“МОЭНКО”-ГИЙН ЭРХ АШГИЙГ УИХ-ЫН ЗУРГААН ГИШҮҮН ТӨЛӨӨЛЖ БАЙГАА ЮУ

Баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир гэсэн хэллэгээр саарал ордны улстөрчид нэг хэсэг тээ хөгжив. Баабар “ Жамух” нийтлэлдээ улаан хацарт, ярьдаг бөх, баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир… гэсэн юухан хээхэн илүү олоод долоочих санаатай ар мийнхан бий болсон тухай бичжээ. Нэр ус нь тодорхойгүй ч хэн нэг, хэсэг бүлгийнхэнд чиглэгдсэн нь тодорхой. Сонирхвол бүгд эзэнтэй аж. Улаан хацарт, ярьдаг бөхийг манайхан бүгд мэднэ. Харин баян горхины далайн дээрэмчин, балтуушир нь хэн болохыг сонирхов. Улстөрчдийн нэрлэснээр С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр хоёрт Баабар ийм нэр хайрлажээ. Ерөнхийдөө бол энэ армийнхан гэдэг нь Монголын талын Оюутолгой дахь хувь хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө тэмцэгчид болж таарав. Энэ хувь хэмжээг уг нь одоо биш ч яваандаа нэмэхээр гэрээнд заасан юм билээ. Гэтэл ийнхүү яг өнөөдөр хэмээн адгаж буй нь сонгуультай л холбоотой юм билээ.

Баабар тэднийг “Эдний хувьд юухан хээхэн илүү олоод долоочих санаатай болохоос, ямар элэнцгийнх нь эх орон, ард түмэн бэ” хэмээн бичсэн нь үнэн санагдав. Жил хагасын өмнө дөө. Ховдын Хөшөөтийн нүүрсний ордын асуудал УИХ дээр яригдаж, улстөрчдийн анхааралд ид орж байх үед ҮАБЗ- өөс томилогдсон гэх нэгэн ажлын хэсэг Ховдод ажилласан юм. Тэд ҮАБЗ-ийн Ажлын хэсгийн хувьд Хө шөөтийн уурхай, Мо Эн Ко компанитай танилцахаас гадна Ховд, баруун бүс дэх Үндэсний аюулгүй байдлын нөлөөллийг судлах өргөн цар хүрээтэй үүрэг чиглэлтэй явсан байж таарна. Гэтэл эрхэм гишүүн С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх П.Цагаан нар Хөшөөтөд ажиллаад ирсэн даруйдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөшөөтийг хэлэх үгээ ололгүй магтан дуулж, Монгол Улсад, баруун хязгаарт Хөшөөт жинхэнэ утгаараа хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй талаар сурталчилж байсан юм.

Тухайн үед үүнийг олон хүн гайхан хүлээн авсан. Үнэхээр дээрх эрхмүүд ҮАБЗ-ийн даалгавраар Ховд, Хөшөөтөд ажилласан нь үнэн бол нэг компанийн талыг хэт барьж, олон нийтийг талцуулсан мэдээлэл өгсөн нь ҮАБЗ-ийн байр суурьтай илт зөрчилдсөн хэрэг. Тиймдээ ч тэдний ярьж хэлсийг ҮАБЗийн ажлын хэсгийн үнэлэлт дүгнэлт үү, хэсэг бүлгийнхний байр суурь уу гэдэгт эргэлзэж байсан юм. Гэтэл эхнээсээ үүний нууц тайлагдав. Ховдынхон болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирэх 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших зургаан хүнтэй МОЭНКО-гийнхон гэрээ хийсэн тухай яригдаж эхэллээ. Эдгээр гэрээ хийсэн хүмүүсийн хоёр нь одоо УИХ-д суудаг төдийгүй тус бүрт нь 400-600 сая төгрөгийн санхүүжилт олгохоор тохиролцсон бололтой юм. Үүнийгээ бэлэн мөнгө болон тендерээр зохицуулахаар болсон гэнэ. Энэ тухай нутгийн иргэд “Яг бариад үзүүлэх баримт байхгүй учраас бидний буруу болдог. Түүнээс биш Хөшөөтийн уурхай дээр ихээхэн булхай, хулгай явагдаж байна. Харин үүний дүнд иргэд бид хохирч үлдэх нь” хэмээн гомдоллож байна.

Хэрэв энэ үнэн бол Баабарын хэлсэнчлэн юухан хээхэн илүү олоод долоочих санаатай улстөрчид эх орон, ард түмний эрх ашиг гэх нэрээр бамбай хийдэг нь улайм цаймдаа ийнхүү гарчээ. Юун Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хууль. Ийм хүмүүст үйлчлэх хууль байтугай, хувь хүний ёс суртахуун гэж алга. С.Эрдэнэ “Хөшөөтийн хөрөнгө оруулагчид хэн байна гэдэг асуудлын гол биш. … Үнэнийг хэлэхэд Хөшөөт шиг сэтгэл гаргаж бүхнийг хийсэн зүйл өөр орд газар, уурхай гаас ерөөсөө харагддагг үй. Ийм хариуцлагатай хандвал Монголын баялаг монголчууддаа ашигтай болно, харамсаад байх зүйл ч алга.,,” хэмээн магтах үгээ олохгүй хэлж байлаа. Тэр үед С.Эрдэнэ өнөөдрийнх шиг уул уурхайгаар улстөрждөггүй байлаа. Уул уурхайг мэдэхгүй болохоор “хүүхдийн” нүдээр харж дээ л гэж жиг жуг хийж байсан. Тэр үед байдал ямар байсныг, өнөөдрийг хүртэл Хөшөөт үнэхээр хариуцлагатай үйл ажиллагаа явуулж чадаж байгаа эсэхийг түмэн мэднэ. Гэтэл Монгол Улсын стратегийн ордоос сугалж, хулгайлж үлдээсэн Хөшөөтийг Хятадын нэг компани дангаараа эзэмшиж, Ховдод төргүй, засаггүй мэт авирлан, нутгийнхны эрх ашгийг зөрчсөөр байна.

Энэ бол зөвхөн С.Эрдэнэтэй холбоотой асуудал биш. Түүнээс гадна цөөнгүй гишүүн энэ зүгт хайрын харцаар талимаарч, бүр сүй тавихыг санаархаж байгаа мэдээлэл бий. Ийм шүтэн бишрэгч эрхмүүд Хөшөөтийн булхайтай үйлдлийг хамгаалж байдаг нь хэнд ч ойлгомжтой. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөшөөтийн уурхайд саяхан хийсэн шалгалтаар, нөхөн сэргээлтийн дүгнэлт, уурхайн хаалтын төлөвлөгөөгүй, техник, эдийн засгийн үзүүлэлтэд заагдсан өрнөлт, хүчин чадлын дагуу явагдахгүй байгаа зэрэг дутагдал зөрчил илэрсэн. Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Байгаль орчны тухай зэрэг олон олон хуулийг МОЭНКО компани зөрчиж төрийн байгууллагуудын тавьсан шаардлагыг үл ойшоосоор ирсэн. Тиймдээ ч нүүрс тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг нь гурав дахь удаагаа зогсоогоод байгаа. Энэ нь зарим гишүүдийн Хөшөөтийг шүтсэнчлэн хариуцлагатай уул уурхай мөн үү.

Хөшөөтийг Монгол Улсын стратегийн ордод оруулах, эсэх асуудлыг Стратегийн ордын хоёр дахь хавсралт болох 39 ордын хамт удахгүй УИХ-д оруулна хэмээн ЭБЭХ-ний сайд С.Зоригт хэлсэн. Тэр бүхэл бүтэн нэг жил Хөшөөтийн асуудлыг сейфэндээ дарсны эцэст ийнхүү УИХ-аар хэлэлцүүлж магадгүй нь. Харин тэр үед УИХ-ын гишүүд, ялангуяа Ховдоос сонгогдсон эрхэм түшээд баруун хязгаар дахь “Тавантолгой”-д ард түмэн, эх орны эрх ашгийг хэрхэн хамгаалахыг хүлээе. Өнөөдөр Монголын улс төр, бизнесийн гол судсыг Ховдынхон атгаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргаас эхлээд парламентын 76 гишүүний 19 нь энэ нутгаас гаралтай.

Харин тэдний дунд нутгийнхны хэлж, хэвлэлийнхний шуугиж байгаа МОЭНКО-д худалдагдсан гэх зургаан улстөрч лообий хийх даалгавартайгаар шургалж амжсан бололтой. Монголын парламентад эх орон, ард түмний эрх ашгийн төлөө гэх уриатай, сонин жигтэй нэртэй армийнхан бий болсныг зарлалаа. Тэдний хувьд юухан хээхэн илүү олоод долоочих санаатай болохоос, эх орон, ард түмний эрх ашиг гэж байхгүй нь гарцаагүй байна.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих