Ц.Сүхбаатар: Худал мэдээлэл хүмүүсийн инээдийг хүргэж байна

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Сүүлийн үед МАХН-ын түр штабын гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл, уриалга гаргах боллоо. Янз бүрийн жагсаал цуглаан ч зохион байгуулаад байх шиг байна. Үүнд МАН-ын байр суурь ямар байна вэ?

-Их хурлын дараагаар МАХН-ын буурин дээр үлдэж, түр штабыг байгууллаа гэх зүйл санаачилж байгаа хүмүүс гарч ирсэн. Энэ үйл явцыг намын зүгээс ажиглаад явж байна. Үүнд бид айхтар сөрөг реакц өгч, болохгүй зүйл боллоо гэж хандахгүй байгаа. Хүмүүст асуудлыг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй болов уу. МАХН-ын МАН болсон нь өөрөө их том үйл явц. Өөрөөр хэлбэл, сэтгэлгээний, үйл ажиллагааны их том хөгжил болсон. Тиймээс МАХН-ын түр штабт хамрагдаж байгаа намын гишүүдийг ойлгох цаг хугацаа өгсөн. Харамсалтай нь байдал арай өөрөөр эргэж байх шиг байна. Энэ үйл явцыг зохион байгуулж байгаа штабынхан өөрсдөдөө итгэлтэй, болно, бүтнэ гэсэн байдалтай, үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа зүйл ажиглагдаж байгаа.

Бидэнд сүүлийн үед аймгийн намын хороодоос мэдээлэл ирж байна. МАХН-ын түр штабаас дэмжигчийг бүртгэнэ, тэнд очиж хурал зөвлөгөөн хийе, онц их хурал хийнэ. Үүнд төлөөлөгч сонгох хэрэгтэй байна гэх мэтчилэн хандаж байна гэсэн. Энэ бүхэнд манай нам улс төрийн туршлагатай намын хувьд тайван, буурьтай хандаж байгаа.

-Саяхан 5-6 аймагт МАХН-ын түр штаб салбараа нээсэн гэж байсан шүү дээ?

-Өнгөрөгч хэд хоногт бид аймгийн намын хорооны дарга, дэд дарга нартайгаа зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Үнэн хэрэгтээ ийм зохион байгуулалтад орсон зүйл байхгүй юм билээ. Хууль зүйн үүднээсээ МАХН-ын нэр, туг далбааг ашиглаад үйл ажиллагаа явуулах бололцоо байхгүй. Үүнийг түр штабын нөхдүүд ойлгож байгаа байх гэж бодож байна.

-Улс төрийн намын тухай хуульд заасан намын нэр, үзэл баримтлалыг ашиглахгүй байх тухай зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоол гарсан байсан шүү дээ. Тэгэхээр МАХН гэсэн нэрийг авч болох юм биш үү?

-Тэр хуулийн талаар манай намын хуульчид судалгаа хийж үзсэн байгаа. Үүнийг хэвлэл мэдээллээр хангалттай ярьж байгаа. Цаашид ч ярих болно. МАН-ын уугуул нэрээ сэргээсэн талаар хуулийн байгууллагууд шийдвэрээ гаргачихсан шүү дээ. Монгол Улсын дээд шүүх МАН нь 1921 онд байгуулагдсан хэмээж 001 гэсэн дугаараар бүртгэж авсан. Бусад хуулийн тухайд энэ хуулийг зөрчсөн гэсэн асуудал ямар ч хуулийн байгууллагаас гараагүй.

Харин Улс төрийн намын тухай хууль, бусад хуулийг МАХН-ын түр штабын нөхдүүд зөрчиж байна. Энэ талаар МАН-ын хяналтын ерөнхий хороо хуралдаж, хууль хяналтын байгууллагуудад нь хандчихсан байгаа. Хууль хяналтын байгууллагаас энэ чиглэлээр тодорхой чиглэл, шийдвэр гарах байх гэж найдаж байгаа. Нэр ашиглаж байгаа нөхдүүдтэй бид зөвхөн хуулийн хүрээнд л ярих болно. Юм үнэнээрээ явах байх. Асуудал ойлгомжтой. Манай намын гишүүд ч зөв ойлголттой байгаа гэдэгт итгэлтэй байгаа.

Манай нам ирэх нэгдүгээр сарын 3-наас эхлэн намын бат илэрхийлэхээ шинэчлэн олгох ажлаа эхлэх гэж байна. Энэ арга хэмжээг нэгдүгээр сард багтаан дуусна гэж бодож байгаа. МАН түүхэндээ 11 удаа батлахаа шинэчилсэн юм билээ. Энэ удаагийнх 12 дахь нь. Гишүүдээс шинэ бат илэрхийлэх олгох хүсэлт маш их ирж байгаа. Ирэх сарын 3-н хүртэл манай гишүүдийн МАХН-ын бат илэрхийлэл хүчин төгөлдөр байна. Түүнээс хойш МАН-ын бат илэрхийлэлтэй болно гэсэн үг. Харин хуучин батлахыг нь дурсгал болгон гишүүддээ үлдээх гэж байгаа.

-МАХН-ын түр штаб 10 мянга гаруй гишүүд, дэмжигчидтэй болсон хэмээн мэдэгдээд байгаа. Зарим тохиолдолд үүнээс илүү олон дэмжигчид байгаа гэх. Та үүнийг юу гэж бодож байгаа вэ?

-Ийм худал мэдээлэл хүмүүсийн инээдийг хүргэж байна шүү дээ. Бид XXI зуунд амьдарч байна. Худал мэдээлэл өгөөд улс төр хийнэ гэвэл бүтэхгүй ээ. Бид 20 жилийн өмнөх Монгол биш. Монголчуудаа ингэж басамжилж болохгүй. Бидний эсрэг рүү янз бүрийн арга хэмжээ явуулж болно. Гэхдээ хүмүүсийг хуурч болохгүй.

Бидэнд ирж байгаа албан ёсны мэдээллээр МАХН-ын түр штабт бүртгэлтэй 200 орчим хүн байна гэсэн. Юм үнэнээрээ байх сайхан. Ер нь бид намын дийлэнх олонхийн саналаар гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж байгаа. Гишүүд нь даанч цөөн юм билээ. Ингэхдээ буруу төөрөлдөөд явж байна уу гэж уулзаж байсан юм. Харин одоо бол дахин дахин уулзаад байхгүй. Хувь хүн өөрөө сонголтоо хийх эрхтэй. Монголд олон нам байна. Дуртай намаа байгуулаад явсан ч болно. Гэхдээ МАХН гэдэг нэрээр явахгүй ээ. Энэ бол хууль зүйн хувьд хаалттай байгаа гэдгийг дахин хэлье.

-МАХН-ын түр штабын зохицуулагч Ц.Шинэбаяр эрх баригчдад хандан тунхаг гаргасан байсан. Тунхагт бирд хэмээх хүмүүст хандаж үгээ хэлсэн байна лээ. Түүний тунхгийг уншсан зарим хүмүүс Ц.Шинэбаяр хуучнаар МАХН, одоогийн МАН-д байсан. Тэгэхээр тэр МАН-ын булхайг дэлгэж тавилаа гэх нь сонсдож байсан?

-Түүнийг зохиосон хүмүүс юм бодож л зохиосон байх даа. Гэхдээ өнөөдрийн манай монголчуудын улс төрийн мэдлэг, оюун ухаан хөгжөөд явчихсан шүү дээ. Ингэж басамжилж болохгүй. Би тэр гарсан зүйлийг уншаад бирд гэж үнэхээр хэн юм бэ гэж бодсон. Хэн бирд байж болох вэ. Тэр тунхаг дотор нь Монгол Улсын дотоод гадаад бодлого, эрх баригчид гэж ирээд л бичсэн байна лээ. Цааш нь лавлаад уншихаар улс төрийн байгууллагын мөрийн хөтөлбөр ч юм шиг санагдаж байсан. Ийм зүйл хийж байгаа нь эвгүй сэтгэгдэл төрүүлж байна. Бид улс төрийн соёлд суралцах хэрэгтэй. Улстөрч хүн ёс суртахуунтай, хэм хэмжээтэй байх хэрэгтэй.

Бирдийн тухайд гэвэл манай нам 150 мянга гаруй гишүүнтэй. Тэд нийгмийн давхарга бүрийн төлөөлөл. Малчин, ажилчин, багш, эмч, улс төрийн албан хаагч гээд жирийн ард иргэд байгаа. Тэгэхээр энэ бүх хүмүүсийг бирд гээд байгаа юм уу. Эсвэл тодорхой нэг хүнийг бирд гээд байгаа юм уу. Тийм бол тодорхой бичих хэрэгтэй шүү дээ.

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эсрэг оюутнуудын жагсаал болсон. Үүнийг МАН-аас зохион байгуулсан гэх юм?

-Манай намаас тийм зүйл огтхон ч зохион байгуулаагүй. Харин бидэнд ирсэн мэдээллээр МАХН-ын түр штабыг дэмжиж байна гэсэн агуулгаар оюутнуудыг цуглуулж, эдийн засгийн урамшуулал өгдөг тухай сонссон. Үүнд будилсан гээд оюутнууд манайд хандсан тохиолдол бий. Үүнийг бид асуудал болгоод байх зүйл гэж бодохгүй байгаа.

-Энэ намрын чуулганаар сонгуулийн тухай хуулийг батлахаар төлөвлөсөн. Хоёр намын бүлгээс ажлын хэсэг гарч нэлээд чамбай хууль гаргахаар ажиллаж байгаа гэсэн. МАН-ын хувьд сонгуулийг ямар системээр явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?

-МАН-аас сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. МАН, АН-ын ажлын хэсгүүдийн боловсруулсан саналуудаас харж байхад хоёр нам хоёулаа холимог байх нь зүйтэй гэсэн чиглэл гаргасан байгаа. Гэхдээ холимог дотроо ямар хувилбар байх вэ гэдгийг ярьж байна. Манай намын хувьд сонгуулийн тогтолцооны хувилбарын хувьд холимог байх нь зүйтэй гэж намын Удирдах зөвлөл санал нэгдсэн байгаа. Ажлын хэсэг холимог дотроо ямар байх талаар ажиллаж байна.

Сонгуулийн тогтолцоо ямар байхаас тухайн орны улс төрийн байдал харагддаг. Сонгууль шударга явагдах ёстой. Үүнд манай нам зарчмын хатуу байр суурьтай байгаа. Сонгогчийг хуурч саналыг нь авдаг шударга бус байдал огтхон ч байж болохгүй. Энэ бол анхаарал татаж байгаа асуудал. Үүнтэй холбоотойгоор сонгогчдын улс төрийн боловсролыг сайжруулах асуудал гарч байгаа юм. Сонгуулийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөх зэрэг анхаарч байгаа.

Сүүлийн сонгуулиудад сонгогчдын тухайн цаг үеийн сэтгэгдлийг татах популист амлалтууд гарах болсон.

-Шинээр батлагдах сонгуулийн тухай хуульд сонгуулийг шударга явуулах талаар нэлээд нарийвчлан тусгаж байгаа гэсэн. Ялангуяа бэлэн мөнгө тараахыг хатуу хориглож байгаа гэсэн үү?

-Хатуу хориглож байгаа. Ер нь шинэ сонгуулийн тухай хуульд хариуцлагын заалтуудыг чангатгаж өгөх ёстой гэсэн санал гаргаж байгаа. Хууль зөрчдөг, холбогдох байгууллага нь бурууг нь тогтоодог. Харин хариуцлагын арга хэмжээ нь хэдэн төгрөгөөр торгох л байдаг. Тиймээс сонгуулийн тогтолцоог зөв, боловсронгуй болгох, иргэд сонгогчдынхоо улс төрийн боловсролыг зайлшгүй сайжруулах шаардлагатай байгаа юм.

-Намын их хурлаас хойш МАН нэг л намдуухан болчихлоо. Их хурлаас хойш ямар ажил хийж байна вэ?

-Намын XXVI Их хурлыг олон нийт, гадаад улс орнууд түүхэн хурал болсон гэж дүгнэж байгаа. Намын гол гол зарчмын хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэнэ гэдэг бол маш том асуудал. Тухайлбал, 1990 оноос хойших нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд Их хурал дүгнэлт өглөө. Шилжилтийн бүхэл бүтэн 20 жилийг үнэлэн дүгнэнэ гэдэг өөрөө маш их хариуцлага. Энэ дүгнэлтийг Монголын нийгмийг сайтар судалсны эцэст зөв хийх ёстой.  Бид хоёр жил гаруйн хугацаанд энэ судалгааг явуулж байж дүгнэлт гаргасан. Дүгнэлтээс харахад манай улс зах зээлийн харилцаанд шилжиж дууссан. Одоо үүнийг боловсронгуй болгох холбоотой асуудлууд байгааг тодорхойлсон юм.

Намын их хурлаар уугуул нэрээ сэргээж, үзэл баримтлалаа тодотгон баяжуулсан нь 1990-ээд оноос хойш яригдсаар, хайгуул хийсээр байсан зүйл. Тухайн үед гишүүдийн 30 хүрэхгүй хувь нь энэ талаар ярьдаг байсан бол сая XXVI Их хурлаар төлөөлөгчдийн 99.3 хувь дэмжиж уугуул нэрээ сэргээж, үзэл баримтлалаа тодотгон баяжууллаа. Нэр бол агуулгыг тодорхойлдог учир уугуул нэрээ сэргээсэн нь маш зөв болсон. Бид их хурлын өмнө судлаачдын санал дүгнэлтийг сонссон. МАН-ын үүсгэн байгуулагдсан, явж ирсэн уламжлалт түүх нь уугуул нэрийнхээ агуулгатай тохирч байна гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа.

Их хурлын дараагаар Социнтерны намуудын хурал, бусад намуудын хуралд суулаа. Дэлхий нийт маш их мэдээлэлтэй байдаг юм. Тэд манай намын нэрээ сэргээсэнд талархалтай хандаж байгаа. Сөрөг нам  ч тэр, уламжлалт харьцаатай намууд нь ч тэр ийм байдлаар хандаж байгаа.

Т.ГЭРЭЛМАА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих