Умард Солонгосын пуужингийн туршилт амжилттай болжээ
Өнгөрсөн ням гарагт “Алтан гадас-2” гэдэг дунд зайн тусгалтай баллистик пуужинг амжилттай хөөргөн туршснаа Умард Солонгос өнөө өглөө нотлон мэдэгдлээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тушаалаар пуужинг туршсан байна.
Энэ пуужин нь шумбагч хөлөг онгоцноос хөөргөн туршдаг баллистик пуужингийн шинэчилсэн хувилбар аж. Тус улс 2017 оны хоёрдугаар сард энэ төрлийн пуужинг анх удаагаа хөөргөн туршсан юм.
Умард Солонгосын мэдэгдэлд “энэхүү зэвсгийг цэргийн ажиллагаа явуулахад ашиглахад бэлэн болсон” гэжээ.
Пуужинг амжилттай хөөргөн туршсаныг Ким Жөн Ун сайшаахын сацуу түүнийг байрлуулахыг зөвшөөрсөн байна. Тэрбээр “пуужингийн туршилт 100 хувь төгс боллоо” гэжээ.
Пхеньян өчигдөр үдээс хойш баруун нутгийн Өмнөд Пёнган аймгийн Пүкчан хошуунаас холгүй орших газраас “Алтан гадас-2” пуужинг хөөргөсөн байна.
Өмнөд Солонгосын армийн мэдэгдсэнээр, энэ пуужин нь хөөргөсөн газраас 560 км-ийн өндөрт хүрч, 500 гаруй км зам туулаад Япон тэнгист унасан байна.
Үүнээс нэг долоо хоногийн өмнө Умард Солонгос том цөмийн цэнэгт хошуу тээх боломжтой баллистик пуужинг харвасан билээ.
Дахин пуужин хөөргөн туршихгүй байхыг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ Умард Солонгосоос шаардсан юм.
Пуужингийн туршилттай холбогдуулан АНУ, Япон болон Өмнөд Солонгосын хүсэлтээр АЗ маргааш хаалттай хуралдаан хийхээр болжээ.
URL: