Монгол төгрөгөө хайрлахсан
Махны гэж нэрлэгддэг “Хүчит шонхор” зах дотор байрлах банкны орлого, зарлага хийх боломжтой экспресс бэлэн мөнгөний машины эд, анги бүхэлдээ тос, өөх болсон байдаг тухай нэг найз минь хуучиллаа. Өөрөө банкинд ажилладаг хүн л дээ. Тэр ч үүднээс их эмзэглэнгүй ярьсан юм. Өмнө нь тус захад экспресс бэлэн мөнгөний машин байдаггүй, махны худалдаа эрхлэгчид ихэвчлэн ганц байрлах банкинд дугаарлан үйлчлүүлдэг байжээ. Харин АТМ-ыг байршуулснаас хойш түүгээр үйлчлүүлэх болсон хэрэг. Гэхдээ асуудал үүнд биш. Худалдагчид гараа хамгаалахын тулд ихэвчлэн нэг удаагийн бээлий өмсдөг гэнэ. Түүнд нь махны өөх тос наалдчихдаг бөгөөд иргэдийн өгсөн мөнгийг өнөөх махны цус нөж болсон бээлийтэй гараараа авна. Түүнийгээ банкны дансандаа хийхдээ АТМ-аар дамжуулна.
Ингэж л мөнгөний насжилт муудаж, басхүү АТМ эвдрэхэд нөлөөлдөг хэрэг. Монгол төрийн соёмбо, их эзэн Чингис хаан, Сүхбаатарын хөрөгтэй үндэсний мөнгөн тэмдэгт улсын тусгаар тогтнол, түүх соёл, зан заншлын бэлэгдэл болж байдаг. Гэвч,энэ мэт иргэдийн зүй бус хэрэглээний улмаас чанаргүй, дахин ашиглах боломжгүй мөнгөн дэвсгэртийн тоо нэмэгдэж, тэр хэрээр дахин хэвлэхэд өчнөөн хөрөнгө урсдаг байна.
Гадаадын орнуудад мөнгөн тэмдэгтийг 7-8 жил ашигласны дараа л гүйлгээнээс хасдаг ажээ. Гэвч, манай улсад 3-4 жил ашигласны дараа устгалд оруулж, дахин шинээр хэвлэхэд хүрдэг тухай Монгол банкнаас мэдэгдэж байсан юм. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар мөнгөний дундаж насжилт манай улсад 3.8 жил гэж гарчээ.
Өөрөөр хэлбэл цоо шинээр гүйлгээнд гаргасан мөнгөн дэвсгэрт дунджаар дээрх хугацааны турш идэвхтэй эргэлдсэний эцэст элэгдэж хуучран, шаардлага хангахгүй болж, гүйлгээнээс татагдан устгагддаг байна. Улмаар хамгийн богино насжилттай нь 1000-тын дэвсгэрт бөгөөд 2.6 жил гүйлгээнд эргэлдэж байгаа бол хамгийн урт нь 5.6 жилийн настай 10000-т, 20000-тын том дэвсгэртүүд байжээ. Үүнд нөгөө л такси, микро автобусны кондуктор нарын төгрөгтэй зохисгүй харилцдаг асуудал гарч ирнэ.
Энэ зөвхөн нэг жишээ. Бурхан болоочдынхоо хойдын буяны үйлсэд зориулахаар бага дүн бүхий мөнгөн дэвсгэртийг багц багцаар нь газарт булж, суварга шүтээнд хийх “моод” сүүлийн үед дэлгэрч эхэлсэн сурагтай. Тэр бүү хэл олон нийтийн сүлжээ, зарын самбарт мөнгөн дэвсгэрт худалдаж авна гэх зар хөглөрч буй нь нууц биш. Монгол мөнгөн дэвсгэрт, улсын зан заншлын бэлэгдэл хэн нэгний мухар сүсэг, эсвэл шаналсан нэгний зовлонд тулгуурлан бизнес хийгчдийн шашны зан үйлийн хэлбэр болон газарт булагдталаа үнэгүйдсэн хэрэг үү. Мөнгө хэвлэхээс эхлээд, устгагдах хүртэлх үе шат бүрт өндөр өртөг, асар их цаг хугацаа, нөр их хөдөлмөр шаарддаг.
Үүний цаана олон мянган хүний хүчин зүтгэл, машин тоног төхөөрөмж, байшин барилгын ашиглалт гээд нэлээдгүй хүчин зүйл хамаарна. Монгол Улсын иргэн нэг бүрийн мөнгөө авч явах дадал хэвшил, хандлага зүй зохистой бол тэр хэрээр л зардал нь хэмнэгдэнэ. Муудсан, хүчингүй болсон, шороонд булагдсан мөнгөн дэвсгэрт бүрийн төлөө бидний төлсөн татварын мөнгөний нэгээхэн хэсэг урсч байдаг учраас мөнгөн тэмдэгтдээ хүндэтгэлтэй хандаж, хэтэвчинд хадгалж, соёлтой хэрэглэж, төлбөр тооцооны баталгаат хүчин төгөлдөр хэрэгсэл болохынх нь хувьд өөр бусад зүйлд ашиглахаа больцгооё. Дуслыг хураавал далай гэдэг дээ. Алтан өндөг, могой, боодол мөнгөний зургийг “аз аз” хэмээн фэйсбүүк хуудастаа нийтэлсний оронд үндэсний мөнгөн дэвсгэртээ хайрлаж гамнах нь хүсээд буй их мөнгөний чинь үндэсийг тавих бус уу.
Эх сурвалж: Монголын мэдээ
URL: