У.БАРСБОЛД У.ХҮРЭЛСҮХТЭЙ МУУДАЛЦСАН УЧРААС АН-ААС НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ МАГАДГҮЙ ГЭНЭ

Ирэх жилийн сонгуульд Ховд аймгаас хэн нэр дэвшихийг шууд зарлаагүй ч гэсэн цаагуураа улс төрийн тохироо явагдаад дуусч байгаа бололтой. Сонгуулиар Ховд аймгаас олны танил болоогүй хэд хэдэн хүмүүс нэр дэвшихээр зэхжээ. Ховд аймгийн Ардчилсан намын дарга “Баруун монгол интернэшл” компанийн захирал н.Пүрэвдорж 2012 оны сонгуульд АН-аас сойгдож байгаа гэнэ. Тэрбээр мөн Улаанбаатар хотын гаалийн хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ хөлжсөн нэгэн аж. Ирэх сонгуульд МАН-аас одоо УИХ-д суугаа С.Бямбацогт баталгаатай нэг номерт яригдаж байгаа нөхөр. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл яах бол гэж ярих хүн байна. Хэрэв Д.Дэмбэрэл тэтгэвэртээ суувал түүний оронд Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа аль хэдийнэ нэрээ дэвшүүлэхээр зэхжээ. Тэрбээр сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базааж, энэ он гарснаас хойш Ховдод биш хотод ихэвчлэн суурьших болсон гэнэ. МАН-аас Ховд аймагт нэр дэвших хүмүүс ийн тодорхой болжээ. Харин АН-аас дээр өгүүлсэнчлэн Ховд аймгийн Ардчилсан намын дарга н.Пүрэвдорж УИХ-д нэр дэвших болзлоо хангаад байгаа юм байх. Үүний дараа УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр нутгаасаа нэр дэвших сонирхолтой байгаа аж. Тэрбээр  Ховд аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоог удирдаж байгаа залууст хандаж “Та хэд миний сонгуулийн ажил дээр ажиллана шүү. Ах нь нүнжигтэй байж чадна” хэмээн ам алдсан сурагтай. Кёкүшюзан 2008 онд нэр дэвшсэн тойрогтоо ирэх сонгуульд хүч үзвэл өвдөг шороодох магадлал өндөр байгаа юм билээ. Тиймээс ямартаа ч тойргоо солих нь тодорхой байгаа аж. Мөн АН-аас “Дэлхийн боловсрол” компанийн захирал Б.Баянцэцэг гэгч эмэгтэй нэр дэвшихээр зэхээд байгаа гэнэ. Тэр 2008 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан ч аз дутаж хойшилжээ. Тэгэхээр ирэх сонгуулийг “Дэлхийн боловсрол” компанийн захирал хүлээж буй нь дамжиггүй биз. Хачирхалтай нэг зүйл гэвэл эдгээр хүмүүсийн дунд БОАЖ-ын сайд асан У.Барсболдын нэр цохиж явах юм. Тэрбээр уг нь МАН-ын гарлын хүн. Гэхдээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсэхтэй таарамжгүй байдаг учраас АН-ыг дагах болоод байгаа аж. Үүний зэрэгцээ “Хөгжил трейд” компанийн захирал н.Алтангэрэлийн нэр ч дуулдаж байсан.  Ийнхүү ирэх сонгуульд Ховд аймгаас УИХ-д нэр дэвших гишүүдийн жагсаалт гарч, баруун жигүүр  МАН-ыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, зүүн жигүүр АН-ыг Ховд аймгийн Ардчилсан намын дарга н.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр нар тэргүүлэн “дэвж” эхэлсэн байна. Харин 2008 оны сонгуулиар АН-д ганцаараа ялалт авчирсан Р.Амаржаргал гишүүний нэр төдийлөн сонсогдохгүй бай­сан. Чимээ¬гүй байж байгаад нэр дэвшье гэж шийдсэн үү. Эсвэл тойрогтоо ажиллах гэж алс баруун хязгаар Ховд аймаг руу дахин дөрвөн жил явахаас залхсан уу мэдэхгүй юм.  Төр барьж байгаа хоёр нам ийм байдлаар ирэх сонгуульд тохиролцож байхад МАХН-ыг төлөөлж Ховд аймгаас “Ховдын ирээдүй сан”-гийн тэргүүн Д.Батцогт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Өнгөрсөн сонгуулиар тус аймагт нэр дэвшээд өвдөг шороодсон тэрбээр ховдчуудад унасан бөх ууртай гэдгийг харуулах бололтой. Харин энэ завсар Ховд аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбооны тэргүүн, “Дэвших гүүр” компанийн захирал Э.Галбадрах бие даан нэр дэвшихээр зэхээд байгаа гэнэ. Түүний нас залуу боловч өмнөх сонгуульд нэр дэвшигчдийн ард ажиллаж байсан улс төрд багагүй туршлагатай нэгэн.  2012 оны сонгуулиар ийм хүмүүсээс ховдчууд сонголт хийх бололтой.

Д.Сүх


URL:

Сэтгэгдэл бичих