Анхааруулга: Зуны улиралд машин дотор 70 градус хүрч халдаг
Урин дулааны улирал эхэлж, зуны аагим халуун өдрүүд эхэлж байна. Эдгээр өдрүүдэд үр хүүхдээ автомашиндаа битгий үлдээгээрэй гэсэн сэрэмжлүүлгийг эцэг эхчүүдэд дахин хүргэсээр байгаа юм.
Өмнөх жилүүдэд машиндаа хүүхдээ цоожилж үлдээсний улмаас бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан тохиолдлууд гарч байв. Харин энэ жилийн хувьд онцгой байдал болон эмнэлэг, цагдаагийн байгууллагад ийм төрлийн дуудлага мэдээлэл ирээгүй гэх сайхан мэдээлэл хүргэхэд таатай байна.
30 хэмийн халуун өдөр автомашинаа гадаа аравхан минут орхиход машин доторхи температур 70 хэм болдог ажээ. Үнэхээр аюултай. Энэ тоог дэлхийн олон улс оронд хэмжээд тогтоосон байдаг бөгөөд ийм халуунд машинд үлдсэн хүүхдийн тархинд 10-15-хан минутын дотор цус харвах аюултай байдаг аж. Зурган дээрээс та бүхэн бодит байдал ямар болохыг харж байгаа биз. Машин дотор хайруулын тавганд өндөг шарах хэмжээний халуун байдаг гээд төсөөлөөд үз дээ.
Үр хүүхдээ хээв нэг машиндаа цоожлоод, зуны бүгчим халуунд ажлаа амжуулж яваад, хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх юм. Тиймээс халууны улирал эхэлж байгаа энэ өдрүүдэд анхаарал болгоомжтой байж, үр хүүхдээ машиндаа цоожилж, ажлаа амжуулахгүй байхыг нийт эцэг эхчүүдэд анхааруулахыг хүслээ.
118 дугаар зүйл. Асран хамгаалах үүргээ урвуулах
118.1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шунахай зорилгоор урвуулан ашигласан, асран хамгаалж байгаа хүнээ хараа хяналтгүй байлгасан, шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: