УИХ-ын гишvvд тэрбум төгрөгөө юунд зарцуулсан бэ

Манай сонины “ММ-Чуулган” vргэлжилж байна. Энэ удаа УИХ-ын 76 гишvvн тэрбумаа хэрхэн, яаж зарцуулсан юм бол. Улсын төсвөөс тойрогтоо бvтээн байгуулалтын ажил хийх, иргэд сонгогчиддоо хэрэгтэй зvйл хийхээр 76 тэрбумыг гаргуулсан УИХ-ын эрхэм гишvvд юу хийж бvтээсэн юм бол. Удахгvй УИХ-ын сонгууль болно. Тэнд сонгогдсон 76 гишvvн дахиад л тэрбум тэрбум төгрөг “халаасалж”, захиран зарцуулах эрх авна. Харин энэ удаагийн парламентад суугаа эрхэт тvшээд тэрбум төгрөгөөрөө тойрогтоо юу хийснийг, хэрхэн зарцуулсныг өөрсдөөс нь сонирхлоо.

П.Алтангэрэл:
-Тойрогтоо нэн шаардлагатай байгаа зүйлийг төсөвт тусгуулах бидний эрх. Дараа нь сайдын юм уу, Аймгийн Засаг дарга нарын багцад шилжээд явдаг. Тэгээд тендер зарлаад, хэрэгтэй зүйлдээ хөрөнгө оруулалт болоод явдаг байгаа. Үүнийг гишүүд бэлэн мөнгөөр нь авчихаад халаасалдаг мэтээр ойлгож болохгүй.

Арвин:
-Орон нутагт захиран зарцуулах эрхийг нь өгчихсөн.

Я.Батсуурь:
-Тэрбумын зарцуулалт нэлээд шүүмжлэлтэй тулгарсан. Хэвлэл мэдээлэлд бичсэн шиг гишүүд энэ мөнгийг аваад, завшаад тэрбумтан болсон гэсэн асуудал огт байхгүй. Энэ бол ерөөсөө ирэх оны төсвийг хэлэлцэх явцад өмнөх жилд нь хэлэлцэх явцад гишүүд янз бүрийн санал, онол дэвшүүлж, улсын төсвийг хэтэрхий тэлэх нөхцөл байдал жил болгон давтагддаг. Нөгөө талаас УИХ-ын гишүүд орон нутагт байгаа асуудлуудыг шийдвэрлэж, сум, багийн иргэдтэйгээ байнга уулзах ёстой. Миний бие жил бүр хоёроос доошгүй удаа очиж уулздаг. Орон нутагт шийдвэрлэх ёстой хөрөнгө оруулалтын чанартай маш олон хурц асуудал байдаг.

Тэр болгонд орон нутгаас санаачлаад харьяа яамаараа дамжуулаад асуудлыг тавьдаг ч шийдэгдэлгүй үлддэг асуудал олон бий. Энэ асуудлыг сонгогчид УИХ-ын гишүүндээ тавьж, хүсэлт тавьдаг. Тиймээс яг орон нутагт тулгараад байгаа хүнд асуудлыг шийдвэрлэхэд энэ тэрбум төгрөг үнэхээр ач холбогдолтой. Гэхдээ бүр том зургаараа яривал гишүүд ингэж орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт шийдвэрлэдэг эрхээсээ татгалзах ёстой. Үүнийг ойрын үед батлах Төсвийн тухай шинэ багц хуулийг шийдвэрлэнэ. Уг нь энэ жил хуулиа батлаад 2012 оны төсвийг тэр хуулиараа зохицуулах ёстой байсан. Гэтэл энэ асуудал УИХ-ын гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ жилдээ хуулиа батлаад, шинэ хуулиа 2013 оноос эхэлж хэрэгжүүлье гэдэг санал давамгайлсан.

Би энэ тал дээр харьцангуй цөөнх болсон л доо. Энэ хуулийг нэн даруй баталж, төсвийн эрх мэдлийг нэн даруй орон нутагт нь өгөх шаардлагатай. УИХ-ын гишүүд ингэж тойрогтоо очиж, сонгогчдын саналыг татахын тулд аж ахуйн ажил хийж, аж ахуйн ажил санаачилж явдгаа болих хэрэгтэй. УИХ-ын гишүүн улс орны хэмжээний том асуудлыг ярьдаг, хэлэлцдэг, ишйдвэрлэдэг байх ёстой. Гэтэл манайд байгаа буруу тогтолцооноос болоод сонгогчид гишүүдээс тойрогт хийсэн шинэ ажил юу байна гэж шаарддаг.

Гишүүд нь ч тэрнийх нь дагуу төсвийн эрх мэдлийг УИХ дээр төвлөрүүлж байгаад аймаг, сумдын сургууль, эмнэлгийн хаалга цонх солих, машин тэрэг өгөх асуудлыг шийдээд сууж байдаг. Энэ бол буруу тогтолцоо. 2013 оноос хойш энэ асуудал зөв голдрилдоо орно байх. Сонгогчид ч бас энэ тал дээр цаашид анхаарах хэрэгтэй болов уу.

Сү.Батболд:
-Цагтаа нийслэлчүүдийн ууж, бас тоглож, бүр цаашилбал тэдний залуу насны түүхийг бичилцэж явсан Сэлбэ гол эдүгээ дурсамж төдийхөн болсон гэхэд бараг хилсдэхгүй. Тиймээс “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төсөл”-ийг санаачилж, энэ намар ажлыг нь эхлүүлснийг та бүхэн мэдээж байгаа байх. Энэ төслөөр бол зүлэгтэй, ногоон байгууламжтай явган хүний замтай, гол руугаа буудаг 13 шат бухий гарцтай, өвлийн улиралд гулгах талбайтай гээд амралт зугаалгын орчин болохоос гадна хөрсний ус, гадаргын усыг нь ч давхар шийдэх гарцыг олсон. Төсөлд хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа бөгөөд нэг тэрбум төгрөгийг нь УИХ-ын гишүүнийхээ хөрөнгө оруулалтаар гаргаж, энэ бүтээн байгуулалтын эхлэл болголоо.

Сэлбэ голыг сэргээх энэ төслийн эхний ээлжийн ажил Зуун айлын гүүрнээс эхэлж, Арслантай гүүр хүртэлх 1.2 км газар үргэлжлэх юм. Ирэх жил нээлтийг нь хийх бөгөөд энэ ажил цаашид үе шаттайгаар үргэлжилнэ. Одоогоор 700-гаад сая төгрөгийн ажил хийгдсэн байна. “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төсөл”-ийн барилгын ажлыг “Газар шим- Норбу” хамтарсан консерциум гүйцэтгэж байна.

Г.Баяр сайхан:
-Манай улсад шүдний өвчлөл асар өндөр хувьтай байдаг. Тиймээс Үндэсний эрүү нүүрний төвийг ЭМШУИС-тай хамтарч байгуулсан. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хүүхдийн ном сан, уншлагын төв байгуулж байна. Удахгүй нээлтээ хийнэ. Түүнчлэн Монгол залуу хүн заавал унших ёстой 100 номын жагсаалтыг гаргаж байна. Ахмадын сувилал байгуулсан.

Д.Балдан-Очир:
-Ер нь хоршоолох хөдөлгөөн, малжуулахад, малын үүлдэр угсааг сайжруулах, худаг барих, сургууль, эмнэлэг, багийн хөгжил гэх мэт зүйлд зарцуулах нь бий. Гэхдээ Завхан аймгийн 24 сумын Засаг даргын мэдэлд хуваагаад өгчихдөг. Түүнийг ИТХ нь шийдэж, юунд зарцуулах вэ гэдгээ шийддэг. Би машин тэрэг өгдөггүй. Мөнгийг нь хуваарилаад өгчихдөг. Сум болон баг хөгжүүлэх санд нь өгдөг. Энэ нь төсвийн эрхийг орон нутгийнханд өгөх гээд байгаа нэг оролдлого.

Э.Бат-Үүл:
-Нэг тэрбум төгрөгийнхөө 600 сая төгрөгийг үрийн шинэчлэл хийж. ногоочиддоо зориулсан. Германаас өндөр үр ашигтай шинэ сортын үр авахад зориулсан. Харин 400 сая төгрөгийг-тэтгэлэгт хүүгүй зээлд зориулахаар төлөвлөсөн ч хараахан иргэдийн гар дээр хүрээгүй байгаа. Сангийн яаман дээр бага зэргийн асуудал шийдэхээр энэ 400 сая төгрөг иргэдийн гар дээр тэтгэлэгт хүүгүй зээл маягаар очих юм.

X.Бадам сүрэн:
- Өмнөговь аймгийн сумдын багуудын цогцолбор төвийг байгуулахад 840 сая төгрөг, аймгийн нийт 14 суманд тус бүр 60 сая төгрөг
- Ханхонгор суманд Ахмадын өргөөний барилгыг барьж, байгуулахад 35 сая
- Малын үүлдэр угсааг сайжруулах төсөлд 25 сая төгрөг тусгасан.
- Даланзадгадын сумын гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг шийдэхэд 100 сая төгрөг өгсөн.

Н.Ганбямба:
-Хэнтий аймагт жижиг дунд бизнесийг дэмжих сан бий болгоод орон нутгийн мэдэлд шилжүүлсэн. Өндөрхаан хотод хоёр цэцэрлэг барихаар 400, 400 сая төгрөгөөр хуваарилсан. Бусад нь жижиг дунд бизнесийг дэмжих сандаа ороод явж байгаа. Тайлан мэдээ авахад 1.7 тэрбум төгрөг жижиг дунд бизнес эрхлэгч хүмүүсийн гар дээр эргэлдэж байна гэсэн. Зарим сумдыг малжуулах байдлаар хэрэгжүүлж байна. Эмзэг бүлгийн иргэдийг малжуулах төсөлд хамруулж байгаа.

Х.Баделхан:
-Эмнэлэг болон шинээр барих объектод зарцуулсан.

С.Бямбацогт:
-Манай аймагт ийм ийм асуудал шаардлагатай байгаа шүү гэдэг бичгээ аль долоо, наймдугаар cap өгсөн. Төсөвт зарим нь туссан, зарим нь тусаагүй байна лээ. Бусдаар тийм тэрбум энэ тэр гэж би мэдэхгүй юм байна. Ерөнхийдөө хөдөөг хөгжүүлэхэд анхаарал хандуулсан. Алслагдсан бүс нутагт амьдрал үнэхээр хэцүү байгаа. Тийм болохоор яаж тэднийхээ ажил амьдралыг дээшлүүлэх вэ, сайжруулах вэ, тулгамдсан ямар асуудлыг шийдэх ёстой вэ гэдэг дээр байнга судалгаа хийдэг. Байнга орон нутгаас асуудал тавьдаг. Тэр асуудлыг шийдээч ээ, энд анхаараач ээ гэдэг асуудлыг л тавьсан. Хэрэгжилт ер сайн байна. Тодорхой хэмжээнд удаашралтай асуудлууд бий, гэхдээ ажил явж байгаа.

Батж.Батбаяр:
-Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын орон сууцны хөнгөлөлт гэдэгт аймаг өөрөө хүссэн учраас 300 сая төгрөгийг нь өгсон. Баянхонгор аймгийн цагдаагийн газрын тоног төхөөрөмж, байр, эргүүлийн албыг бий болгоход зориулж 240 сая төгрөгийг нь өгсөн. Бас харахгүй бол болохгүй нь ээ. Өөр юу байгаа билээ дээ. Нэлээд хэдэн суманд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрт 360 сая төгрөгөгсөн. Ингээд 800 сая төгрөг болчихсон уу. Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрын гадна тохижилтод 50 сая төгрөг өгсөн. Ингээд 850 сая болж байна. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж шинэчлэлтийн зардалд 30 сая төгрөг өгсөн.

Эрдэнэцогт, Хүрээмарал, Баянлиг гэсэн гурван суманд сумын сургуулийн тоног төхөөрөмж энэ тэрд нийт 45 сая төгрөг. Ингээд бараг болж байх шиг байна. Бас бус жижиг хөрөнгө оруулалт, төслүүд байгаа.

Ц.Батбаяр:
-Зөв зүйтэй газарт нь зарцуулсан. Дуртай газраа хөрөнгө оруулалт хийнэ гэж байхгүй. Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах эх үүсвэрийг бий болгох, хэрэгжүүлэхэд зарцуулсан байгаа.

Р. Гончигдорж:
-Өгийнуур, Чулуут сумын ЗДТГ-ын барилгын засварт 58.0 сая төгрөг, Өндөр-Улаан суманд 100 ортой, уурын зуухтай цэцэрлэгийн барилга барихад 207.0 сая төгрөг, Хангай сумын 50 ортой цэцэрлэгийн барилга барихад 380.0 сая төгрөг, Чулуут сумын бага сургуулийн байр засахад 75.0 сая төгрөг, Тариат сумын дотуур байрны засварт 285.0 төгрөг, сургууль цэцэрлэг соёлын төвийн тоног төхөөрөмжид 140.0 сая төгрөг. Цахир сумын эмнэлгийн засварт 35.0 сая төгрөг, Тариат, Тэрхийн цагаан нуурын усан орчны судалгаа хамгаалалтад 27.0 сая төгрөгийг тус тус зарцуулсан.

Л.Гүндалай:
-Сургууль, эмнэлгийн засварт болон шинээр барих эрүүл мэндийн чиглэлийн зүйлд зарцуулсан.

Ц.Дашдорж:
-Ер нь малжуулах төсол болон малын үүлдэр угсааг сайжруулах, жижиг үйлдвэрийг хөгжүүлэхэд зарцуулсан.

Д.Дамба-Очир:
-Мэдэхгүй. Энэ жил тийм юм байсан юм уу. Сайн мэдэхгүй байна. Лав ирэх жилд энэ тэрбум гэдгийг больж байгаа. Ер нь энэ тэрбум төгрөг энэ тэр гээд яригдаад, 76 тэрбумыг хувааж авлаа гэдэг асуудлаас хол байя гэж шийдсэн. Гишүүд маань ч гэсэн энэ 76 тэрбумаас татгалзаж, төсвийг 76 тийш чангаадаг гэдэг муу нэрнээсээ салах хэрэгтэй шүү дээ. Манай аймагт төсөвлөгдсөн ажлууд тэгсхийгээд явсан л байх.

Д.Дондог:
-Аймгийн удирдлага болон иргэдтэй уулзаж, саналыг нь сонсдог. Уулзалтаас гарсан санал болон шаардлагатай зүйлд хөрөнгө оруулалт хийж байгаа. Ер нъ цаашид орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг.

Даш.Зоригт:
-Гишүүдийн тэрбум гэж байхгүй шүү дээ. Улсын төсөв, аймаг орон нутгийн санал, яамны төсвийг үндэслээд, аймгийн Засаг дарга нарын багц, холбогдох сайдуудын багцад жишээлбэл Өвөрхангай аймагт хийх ажлууд тусгагдсан байгаа. Түүнээс биш гишүүдэд төлөвлөгдсөн, гишүүд захиран зарцуулдаг мөнгө гэж байхгүй. Гишүүдээс санал өгдөг. Өвөрхангай аймагт жишээ нь ирэх жил малын чанарыг сайжруулах, малын хадлан тэжээл бэлтгэх үйл ажиллагаанд сум, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах, бизнес инкубатор, бизнес хөгжлийн төвүүдийг дэмжихэд зориулж саналаа өгсөн.

Засгийн газар дэмжээд төсөлд суулгасан байна лээ. Энэ жилийн хувьд бид Өвөрхангай аймагт 30 гаруй багийн төвийг шинээр барьж, шинэчлэн засварлаж байгаа. Дээрээс нь бүх аймгийнхаа жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулж эх үүсвэрийг нь нэмэгдүүлсэн. Гэр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нийт 300 гаруй гэрийг Өвөрхангай аймаг дахь гэрийн мод үйлдвэрлэдэг, дээвэр, туурга оёдог хүмүүст захиалгыг нь авч үйлдвэрлээд багийн нийтийн хурлаараа шийдвэрлээд орон гэргүй, өрх толгойлсон хүмүүст энэ гэрийг хуваарилж байгаа. Ийм зүйлүүдэд тэд мөнгө зарцуулагдсан.

Ц.Даваасүрэн:
-Тойргийнхоо иргэдийн тавьсан саналын дагуу зарцуулсан. Тухайлбал, хөдөө орон нутагт гэхэд ХАА-н хэд хэдэн тракторыг малчид тариаланчиддаа зориулж авч өгсөн. Мөн Сүү боловсруулах тоног төхөөрөмж олгосон. Харин аймгийн төвд гэр хорооллын усан хангамжийг сайжруулах зорилгоор хэд хэдэн худаг гаргасан.

Д.Загджав:
-Дүүргийнхээ хэмжээнд жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх зорилгоор төсөл шалгаруулах ажлыг урт хугацаанд хийлээ. Нийтдээ 200 төсөл шалгаруулаад байна. Нэг төсөлд таван сая төгрөг олгох юм. Тиймээс шалгарсан 200 төсөлдөө тус бүр таван сая төгрөг өгөхөд нэг тэрбум төгрөг таарах юм. Ирэх долоо хоногт шалгарсан төслүүдэд мөнгөө тараана.

Х.Жекей:
-Аймгийн хэмжээнд зарцуулсан байгаа. Эмнэлэг, багийг цахилгаанаар хангах гэх мэт зүйлд зарцуулсан.

Д.Лүндээжанцан:
-Манай аймаг л саналуудаа ирүүлсэн. Би ямар нэг санал энэ тэр оруулаагүй. Ер нь би жил жилд аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчид, Засаг даргын Тамгын газрынхан яриад ийм ийм асуудал чухал байна гэхээр нь тэрийг нь төсвөө хараад өгчихдөг шүү дээ.

Х.Наранхүү:
-Би тэрбум төгрөгөө Дундговь аймгийн төвийн замыг засахад бүгдийг нь зарцуулсан.

Д.Очирбат:
Доорхи зүйлд зарцуулсан. Үүнд:
- Дүүргийнхээ өрхийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 15 автомашин
- Ахмадын сувиллын гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх
- Ахмадын сувиллын ахмадуудад үйлчлэх автобус, автомашин
- ЧД-ийн хороодын албан ажилчдын хэрэгцээнд зориулж 19 автомашин
- ЧД-ийн Шүүхийн ажлын албанд компьютер, тоног төхөөрөмж
- ЧД-ийн иргэд ахмадуудыг дэмжих хөтөлбөр
- Ахмадын амралтын гэрийн өргөтгөл, амралтын хашаа
- ЧД-ийн 50 дугаар сургуулийн урлат заалны тохижилт
- ЧД-ийн дөрөвдүгээр хороо “Эвсэг нөхөд”, “Барилгачин”, “Номин” СӨХ
- ЧД-ийн ИТХ
- Дүүргийнхээ орон гэргүй иргэдэд 100 гэр олгосон.

Д.Одхүү:
-Гэр хорооллын эрчим хүчний хангамжийг сайжруулах, өргөтгөл хийх, Жаргалант сумын гэр хорооллын шинээр баригдсан гудамж, айл өрхүүдийг цахилгаанжуулахад /Орхон, Баян-Өндөр/ 300 сая төгрөг зарцуулсан.

Д.Оюунхорол:
-2011 онд Завхан аймагт багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд доорхи ажлуудыг хийлээ.
Нэг. Багийн төвийн 10 барилга шинээр барьсан. 122,000,000 төгрөг
1. Баянтэс сумын Зайгал баг
2. Их-Уул сумын Хуягт баг
3. Их-Уул сумын Үржил баг
4. Нөмрөг сумын Баянзүрхбаг
5. Сонгино сумын Бор-Өндөр баг
6. Тосонцэнгэл сумын Оргих баг
7. Тосонцэнгэл сумын Баян-Улаан баг
8. Түдэвтэй сумын Аргалант баг
9. Шилүүстэй сумын Сайхан баг
10. Яруу сумын Хэц-Улаан баг
Хоёр. Багийн 4 төвийн засвар хийж тохижуулсан.
1. Асгат сумын сумын төвийн баг
2. Идэр сумын Дархан-Уул баг
3. Идэр сумын Загастай баг
4. Тэлмэн сумын Баянтэгш баг
Гурав. Монгол гэр иж бүрдэл 108 ширхгийг иргэдэд олгосон.
Дөрөв. Багийн Засаг дарга, эмч нарыг унаажуулахад зориулж 80 ш мотоцикль олгосон.
Тав. Газар тариалан эрхэлж байгаа малчдын хоршоо, бүлэгт 21 ширхэг бага оврын тракторыг иж бүрдэл дагалдах хэрэгслийн хамт олгосон.

С.Оюун:
-Ерөнхийдөө боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах нь зүйтэй. Үүнийг хамгийн чухал асуудал гэж үзээд 2010 оны төсвийн 700 сая төгрөгийг тойргийн эрүүл мэндийн салбарын байгууллагуудад 300-г нь боловсролын байгууллагуудад хуваарилсан. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд гэсэн үг. Энэ жил бол 500 сая төгрөгийг боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгүүдэд 300-г эрүүл мэндийн байгууллагуудад, 200-г дүүргийн тохижилттой холбоотой асуудлууд, цагдаа онцгой байдал, дүүргээс санал болгосон санал, төслүүдэд зориулсан байгаа. Ер нь бол би дүүргээс ирсэн саналаар л явуулахыг боддог. Миний гишүүний бодол бол нэгэнт ингэж дүүрэг, аймаг, суманд хөрөнгө оруулалт хуваарилж байгаа бол үүнийг УИХ-ын гишүүд өөрсдөө мэдэх биш тухайн аймаг, дүүргийн иргэдийн хуралд эрхийг нь өгөөд явчих хэрэгтэй. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэг дөрвөн гишүүнтэй. Дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гэж байгаа бол гишүүд мэдэхгүй, иргэдийн хуралд нь шилжүүлээд, иргэдийн хурал өөрсдөө саналаа гаргаад, эрэмбэлээд, орон нутагтаа хэрэгтэй зүйлүүдээ хийх хэрэгтэй.

Р.Раш:
-Орон нутгийнхаа саналыг аваад, тийш нь л өгчихдөг. Гэхдээ зүгээр саналаа хэлэлгүй яахав. Ер нь бол ихэнх нь төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажлаа хийх нөхцлийг нь бүрдүүлэх, засвар үйлчилгээ хийх. Шинэ юм ч ховор байгаа байх аа. Нэг дотуур байр л байгаа шиг санаж байна. Бусад нь бол дандаа засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн чиглэлийн хөрөнгө оруулалтууд байгаа. Гүйцэтгэл ч ерөнхийдөө сайн байна. Гэхдээ Гурвансайхан суман дээр нэг цэцэрлэг барина гэсэн 100 хүүхдийнх байх уу, 150 хүүхдийнх байх уу гэж маргаж, цаг алдаж байгаа тал бий.

Миний санал бол тэр жижиг суманд 100 хүүхдийнх байх нь дээр гэж байгаа. Нэг их олон хүүхдийн юм босгоод халуун, дулаанаас нь эхлээд бэрхшээл учирна шүү дээ гэж зөвлөсөн. Ямар ч байсан 100 байхаар тогтоод саяхан зурат, төсөл нь батлагдсан, суурийг нь тавиад тодорхой ажил хийгдэж байгаа. Бусад нь хэрэгжилт сайн байгаа. Нэг зүйлийг хэлэхэд зарим хүмүүс ер нь засвар үйлчилгээнд л хамаг мөнгөө зараад байна гэсэн шүүмжлэлтэй байдлаар ханддаг. Гэтэл хуучинтай байж шинэтэй явдаг шүү дээ. Засч тордохгүй тэгж ховхорлоо, ингэж муудлаа гээд хаяад байх юм бол дандаа шинэ юмаар туйлна гэж байхгүй л дээ. Тэгж боддог юм.

Ж.Сүхбаатар:
-Энэ жилийнхийг яг одоогоор сайн санахгүй байна.

А.Тлейхан:
-Баян-Өлгий аймгаас сонгогдсон гурван гишүүд аймгийн удирдлагуудтай уулзаад, дөрвөн суманд хоёр давхар эмнэлэг барих, 11 багийг цахилгаанаар хангах, нийт 16 объектийг шинээр барихаар бэлдсэн.

Д.Тэрбишдагва:
-Гишүүдийн өөрийнх нь мөнгө мэтээр ярьж, тэрбум төгрөгийг тойрогтоо зарцуулж байгаа нь туйлын хариуцлагагүй асуудал. 76 тэрбумыг орон нутаг өөрсдөө захиран зарцуулах ёстой.

Х.Тэмүүжин:
-Шинээр барьж байгаа хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмжид зарцуулсан. Мөн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн хяналтын төв нь дөрвөн тасагтай. Тэдгээрт хяналтын камер суурилуулахад ихэнхийг нь зарцуулсан байгаа.

Ч.Хүрэлбаатар:
-Увс аймаг Улаанбаатар хотоос зайдуу оршдог гэдэг утгаараа дэд бүтцийн хувьд маш хүндрэлтэй байдаг. Тиймээс тойргийнхоо замын асуудалд анхаарал хандуулж, УИХ-ын гишүүний тэрбум төгрөгөө зарцуулсан. Зам тээвэр эрс сайжирч байгаад тойргийн иргэд маань маш их сэтгэл хангалуун байгаа.

Ч.Улаан:
-УИХ-ын гишүүдийн саналаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан нэг тэрбум төгрөгийн хуваарилалтыг авч үзэх юм бол ер нь сумдад тулгамдсан, орон нутагтаа шийдэх бололцоо муутай асуудлуудад хуваарилсан байгаа. Жишээ нь, миний тэрбум төгрөгийг авч үзвэл Мөнххаан сумын хичээлийн байранд 160 хүүхдийн өргөтгөл хийхэд 150 сая төгрөг зарцуулсан. Энэ хөрөнгөөр барилгын ажил эхлээд явагдаж байна, он дамжиж хийгдээд ирэх онд ашиглалтад орно. Ингэснээр Мөнххаан сумын сургуулийн хүүхдүүд гурван ээлжтэй, багтахгүй байгаа байдал арилж, Мөнххаан сумын сургууль 11 жилийн сургалттай болох нөхцөл бүрдэнэ.

Дарьганга сумын соёл урлаг, спортын өргөө барихад зориулж 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Эрдэнэцагаан суманд мөн соёл, урлаг, спортын төв байгуулахад 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Түмэнцогт суманд спорт заалыг шинэчлэн засварлахад 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Түмэнцогт сум өөрөө биеийн тамирын заалгүй. Сүхбаатар суманд соёлын төвийг засварлахад 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шийдсэн. Онгон суманд бас спорт цогцолбор барьж байгуулахад 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Онгон сум бол том сум.

Тийм учраас энд залуучуудад зориулсан спортын цогцолбор байх зайлшгүй шаардлага байгаа юм. Хөдөөгийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ ажил дууссан. Бүх суманд багийн төвийг шинэчлэхэд зориулж бас 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Засгийн газраас баг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд сум бүрт хоёроос доошгүй багийн төв байгуулж, багийн үйл ажиллагааг байнгын нэгдсэн зохион байгуулалттай болгох ажил хийгдэж байгаа юм. Хуваарилалтыг аваад үзэх юм бол ийм байна даа.

Ц.Цэнгэл:
-Иргэдийнхээ саналыг хэрэгжүүлэхэд тэрбум төгрөг их нөлөө үзүүлж байна. Тодруулбал, Анхдагчдын ордон барьсан. 255 сая төгрөгөөр өрх толгойлсон буюу гэр оронгүй иргэдэд гэр олгосон. Түүнчлэн 70 сая төгрөгийг ахмадуудад зориулж, найман суманд “Фургон” машин гардуулсан. Малын үржлийг сайжруулахад сум болгонд 30 сая төгрөг болон жижиг дунд үйлдвэрт зарцуулсан байгаа.

О.Чулуунбат:
-Сэлэнгэ аймгийнхаа жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд өгдөг. Иргэдэд зээл олгож буцаж төлөгдөөд дараагийнхаа хүнд зээл хэлбэрээр очиж байна. Тэр мөнгөнийхөө араас байшин барилга барих юмсан гэх зэрэг янз бүрийн байдлаар явдаггүй. Харин одоо жижиг дунд үйлдвэриййн сан нь томроод хоёр тэрбум төгрөг болчихсон байж байгаа.

З.Энхболд:
-Гишүүд аймгаас ирсэн саналыг л уламжилдаг, уулзалт хийж байхдаа хүмүүсийн тавьсан саналыг нэгтгэж өгдөг, орон нутгаас, яамдаас, гишүүдээс саналууд нь ирж байж улсын төсөв болж байгаа шүү дээ. Тэгээд яг нэгээр хязгаарласан ч юм байхгүй. Нэгээс доошоо байх ёстой ч гэсэн юм байхгүй. Төсөв бүрддэг процесс хуулийнхаа дагуу л явж байгаа. Тэрбум төгрөг байдаг, тэрийгээ яасан гэж асуудаг нь угаасаа утгагүй байхгүй юу. Энэ жилийн төсөвт Өвөрхангай аймагт хуваарилагдсан хөрөнгө оруулалтууд гээд байж байгаа. Тэрэн дотроос хар л даа. Бүгдээрээ л миний санал.

С.Эрдэнэ:
-Эхлээд тэрбумаа зөв ойлгох хэрэгтэй. Бид гар дээрээ бөөн мөнгө аваад, захиран зарцуулаад байдаггүй шүү дээ. Зүгээр санал өгдөг. 2011 онд тэрбум төгрөгийн хүрээнд хийх ажлынхаа талаар саналуудаа өгсөн.

Энэ ажлууд хэрэгжээд явж байгаа. Жишээ нь, өрхийн эмнэлгүүдийг цахим компьютерээр хангах, эрүүл мэндийн үйлчилгээг компьютерийн нэгдсэн сүлжээнд хамруулах чиглзлээр 150 сая төгрөг, өрхийн эмнэлгүүдийг унаажуулах, Эрүүл мэндийн долдугаар төвд түргэн тусламжийн тэрэгтэй болгох төсөлд 100-гаад сая төгрөг. Түүнчлэн цахим интернэтийн анги танхим байгуулах чиглэлээр 50-иад сая төгрөг, иргэний танхим, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд 50-иад сая төгрөг гэх мэтээр байгаа. Энэ мэтчилэн яам, яамаар нь саналуудаа гаргаад өгсөн. Энэ ажлууд үндсэндээ 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ер нь би өөрөө энэ оныхоо тэрбумын тайлан, 2012 онд хийх ажлын төлөвлөгөөгөө сонгогчиддоо тайлагнана.

Д.Энхбат:
-Ерөнхийдөө дүүргийнхээ эмнэлэг, сургууль хоёрт л зарцуулсан даа. Юуны түрүүнд эмнэлэгт тоног төхөөрөмжүүд, Х.Тэмүүжин гишүүнтэй хамтраад хүүхдийн эмнэлэг байгуулах ажилд тал мөнгийг нь зарсан. Баянгол дүүрэг маань хүүхдийн эмнэлэгтэй болж байгаа.

Нөгөө хэсэг нь сургуулиудын номын сангуудыг баяжуулах, зарим сургууль хөгжмийн танхим, хөдөлмөрийн танхим байгуулахад л зарцуулсан. Товчоор хэлбэл, эмнэлэг, сургууль хоёрт л зарцуулсан. Гэхдээ гүйцэтгэлийн хувьд ихэнх нь дуусаагүй байгаа. Яагаад гэвэл төсвийн тодотголоор зарим шаардлагатай мөнгө нь шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө нэлээн хоцорч ирж байгаа. Тийм учраас миний ойлгосноор дүүрэг одооноос л тендерээ зарлаад, зарим ажлуудаа хийж байгаа юм билээ. Яг гүйцэтгэлийг бол дүүрэг удирдана шүү дээ.

Ө.Энхтүвшин:
-Гишүүдийн тэрбум гэж байхаа больчихсон шүү дээ. 2009 онд төлөвлөсөн, 2010 онд төлөвлөсөн, тэгээд больчихсон. Зүгээр Сангийн яам руу саналаа тавьсан. Зарим нь авсан, заримыг нь аваагүй байна лээ. Түүнээс биш Засгийн газрын өргән барьчихсан төсвийн төслийг задлаад дээрээс нь УИХ-ын гишүүд 76 тэрбум төгрөг нэмж тавьдгийг больсон байгаа. Би хувьдаа голцуу сургууль, эмнэлэг, зам гүүр барихтай холбоотой төслүүд, халуун ус барьж өгөх, худаг ус гаргах, ус цэвэршүүлэх төхөөрөмж авах, ахмадын сувилал байгуулах гэх мэт төслүүд, Хөвсгөл аймгийн хувьд л зайлшгүй хийгдэх ёстой гэсэн асуудлуудыг тавьсан. Тэрийгээ харин сайн тайлагнах ёстой гэж бодож байгаа.
Яг юу хийсэн юм бэ гэдэг дээр сайн тайлагнах ёстой. Төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийн хэрэгжилт зарим нь сайн, зарим нь муу явж байна. Аймаг дээрээ тендер зарласан байна лээ. Зарим компаниуд их тааруухан, чанар муутай хийсэн байна лээ. Зарим ажил одоо хүртэл хийгдэж байгаа, хүлээж аваагүй, ер нь сэтгэлд хүрээгүй зүйлүүд бий. Энэ бол мөнгөнд тавигдаад аймаг дээр очино, аймаг тендер зарлаад тэндээ үйл ажиллагаагаа явуулдаг учраас тэрний хэрэгжилтэн дээр хяналт тавих асуудал амаргүй байгаа. Тэгэхээр хяналт тавих, ард түмэнд тайлагнах хоёр асуудал чухал байна. Үүнийг хэвлэлийнхэнтэй хамтарч бүр олон нийтэд гаргаж тавимаар байгаа юм.

Үргэлжлэл нь ирэх Пүрэв гарагийн дугаарт.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих