Улсын мөнгийг хувьдаа завшигчид хаана явна вэ?

527-1495435018acde626b69120d92originalӨнгөрсөн дөрвөн жилд тавьсан улсын өрийг төлөх гэж иргэд нь байгаа бүхнээ хандивлах аян зохион байгуулахдаа тулав. Гэтэл тэр их мөнгийг тэрбум тэрбумаар нь хувьдаа завшсан нөхөд ямар хариуцлага хүлээсэн бэ. Тэд улсад учруулсан хохирлоо эргүүлэн төлсөн үү. Иргэд ингэж асууж, хариулт нэхэх эрхтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нар өнөөдөр хаана яваа бол. Тэднийг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд цагдан хорих шийдвэр гаргаж, ШШГЕГ- ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон. Гэвч удалгүй эрүүл мэндийн шаптгаанаар батлан даалтад гаргасан билээ.

Б.Гарамгайбаатарыг Хөгж- лийн банкнаас их хэмжээний мөнгийг өөрийн эзэмшлийн компаниар дамжуулан хувьдаа завшсан гэж буруутгаж байгаа. Энэ хэрэгт түүний хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогчоор ажилладаг Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг мөн холбогдуулан шалгасан.
“Монроуд” компани Архангай аймгийн Тариат сумын нутаг Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх хатуу хучилттай замын нэг хэсгийг гүйцээж тавихаар зарласан тендерт оролцож 37.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр болсон байдаг. Санхүүжилтийг Засгийн газрын 2012 оны 110 дугаар тогтоолоор Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэжээ. Хөгжлийн банк тухайн ондоо гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Харин дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Гэвч Б.Гарамгайбаатарын даргалдаг Эдийн засгийн байнгын хороогоор Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэж, “Мон-роуд” компанид дахин мөнгө нэмж шилжүүлснийг АТГ-аас тогтоосон.
Харин Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг Хөгжлийн банкинд байршуулсан бондын мөнгийг хяналтгүй захиран зарцуулсан гэх үндэслэлээр хорьсон юм. Энэ хоёр эрхмийн араас ТОСК-ийн захирап асан А.Гантулга шалгагдаж байгаа. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн АТГ- аас шалгажээ. Тэрбээр 2013 оны арваннэгдүгээр сард “Үндэсний барилга консорциум”-ийн захирал Д.Цэндтэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж их хэмжээний мөнгө олгосон хэргээр буруутгагдсан.Гэвч мөнгө авсан консорциум нь ямар ч ажил гүйцэтгээгүй гэдэг. А.Гантулга 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн боловч Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо түүнийг бүртгэхээс татгалзсан юм. Төрд алба хашиж байхдаа хувийн эрх ашгаа дээдэлсэн энэ мэт нөхдийн балгаар төрийн албаны нэр хүнд замын шороо, барилгын цементтэй хутгалдаж, “Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирдаг монгол хүн өдрийн од шиг болтлоо цөөрсөөр байна. Харин ч төрийнхөө тэргүүнээс эхлээд бүгдийг нь хараан зүхдэг нь шөнийн од мэт олширлоо. Үүнд иргэдийг буруутгах аргагүй. Харин ч томчууд өөрсдөө буруутай. Жирийн иргэн банкнаас зээлсэн мөнгөө төлж чадахгүйд хүрвэл орон байрнаасаа хөөгдөж гудамжид гарах нь энүүхэнд.Гэтэл улсын хөрөнгийг цөлмөж хувьдаа завшсан эрхмүүд идсээр, хөлжсөөр байх уу.
М. Мөрөн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Нэр: ЗАВШИГЧ Огноо: 23 May 2017

Н. БАТБАЯР ЯАМНЫХАА АЖИЛЧДАД БАЙР БАРЬЖ ӨГӨХ НЭРЭЭ АВСАН ГАЗРЫГ ХУВЬДАА ЗАВШСАН

Сэтгэгдэл бичих