“Цунамигийн нуугдмал эрдэнэс” олсноо улсад тушаажээ

Номхон далайд хөвж буй Японы цунамийн хэдэн тонн үлдэгдлийн дунд загасчны завь, модон дээвэр, эвдэрч хэмхэрсэн тавилга гээд есөн зүйлийн хог хаягдал байна. Гэтэл далайд нуугдмал эрдэнэс хүртэл байгаа ажээ.

Хэдхэн хоногийн өмнө нэгэн завьны загасчдын торонд 11 сая иентэй хүүдий (100 мянган евро) оржээ. Мэдээж энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын аймшигт цунамид байшин барилга, автомашинуудын хамт арчигдаж далайд очсон бололтой.

Загасчид сардин, атун загасаар дүүрэн тороо татаж гаргахад дунд нь 10 мянгатын иенээр дүүрэн хүүдий байсан байна. Далайчид олзыг хувааж авсангүй, Офунато хотын захиргаанд мөнгийг хүлээлгэж өгчээ. Ивате мужийн энэ хот цунамид хамгийн ихээр өртсөн хотын нэг юм.

“Энэ мөнгө байгалийн гамшигтай холбоотой болох нь гарцаагүй байх. Учир нь ийм их мөнгийг далайд зүгээр хаях хүн байхгүй” хэмээн Хотын захиргааны ажилтан Коу Уэно хэлжээ.

Аварга давалгаанд арчигдсан Офунато хотын барилга байшингаас олон зуун хадгаламжийн хайрцаг гарч ирсэн юм. Тус хотын иргэдийн гуравны нэг нь 65-аас дээш насныхан байсан бөгөөд тэд тэтгэврээ гэртээ гудсан доогуураа хадгалдаг байсан аж. Япон хөгшчүүдийн дунд “tansu yokin” буюу “Мөнгөө шүүгээнд” хэмээх уламжлал ихэд тархсан байдаг. 253 тэрбум иен зах зээлд эргэлдэлгүй гэрийн гудсан доор нуугдаж байдаг гэсэн тооцоо бий.

2009 онд Японы төв банкнаас гаргасан судалгаагаар, 10 мянгатын иенийн (93 доллар) гуравны нэг нь мөнгийг банкинд бус оймсонд хадгалдаг заншлын улмаас эргэлтэнд ороогүй байжээ.

Харамсалтай нь цунамид өртсөн мужид мөнгөө гэртээ хадгалж байсан хүмүүсийн ихэнх нь аварга давалгаанд өртөж амиа алдсан юм. Одоо далайгаас олдсон мөнгийг хэнийх вэ гэдгийг тогтоох ямар ч боломжгүй. Үүнийг Японы хэвлэлүүд “Цунамийн нуугдмал эрдэнэс” хэмээн нэрлэж байна.

Н.Мөнхжин


URL:

Сэтгэгдэл бичих