МАН, Д.ДАМБА-ОЧИР та хоёр багахан шиг элэг бариарай

14955909015924e7f5ca027Монголчууд эртнээс аливаад хүлээцтэй ханддаг ард түмэн. Хөндлөнгийн зүйлд битгий хэл өөрийнхөө юманд ч түрүүлж дуугараад байдаггүй. Жишээлбэл, нэг хар юм эхнэртэй нь нэр холбогдоод байгаа тухай гадуур шуугиад байхад хүртэл нүдээр хараагүй л бол огт тоодоггүй. Тэр байтугай өнөөх дуулианы эзэн гэрт нь ирээд ойр зуурынх нь ажилд туслаад байхад нөхөр “Манай энэ мөн ч ажилсаг хүн дээ” гэж эхнэртээ магтаад байх нь тэр. Харин шөнө унтахад ажилсаг эр эхнэрийнх нь урдуур ор засах юм бол нөхөр сая цаад учрыг мэддэг. Олны яриа ортой байсныг ойлгосон нөхөр тэдэнд хандаж нэг л үг хэлдэг сэн. “Та хоёр багахан шиг элэг бариарай” гэдэг. Энэ бол зүгээр л хэлээд өнгөрдөг үг биш юм. Цаанаа ямар айхавтар давхар утга агуулдгийг бүгд мэднэ. Ийм үг сонссон эхнэр нь ч тэр, цаад хар юм нь ч тэр шууд ойлгодог.

Хүмүүс багахан шиг элэг бариарай гэж тэр бүр амнаасаа цухуйлгаад байдаггүй. Ер нь аливаа асуудал болохоо байж, хэрээс хэтэрсэн үед энэ үг хэн нэгэн рүү чиглэдэг гэдгийг Монголын тал нутагт амьдарч байгаа ард түмэн бүгд мэддэг. Тэгвэл энэ үгийг МАН болон гишүүн Д.Дамба-Очир та хоёрт ард түмний өмнөөс хэлье. Та нар ард түмнийг багахан шиг элэг бариарай.

Парламентад 65-ын бүдүүн бүлэгтэй МАН, түүний гишүүн Д.Дамба-Очир хоёр ард түмний итгэлийг авч төрд гарч ирчихээд арай дэндүү ичгүүр, сонжуургүй авир гаргаж байгаа юм биш үү. Д.Дамба-Очир гишүүн таныг байнгын хорооны хуралдаан дээр согтуу сууж, хөл нь дэлхийгээ олохгүй, хэл нь тагнайгаа олохгүй таль таль хийж, шүлсээ үсчүүлэн мэдэмхийрч байгааг түмэн харлаа. Энэ бол нам нь ард түмнийг, Д.Дамба-Очир гишүүн өөрөө сонгогчдоо доромжилсон хэрэг мөн. Тиймээс МАН ард түмнээс уучлал гуйж Д.Дамба-Очирыгоо эргүүлэн татах хэрэгтэй байна. Үүнээс өмнө Б.Ундармаа гэх эмэгтэй гишүүн бас суудлаа олохгүй согтуу тэмтэрч явахыг ард түмэн харсан. Ер нь МАН 65-уулаа УИХ-д гарсандаа эрдэж төрийг төр биш, улсыг улс биш болгон тоглох нь хэрээс хэтрээд байна.

Багахан шиг элэг бариарай гэдэг үгийг 1996-2000 онд ард түмэн Ардчилсан намд хэлж, парламент дахь 50 суудлыг нь нэг болгож байсан юм шүү. Дараа нь 2012-2016 онд бас л ингэж хэлсэн. Үр дүн нь өнөөдрийн УИХ-ын бүтэц. Энэ бол ийм л урхагтай үг. Харин одоо үүнийг ард түмэн МАН-д зориулан хэлж байна. Тиймээс та нарт Д.Дамба-Очирыгоо буцааж татан хийсэн гэм нүглээ наминчилж, итгэл даах тулхтай улс төрийн нам гэдгээ харуулах хэрэгтэй болжээ.

mongoliinmedee.mn


URL:

Сэтгэгдэл бичих