Боловсролгүй удирдагчдын жагсаалтад Монгол Улс эрэмбэлэгдэх үү
Төрийн тэргүүн заавал боловсролтой байх ёстой юу. Дэлхийн удирдагчдын боловсролоор Монголын Төрийн тэргүүнд нэр дэвшигчдийг далайлгаж эхлэв. Зүй нь одоогийн нэр дэвшигчдийн нэг нь бүрэн дунд боловсролтойгоо шууд зарласан бол нөгөө нь хэд хэдэн сургуулийн босго давсан ч, эцсийг нь үзэж чадаагүй гэмтэй. Улмаар өөрт нь байгаа гэх диплом хуурамч эсэх нь эргэлзээтэй. Ийм үед АНУ-гийн үе үеийн Ерөнхийлөгчдийнх нь 80 хувь нь өндөр боловсролтой байсан мэдээлэл хөвөрч, хөөрхий нэр дэвшигчдийг нүүр хийх газаргүй болгох аж. Алсын Америкаас илүү Монгол Улсын мөнхийн хоёр хөршийн удирдагчдын боловсролыг нэн тэргүүнд авч үзье.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин. Тэрбээр тагнуулч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Ленинградын улсын их сургуулийн Хууль зүйн факультетийг Хуульч мэргэжлээр суралцан төгссөн нэгэн. Суралцах хугацаандаа Герман хэлийг давхар эзэмшсэн гэх мэдээлэл намтрыг нь чимдэг. Харин урд хөршийн удирдагч Си Зиньпин Бээжингийн Цинхуа их сургуулийг химийн инженерийн ангид суралцаж төгссөн нэгэн аж. Хожим улс төрийн карьераа эхлүүлсний дараа Цинхуа их сургуулийн дэргэдэх Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухааны их сургуульд Марксист философи, үзэл суртлын боловсрол судлан хууль зүйн докторын зэрэг хамгаалжээ. Түүний энэхүү зэрэг хамгаалсан сэдэв бол хуульч эмч улс төр, удирдлага, хувьсгалын түүхийн салбарыг хамарсан хэмээн мэргэшил тайлбарлагчид хэлэх нь бий. Ямартай ч урд болоод хойш хөрш маань ч боловсролыг шалгуур үзүүлэлтээ болгодгийн жишээ нь энэ.
Гэхдээ дэлхий дээрх 200 орчим орны Төрийн тэргүүн нараас боловсрол эзэмшээгүй эрхмүүд цөөнгүй бий. Жишээ нь, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зума. Тэрбээр Африкийн боловсрол эзэмшээгүй ерөнхийлөгч нарын эхний эгнээнд эрэмбэлэгддэг. Бага наснаасаа улс төрд оролцож явсаар Төрийнхөө өндөрлөгт хүрсэн нэгэн гэж түүнийг тодорхойлдог. Түүний боловсролгүй гэх дутагдалтай тал нь ерөнхийлөгч болсон цагаас нь нь хойш дэлхий нийтийн анхаарлын гол сэдэв байсаар ирсэн гэхэд болно.
Мөн Өмнөд Суданы ерөнхийлөгч Сальва Кийр Маяадит. Улс оронд нь өрнөсөн дайн самууны улмаас сургуульд сурч чадаагүй. Сургууль завсардах үеэс бослого хөдөлгөөнд оролцож эцэстээ тус улсын ерөнхийлөгч болсон намтартай. Газрын баялагтай ч гашуун амьдрал туулж яваа ард түмэн гэж судлаачид эл улсыг онцолдог. Олон жилийн иргэний дайны улмаас Өмнөд Суданы хөгжил сул дорой, дэд бүтэц хөгжөөгүй, хүн амын ихэнх нь хэрэгцээгээ хангах төдий аж ахуй эрхпэн амь зуудаг, ядуурал газар авсан эдийн засагтай орон.
Исмаил Омар Жибути улсын Ерөнхийлөгч. Тэрбээр уламжлалт Ислам сургуульд суралцаж ахлах сургуулиа дүүргэсний дараа засгийн газрын нууц цагдаагаар ажиллаж ерөнхийлөгч болох эхлэлээ тавьсан бол Алжирийн ерөнхийлөгч Абделазиз Ботифлека гурван ч ахлах сургууль дамжин төгссөн боловч дээд боловсрол эзэмшиж чадаагүй. Гэхдээ түүнийг сайн сурдаг байсныг ахлах сургуулийнхан нь нотолдог л юм.
Гамби улсын Ерөнхийлөгч Абдул Азис. Тэрбээр Банжул хотын Гамби ахлах сургуульд суралцжээ. Хожим нь тэрбээр Сенегал, АНУ-ын цэргийн сургуульд цэргийн сургалтанд сурсан. Харин 2000 оноос хойш Руандагийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Пол Кагаме дүрвэгсдийн лагерийн дэргэд анхан шатны боловсрол эзэмшжээ. Хожим нь дээд сургуульд элсэн орсон боловч ялгаварлан гадуурхалтын улмаас сургуулиа хаяж, дахин дээд боловсрол эзэмшиж чадаагүй гэдэг.
Мавритани улсын ерөнхийлөгч Мохамед Улд Абдел Азиз. Түүнд ахлах сургуулийн атестат байхгүй ч Мауританы эзэн хааны цэргийн академийг сайн төгссөн гэж мэдээллэдэг. Ерөнхийлөгч Мохаммед Улд Абдель Азиз 2008 оны цэргийн эргэлтээр төрийн эрхийг авч жилийн дараа Мавританы Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Өдгөө улиран сонгогдон ажиллаж байгаа билээ.
Изаяас Афверки. Эквадор улсын анхны ерөнхийлөгч. Тэрбээр хун тайж Маконнаны ахлах сургуулийг нь 1965 онд төгсөж ЛокСелассигийн их сургуулийн инженерийн коллежид элссэн боловч нэг жилийн дараа сургуулиа хаяж Эквадорын эрх чөлөөний тэмцэлд нэгдэн оржээ.
Конго улсын ерөнхийлөгч Денис Сасу. Долисийн коллежийг багшийн мэргэжлээр төгссөн түүнийг дэлхий нийт 10 дахь боловсрол тааруу ерөнхийлөгчөөр нэрлэдэг. Бүгд найрамдах ардчилсан Конго улс дэлхийн хамгийн ядуу орны тэргүүнд эрэмбэлэгддэг. Тус улс ижил төвшний есөн орноо бодвол харьцангуй их буюу 71.7 сая хүн амтай. Энэ нь тухайн улсад хөгжих боломж, нөөц бололцоо байна гэсэн үг судлаачид тодорхойлдог. Одоог хүртэл дайн самуунтай байгаа. Мөн хүчингийн хэрэг, бэлгийн дарамт газар авч дэлхийд хамгийн аймшигтай бүс нутаг гэлцэх нь бий.
Ерөнхийлөгч нь дээд боловсрол эзэмшиж чадаагүй эдгээр улс орнууд хөгжлийн түвшин дорой, дайн самуун дэгдсэн байгааг уншигч та анзаарсан байх. Яг л ийм улс орнуудад ерөнхийлөгчид нь боловсролгүй хүмүүс сонгогддог тухай олон улсын судлаачид тэмдэглэх нь бий. Манай улсад ч гэсэн африкийн энэ орнуудын Ерөнхийлөгчидтэй төстэй хоёр ч хүн Монгол Улсын Төрийн тэргүүнд нэр дэвшсэн гэж адилтгах аж. Улмаар тэдний нэг нь сонгогдсон тохиолдолд дэлхийн ядуу буурай орнуудын боловсролгүй Ерөнхийлөгчдийн нэрсийн жагсаалтад Монгол эрэмбэлэгдэх магадлал бий. Төв азийн хамгийн хөгжил буурай Монголын Ерөнхийлөгч боловсролгүй Төрийн тэргүүнтэй улсын дээрх жагсаалтад эрэмбэлэгдсэнээр түүхэндээ хэзээ ч арилшгүй хар толбо үлдээж мэдэхийг ч учир мэдэх хүмүүс хүүрнэх аж.
Монголчууд төрийн шинэ тэргүүнээ сонгоход сар гаруйн хугацаа үлдлээ. Тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуульд бид хариуцлагатай хандах нь чухал юм.
Д.ДОРЖ
URL: