Хүүхэд хог шиг хаягддаг болсон гэж үү? ээ халаг гэж…

9519

Бүүвэйн дуутай эхийнхээ өвөрт эрхэлж суух бяцхан үрсийн амь үнэгүй болсон гэж үү?  Харамсах  халаглах сэтгэл төрж байна.

Нэг үйл явдлыг сануулахад саяхан цэцэрлэгийн хашаа дотор нялх охиноо хаяад явсан бараан хувцастай эмэгтэй, олны дунд ой зургаан сартай охиноо орхиод зугтаасан ээж, хогийн цэг дээр өлслөнгөөр хаягдан хорвоог гүйцэт таньж чадалгүй үүрд буцсан хоёр хүүхэд зэрэг үйл явдлууд нэгийг бодогдуулна.

Энэ бүхэн Монголчуудын чихэнд сонсогдсоор бишгүй хугацааг ардаа үджээ.

Эртний сайхан үг байдагсан. Эхийн хайранд өлгийдүүлж, эцгийн хайраар хорвоог танина гэх үг “Монгол уламжлалын сургааль” номонд байдаг. Гэвч энэ үг одоо цагт жинхэнэ үгүйлэгдэж байна. Хэдхэн хоногийн өмнө нялх үр нь төрсөн эхийгээ  хайн часхийн уйлж, ижийгээ дуудсан боловч эргэж харалгүй зугтаасан тэр эмэгтэй одоо хаана явна вэ?

Хариулт үгүй асуулт болж байх шиг. Үрээ хаясан тэр эмэгтэйгтөрсөн эх нь өөрийг нь ингэж хаяж хүн болгоогүй байлтай. Өнөөдрийг хүртэл эрэн сурвалжсаар л байна. Олдоно гэдэг үгэнд найдаад орхиё.

Төрсөн гэрийн бууц нь хогийн цэг. Төрүүлсэн эцэг эх нь амьдралын боломж бололцоо дульмагхан ийм л амьдралтай нүүр тулж амьдрахын эрхэнд, өөрөө амьд үлдэхийн тулд өөрийгөө, төрүүлсэн үрээ золиосож яваа бидний мэдэхгүй хичнээн хүн хогийн цэг дээр амьдарч байгаа бол гэж бодохоор зүрх шимширнэ. Нүдэнд нулимс мэлмэртэл ийм нэгэн хэрэг болсон.

Биднээс тэс өөр орчин буюу хогийн цэг дээр хоёрын хоёр хүүхэд өлсгөлөнгөөр амиа  алдсан нь тусгаарлагдсан нийгмийн цаана  амьдрал хэрхэн хатуу ширүүн байгааг харуулж байна. Бодоход сэтгэл сэртхийлгэм боловч энэ бол хатуу үнэн.  Хоёр хүүхдээ харж суусаар өлсгөлөнгөөр алдсан эх, эцэг хоёрыг буруутгаад дууссан гэдэг.

Гэтэл тусгаарлагдсан нийгмийн цаана байгаа бодит байдал нь өнөөгийн нийгэм ямар байгааг харуулна. Энэ хоёр хүүхдээр өлслөнгөөр үхэж буй хүүхдийн тоо дуусаагүй гэдгийг бид санах л хэрэгтэй.

Адгуус амьтан хүртэл үр зулзагаа өмөөрөн хамгаалдаг гэдгийг бид дээр дооргүй мэддэг хэрнээ яагаад өөрийнхөө үрээсээ зугтаан, төөрүүлж хаях, өлсгөлөнгөөр үхүүлэхэд хүрэв ээ? Ийм нийгмийг бид хүсээгүй.  Энэ байдалд төр засаг буруутай.

Өлслөнгийн зовлонгоор хүүхдээ үхүүлэхгүй, худалдааны төв дотор хүүхдээ төөрүүлэхгүй, хогийн саванд үрээ хийж хаяахгүй, долоохон хоногтой нялх үрээ хашаа дотор үлдээхгүй ийм сайхан цаг хэзээ ирэх бол. Энх тунх нийгэм хаана байна вэ. Хүүхдийн амь нас сохор зоосны үнэд хүрэхээ болсон гэж үү. Ээ халаг гэж…

Эх сурвалж: Bolod.mn

Сэтгүүлч Ч.Зэвэг


URL:

Нэр: Зочин Огноо: 25 May 2017

Үр хүүхдийн хүслэн болоод, хүүхэд хүсч байгаа гэр бүлд өргүүлсэн бол аштай юу. Хүнд хүн хэзээ ч илүүдэхгүй гэдгийг мэдэхгүй, тэнэг л байна даа.

Сэтгэгдэл бичих