Нэрэлхүү Монгол
Идэх талхгүй байна гээд аргаа барах хэрнээ гартаа алт зүүж, ноолуураар гангарсан хүмүүс Монголд зөндөө. Гадныхан аль болох энгийн хувцас биед амрыг нь хайж сонгодог бол манайхан хамгийн үнэтэйг нь аваад хэрэглэчихэж чадаж байгаа юм.
Хэзээ ч хүсээгүй мөртлөө, хүнээс дутахгүй гэсэн эцэг, эхийнхээ сургаалаар дээд сургууль төгсөнө. Яаж сурсан, чадварлаг мэргэжилтэн болсон эсэх нь эцэг, эх, үр хүүхдийн хэнд нь ч падгүй. Сургууль төгсчихөөд сурсныхаа хэргийг амьдрал дээр гаргах чадамжгүй зах зээлд гологдол бүтээгдэхүүн болсон тэд гадаадад ажиллах, амар хялбар амьдрал, дэлгүүрийн лангуу, зах дээр наймаа панз үсэргэхээс хэтрэхгүй. Тэр зэрэг нь өнгөрч. Монголчууд үр хүүхдэдээ амьдрал биш хоосон хэнээрхэл, цаг үрсэн үр дүнгүй боловсрол эзэмшүүлэх гэж яардагт учир байна.
Орох оронгүй хэрнээ түүнээс үнэтэй машин унасан хүүхдүүд нь баян тансаг амьдралыг мөрөөдөгчид болохоос бүтээгчид болох нь ховор. Гадны улс оронд гайгүй бизнесмен хүртэл бензин бага иддэг энгийн хэрэглээний автомашин унаж байна. Энэ бүх хэнээрхэл бидний нэрэлхүү зангаас л болж байгаа юм.
Хэрэг болохгүй нэрэлхүү зангаа хаа нэгтээ гээж орхих юмсан. Нэрэлхээд нэрээ идэх үү, гэртээ хариад гэрээ идэх үү гэж үг бий. Бодит үнэн сайхан. Өлсөж яваа хэрнээ хоол өгөхөөр цатгалан гэж нэрэлхээд хоосон ходоодоо хонхолзохоор амаа барьж яах юм бэ. Мөрөөдлөө бодит үнэн болгоход нэрэлхүү зан томоос том хашлага болоод байна.
Д.МӨНГӨНДАЛАЙ
URL: