөө хулгай хийвэл яах вэ. Үүнтэй адилхан сонгуулийн тогтолцоо бол иргэний нийгмийн хяналтад байх ёстой. Энэ механизм нь бүрэн сууж чадаагүй. Яагаад гэвэл өнөөдөр Монголд иргэний нийгмийн санхүүжилт шийдэгдээгүй. Дэлхийн бусад оронд татварынхаа нэг хувийг иргэн нь өөрөө сонгож ТББ-д өгдөг. Харин манайд иргэний нийгмийн байгууллагууд байгуулагдаж чадаагүй. Дандаа төсөл дагасан цаг зуурынх л байдаг. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд томоохон үйл ажиллагааг хянаж чадах иргэний нийгмийн байгууллага байхгүй. Таван хүнтэй ТББ-ын дэргэд 200 мянган гишүүнтэй улстөрийн нам яаж хянагдах юм бэ. Тийм учраас иргэний нийгмийн байгууллагуудыг хаяснаас болж хяналтгүй тогтолцоо Монголд үүсчихээд байгаа гэдгийг мартах учиргүй.
Сонгуулийн хуудсыг тоолж байгаа хүмүүс нь өөрсдөө луйварчин л байвал ямар ч сайн машин аврахгүй шүү дээ.
-Сонгуулийн шинэ хуулиар бие даагч гэдэг ойлголт алга болж байгаа юм биш үү?
-Бие даагч хүн оролцож болно. Гэхдээ жагсаалт байхгүй. Тэгэхээр тал сонгуульд нь орохгүй гэсэн үг. Ер нь цаашдаа парламенттай байх юм бол намтай байж л таарна. Намтай байх юм бол намуудыг шударга, ардчилсан, нээлттэй болгох тухай ярих болохоос биш дандаа бие даагчдаар УИХ-ыг бүрдүүлэх гэдэг ойлголт байхгүй. Яагаад гэвэл улс орныг авч явна гэдэг өөрөө коммандын тоглоом.
-Сонгуулийн хуулийн хувилбараас алийг нь дэмжиж байсан бэ?
-Анх УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй пропорциональ тогтолцоог дэмжээд явж байсан. Харамсалтай нь АН-ын зүгээс өөр хувилбар гарч ирээд бүх юм будлиан болсон. Түүнээс биш анхны пропорциональ тогтолцоог дэмжсэн.
-Цагдаагийн тухай хуулийн шинэчлэл сонгуулийн будлианаас үүдэж үймээн самуун дэгдвэл хүчний байгууллага зэвсэг хэрэглэнэ гэсэн хуулийн заалт орж ирээд буцаагдсан. Ийм байдал сонгуулийн дараагаар үүсч болзошгүй. Энэ нь МАН-ыг сонгуулийг булхай луйвраас сэрэмжилсэн хэлбэр гэдэг талаас нь зарим гишүүн тайлбарлаад байгаа?
-Цагдаагийн байгууллагын хуулийг сайжруулах нь зүй ёсны асуудал. Өөрөөр хэлбэл жагсаал цуглааны эсрэг зэвсэг хэрэглэнэ гэхээсээ илүү ер нь Монголд цагдаагийн байгууллага яаж ажиллах ёстой юм бэ гэдгийг нарийн хуулиар зохицуулах хэрэгтэй. Хуулиа гаргахдаа буу хэрэглэж болохгүй гэж бүр тодорхой заагаад өгчих ёстой. Түүнээс биш банк дээрэмдээд кинонд гардаг шиг буудаад байвал яах юм бэ. Цагдаа нар бороохойтой явж байх уу гэдэг асуулт бий болно. Хуулинд үүнийг бүр тодорхой болгох хэрэгтэй. Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй дээрэм тонуулын үйл ажиллагааны үед зэвсэг хэрэглэхээс өөр аргагүй. Гэхдээ улстөрийн сонгуулийн үед иргэний нийгмийн маргаан хямралын үед зэвсэг хэрэглэхийг хориглох ёстой. Үүнийг тодорхой заагаад өгчих хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр иргэд гудамжинд жагсах чинь өөрөө ардчиллын нэг хэсэг.
-Долдугаар сарын нэгэн шиг үйл явдал давтагдвал яах вэ?
-Долдугаар сарын нэгний асуудал бол төрийн буруу. Яагаад гэвэл жагсаж байгаа хүн өөрөө өөрийгөө хамгаалах ёсгүй. Дэлхийн бүх орны хуулиар жагсагчдыг хамгаалах нь төрийн үүрэг байдаг. Гэвч тэр хүмүүсийг хамгаалаагүйгээс болоод өдөөн хатгалага явагдсан. Тэгэхээр цагдаагийн үүрэг бол жагсагчдыг буудах биш, жагсагчдын хамгаалах явдал. Үүнийг нарийн хуулиар зохицуулж өгөх ёстой. Би жагсаал цуглааныг ардчиллын хамгийн том ололт гэж гэж бодож байгаа. Яагаад гэвэл иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Ганцхан машин, байшин шатааж болохгүй. Ер нь гэмт этгээдүүдээс хамгаалсан хуулийг нарийн болгох ёстой.
URL: