Нэр дэвшигчийн луйврыг “хуулиар” халхлана

Удтал гацсан Сонгуулийн хууль тодорхой болох нь гэсэн мэдээлэл нийгмийн дунд энэ долоо хоногийн эхээр хүчтэй тар­­хав. Арга ч үгүй юм.

МАН-ын­хан бүлгийн хуралдаанаараа шийд­­вэрлэж, Ардчилсан намын хоёр ч саналыг хүлээн зөвшөөрч буулт хийснээ мэдэгдсэн шүү дээ. Харин “хөшигний цаана” гу­равхан хоногийн дотор болоод өнгөрсөн энэ бүхэн нь эрх баригч намуудын ээлжит “жүжиг” байсан гэнэ шүү.

Ирэх оны сонгууль хуучин хувилбараар болох өндөр магадлалтай бай­гааг учир мэдэх нэгэн нь ха­­лаг­лаж суусан. Одоогийн яриг­­даж буй намуудын зөвшилц­­сөн гэх хувилбараар ирэх оны сонгуулийг холимог тог­толцоогоор явуулна.

УИХ-ын 76 гишүүний 48-ыг тойргоос сон­гож, үлдсэн 28 суудлыг на­муу­дын улсын хэмжээнд авсан саналд хувь тэнцүүлэн хуваа­ри­лах аж. Харин 48 гишүүнийг томс­госон 26 тойргоос сон­го­хоор намууд тохирлоо. Нэг үгээр хэлбэл, 48 мандаттай 26 тойрог байх юм.

Харин үүнд 48 мандатаа хуваа­рилахаар хоёр нам тохиролцсон.

Тэгэхээр одоо үлдээд буй хамгийн гол асуудал нь улсын хэмжээнд авсан са­на­луудад хувь тэнцүүлж, хуваарилах 28 суудал дээрээ зөвшилцөх тухай юм. Ямар­тай ч  одоогийн байдлаар  намын нэ­рээр санал авахаар эрх баригчид то­хир­сон.

Харин энэ  тохироог   улс   тө­рийн “бяцхан” намууд хүлээн зөв­шөө­рөх­гүй, хэрвээ энэ чигээр нь батлавал Үндсэн хуулийн Цэцэд хандахаар зэхэж байгаа мэдээтэй. Энэ нь ч нэг талаар зөв юм. Учир нь “эцэг” хуульд зааснаар төрийн үйл ажиллагаанд иргэн хүн хэрхэн оролцох вэ гэхээр сонгох, сонгогдох эрх нь нээлттэй байдаг шүү дээ. Мөн сонгуульд санал өгөх.

Иймээс холбогдох заалтын дагуу хүнээ харж, сонгох нь хуульд нийцнэ. Харин МАН-аас дэвшүүлж буй саналаар уг 28  суудалд өрсөлдөгч намууд нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг гаргана гэсэн санааг Ардчилсан намынхан хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ нэгэнтээ мэдэгдсэн.

Зүй нь МАН-ынхан ч юм уу, гарцаагүй сонгогдох олны дунд нэр хүндтэй хүмүүсээ тус жагсаалтад багтаах нь эрсдэлтэй хэмээн үзэж буй бололтой. Өөрөөр хэлбэл, АН-ынхны хувьд, суудал алдах магадлал өндөр болох юм. Ямартай ч одоо байгаа мэдээллээр ямар нэгэн нам нь 40 хувийн санал авлаа гэж бодоход, 11 суудал ногдож буй.

Бүр тодруулбал, асуултын тэмдэг болсон 28 суудлын 40 хувь болох 11.2 буюу 11 суудал нь тухайн намд ногдоно гэсэн үг. Харин энэ 11 суудалдаа тухайн нам хэнийгээ суулгахыг яаж хуульчлахаа намууд тохиролцоогүй байгаа.

Уг нь бол нэрсийн жагсаалтын эхний 10 хүн л сонгогдох ёстой. Энэ бол ерөнхий жишиг. Гэтэл нэрсийн жагсаалтад багтсан хүн тойрогт нэр дэвшиж болно.

Харин тойрогт нэр дэвшээд ялагдсан нэр дэвшигч тэндээ нийт сонгогчдынхоо 25 хувиас дээш хувийн санал авсан бол нэрсийн жагсаалтаар шилжин сонгогдох боломжтой зэргээр намууд ярьж байгаа нь ийнхүү дахин шинэ гацаа үүсгэх боллоо.

Тэгэхээр МАН-ынхан нэг удаа буулт хийсэн. Харин хоёр дахь удаагийн цоожийг хэн тайлах нь бас л сонирхолтой. Эцсийн бүлэгт хоёр нам энэ бүхэнд тохиролцож чадахгүй бол хуучин хувилбар дээрээ эргээд тогтох магадлал өндөр байгаа юм.

Үүнээс гадна 48 мандатын 34 нь хөдөөд, үлдсэн 14 нь хотод байх юм. Харин 26 тойргийн 20 нь хөдөөд, үлдсэн зургаа нь хотынх болж байна. Хөдөөд 20 тойрог 34 мандат, хотод зургаан тойрог 14 мандат гэсэн үг.

Тэгэхээр Төрийн байгуу­лалтын байн­гын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуу­лийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Гэхдээ энэ удаад эрх баригч хоёр намын гишүүд сонгуулийн гол асуудлыг сэдэвлэсэнгүй.

Харин сон­гууль тойрсон торгуулийн хэмжээг чухалчилж, багагүй маргаан өрнүүлсэн. Ин­гэхдээ сонгуулийг будилаантуулсан буруутай нэр дэвшигчийг нэг са­рын хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээг 3-5 дахин нэмэгдүүлсэн хэм­жээ­гээр торгох гэнэ.

Харин худал мэ­дээлэл цацсан хэвлэл, мэдээл­­лийн хэрэгсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль хүлээлгэхээр төсөлд оруулжээ.

Тэгэхээр эрх баригчдын энэ шийдвэрээс харахад, ирэх оны сон­гуулиас “хуулийн дагуу” дахиад л мөнгөний үнэр ханхийх боллоо. Учир нь сүүлийн үед Монголын төр оли­гар­хи, хөрөнгөтнүүдээр хүрээгээ тэлэх бол­сон нь бодит үнэн.

Хөрөнгөтэй мө­н­гөтэй нэр дэвшигчдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэн торгууль юу ч биш. Хэсэг сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авчихаад энэ хэмжээний мөнгөн торгууль хүлээнэ гэдэг тэдний хувьд харин ч ашигтай.

Ха­рин нийгэмд үнэн мөнийг илэн да­лангүй дэлгэх хэвлэл  мэдээллийн сал­барыг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй дүйх мөнгөн торгууль ногдуулж буй нь шударга цагааныг халхлах гэсэн увайгүй үйлдэл. Тэгээд ч овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ ардын үг байдаг санагдана.

Түүнчлэн буруутай албан тушаалтныг сарын цалингийн доод хэмжээг 2-3 дахин, Сонгуулийн хорооны даргыг мөн хэмжээгээр, Сонгуулийн хорооны гишүүн болон иргэнийг 1-2 дахин, хуулийн этгээдийг 3-7 дахин нэ­мэгдүүлсэн хэмжээгээр торгох та­лаар хуулийн төсөлд оруулахаар болов.

Зүй нь өмнөх сонгуулиар СЕХ-ны дарга, ажилтнуудын хийсэн “нүгэл” одоо ч жишээ болон чуулган, байнгын хорооны хуралдаан дээр яригддаг. Тэр ч бүү хэл, тус хорооны хуучин дарга Монгол Улсын “саалийн” ганц үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрт шургалсан талаар сөрөг хүчнийхэн шүүмжилдэг.

Харин энэ удаад түүх давтагдвал эрхэм даргыг цалингийн доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэдэн төгрөгөөр торгосон болж, толгойг нь илээд өнгөрөөх юм байна.

О.Сэлэнгэ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих