“Оюутолгой”-д үнсний сав үгүйлэгдэж байгааг сайд олж харав
Өмнийн говь бол Монгол Улсын сангийн авдрыг аривжуулах уурхай гэж хэлж болно.
Тус аймагт стратегийн хоёр том орд бий. Энэ нь Оюутолгой, Тавантолгой. Оюутолгой эдийн засгийн эргэлтэд орсноор говь нутгийнхны амьдрал дээшилж, ажил орлого ч нэмэгдэх болжээ. Тэргүүн Шадар сайд Өмнийн говийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Хамар сэнгэнэсэн сайхан үнэрээр сайдыг далласан газар бол “Тангад Ра” компани. Говь гурван сайхан цайны үйлдвэрийг С.Мааманхүү ажиллуулдаг.
Тэрбээр багаасаа ургамал түүж, цай хандлах хоббитой нэгэн гэнэ. “Монголын малчдын холбоо”-ны тэргүүнээр ажилладаг тэрбээр зөвлөгөөнд оролцох боломж гарч Африк, Арабын орнуудаар аялахдаа цай хийх аргыг нь судална. Иргэдэд хамгийн ойр байдаг зүйл нь яалт ч үгүй цайны идээ. Хүний эрүүл мэндэд хэрэгтэй, эмчилгээний цай уулгах нь С.Мааманхүүгийн багын мөрөөдөл.
Тэрбээр мөрөөдлөө биелүүлж өдгөө даралт, бөөр, аяны зэрэг таван төрлийн цай үйлдвэрлэдэг. Түүхий эдээ Хархорум, Хужирт гэхчлэн орон нутгаар хэрэн 700 км-ын алсаас түүдэг учир зундаа 12-13, өвөлдөө найман хүнийг ажлын байраар хангана. ЖДҮ-ийн сангаас 10 сая төгрөгийн зээл авч, шинэ технологи авч, цайгаа савлажээ. Нэг хайрцаг цайгаар 20 литр цай чанах бөгөөд бөөний үнэ 1300 төгрөг.
Бүтээгдэхүүнээ “Оюутолгой”-д нийлүүлдэг бөгөөд ачааллаа дийлдэггүй талаараа Тэргүүн Шадарт учирлаж байв. Мөн усны бэрхшээлтэй говь нутагт цэвэр усны хэд хэдэн үйлдвэр байгуулжээ. 0.5 литрээр савла^ан цэвэр усаа 390 төгрөгөөр борлуулдаг. Сард 100 мянган ус “Оюутолгой”-д нийлүүлдэг бөгөөд мөн л ачааллаа дийлдэггүй талаараа ажилчид нь ярьсан.
Түүнчлэн модгүй газарт модны үйлдвэр байгуулж, гэрийн мод, тавилга үйлдвэрлэж байхтай ч таарсан юм. Хангай нутгаас түүхий эдээ зөөвөрлөж, мөн л “Оюутолгой”-д ажилчдынх нь байрлах гэр, өрөө тасалгааны тавилгыг нийлүүлдэг. Модны үйлдвэрт ажилладаг залуус Н.Алтанхуяг сайдтай зургаа татуулахыг хүссэн юм.
Сайд “Баяжих нь баараггүй, томрох нь тодорхой хүүхдүүдтэй зургаа татуулъя” хэмээн хошигнож харагдсан. Энэ мэтчилэн Өмнийн говийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл бүхэн “Оюутолгой”-той зайлшгүй холбоотой. Тухайлбал, өвөл, зуны хувцаснаас эхлээд хэд хэдэн оёдлын үйлдвэрүүд нь хоёр ээлжээр ажилладаг ч ачааллаа дийлдэггүй.
Түүнчлэн “Оюутолгой”-г түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах иргэдэд туслах зорилгоор “Бизнес хөгжлийн төв” байгуулжээ. Иргэн, аж ахуйн нэгж тус төвд хандаж, Оюутолгойд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхийн зэрэгцээ сургалтад сууж, мэдлэгээ дээшлүүлдэг. Одоогоор 169 ханган нийлүүлэгч бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг. Ойрын хугацаанд “Оюутолгой”-д шаардлагатай байгаа зүйл нь үнсний сав, автомашин ивэх ивүүр гэхчлэн тэр бүр хүн анзаараад байдаггүй зүйлүүд хэрэгцээтэй байгаа гэнэ.
Л.Нинжсэмжид
URL: