МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭГҮЙДЭЛ

Монгол хүний үнэмлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй байна, монгол хүн үнэгүй болжээ гэх зэрэг үгс сүүлийн үед байнга яригддаг болжээ. Үндсэн хуульт төртэй, парламентын засаглалтай Монгол оронд хүний үнэгүйдлийг хөндөн тавьж буй энэхүү асуудал яагаад бий болчихов гэдэгт би үнэндээ гайхаад байдаг юм. Гэхдээ би хүний үнэлэмжийн тухай яриад буй тэр хүмүүсийг санаанаасаа дур мэдэн зохиогоод, дэмий балай юм яриад байна гэж хэлж чадахгүй л дээ.

Учир нь хүн гээч бодгаль өөрийн гэсэн үнэ цэнтэй гэдэг нь тодорхой учраас тэр. Харин тэрхүү үнэ цэнийг нь юугаар хэмжиж тогтоочихоод үнэлэмжийг нь нэмэгдүүлэх гээд байгааг нь л ойлгож өгөхгүй байгаа юм. Нэг ёсондоо монгол хүн яагаад үнэгүйдчихээд байгаа юм, яаж үнэлэмжийг нь дээшлүүлэх хэрэгтэй байна вэ гэдгийг асуудлыг хөндөгч хүмүүс тодорхой болгож өгмөөр байгаа юм л даа. Хүн гээч амьтныг бараа таваартай адилтган тав, арван төгрөгөөр үнэлж болдог бөгөөд тэр үнэлгээ нь манай улсад доогуур байгаа гэж тэр хүмүүс лав хэлээгүй байх. Тэгэхлээр хүний үнэлэмж гээч яг юуг хэлээд байна вэ? Дарангуйлагч нийгэмд, тухайлбал боолын нийгэмд зарим хүний амь нас, амьд явах эрх чөлөө ямар ч үнэ цэнэгүй байсан гэдэг нь түүх сударт тодорхой байдаг.

Ноёныг нь үхэхээр зарцыг нь морьтой нь цуг алж орхиод булж орхино гэдэг бол аймаар гэмт үйлдэл. Энэ үйлдлийн төлөө хэн ч буруутан болдоггүй байсан нь хачирхалтай. Бурангуй, бүдүүлэг энэхүү үйлдлийг нийгмээрээ, нийтээрээ хүлээн зөвшөөрдөг байсан гээд бодохоор ойлгоход бүр ч бэрх. Боолын нийгмийн тэрхүү үйлдлийг өнөөдөр хүний амь нас, амьд явах эрхийг аймшигтайгаар зөрчдөг байсан харгис хэрцгий үйлдэл хэмээн үзэх нь зүй ёсны хэрэг. Боолын нийгмийн бурангүй цаг үед эгэл жирийн ард иргэдийн амь насыг үнэтэй болгох, хүнийг хүн гэсэн утгаар нь үнэлэх, үнэлэмжийг нь дээшлүүлэн ядаж үхсэн эзэнтэй нь цуг булшилдаггүй болгох шаардлага байсан байжээ гэхэд маргалдах хүн гарахгүй байх. Гэтэл Үндсэн хуулиараа хүн амьд явах эрхтэй гээд тодоос тод заачихсан манай нийгэмд хүний үнэлэмжийн тухай яриа газар аваад байгаа нь сонин юм шүү. Овоо босгоогүй бол шаазгай суугаад шагшрахгүйн үлгэрээр ямар нэгэн учир шалтгаан байгаа болохоор л монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх тухай яриа гараад байгаа гэж үзэхэд буруудахгүй байх.

Тэгэхлээр монгол хүний үнэлэмж доогуур байгаад байгаагийн үндэс угшил нь юунд байна вэ? Залхуу хойрго, арчаагүй байдлаасаа болоод үгүйрэн хоосорсон зарим нэг хүнийг хараад энэ хүн ингэж ядуу явах ёсгүй, монголчууд бүгдээрээ хангалуун амьдрах ёстой хэмээн үзэж монгол хүний үнэлэмж ярьж байгаа бол ёстой тэнэг хэрэг. Мөн архинд донтоод нохой, гахай шиг өдөр хоногийг өнгөрөөж буй хүмүүсийг хараад монгол хүний үнэгүйдлийг хөндөж байгаа бол бас л утгагүй зүйл. Энэ бүхэн монгол хүн үнэгүйдэхийн шалтаг, шалтгаан биш тэдгээр хүмүүсийн амьдрах чадвартай шууд холбоотой асуудал юм.

Тэдэнд бусадтай адил ажиллаж амьдрах боломж цаг тутамд нээлттэй байгаа шүү дээ. Тэгвэл монгол хүн юунаас болоод үнэгүйдээд байна вэ? Энэ асуултын хариу уул нь бол маш энгийн зүйл. Хүний үнэ цэнийг хамгаалдаг цорын ганцхан зүйл байдаг. Тэр нь мэдээж хууль. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх тухай мөн л манай улс хуульчилчихсан. Тэгсэн хэрнээ хуулийн хэрэгжилтийн явцад шударга бус, буруу бусармаг үйл явдлууд байнга гардаг. Эрх мэдэлтнүүд, тэдний үр хүүхдүүд согтуу галзуугаараа машин барьж яваад жирийн иргэдийн амь насыг хөнөөчихөөд хуулийн ямар ч зүйл ангиар буруутан болоогүй түүх манай нийгэмд өчнөөн бий. Хүнийг дайрч ална уу, цавчиж ална уу эцсийн цэг дээрээ эрдэнэт хүний амийг хөнөөсөн үйлдэл нь адилхан юм шүү дээ.

Хамгийн аюултай нь боолын нийгэмд зарцыг нь хөнөөхөд нийтээрээ хүлээн зөвшөөрдөг шиг, эрхтэн дархтанууд, баячууд, олны танил хүмүүс жирийн иргэдийг хөнөөгөөд ял завшдаг асуудлыг манай нийгэм хэвийн үзэгдэл мэт хүлээн авдаг болчихжээ. Энэ бол манай нийгэм хууль эрх зүйг уландаа гишгээд жирийн иргэдийн амь насыг үнэгүйдүүлдэг олон жишээний ердөө л ганцхан төрлийн жишээ нь юм. Эндээс угшил хийн хөөн үзвэл монгол хүн үнэгүйдээд байгаа, монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх тухай яриа хуулийн өмнөх тэгш бус байдлаас болоод гарч байгаа байх гэж би хувьдаа бодож байна. Ерөөсөө хүн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй болохоор л үнэгүй болчихдог юм байна. Үнэ цэнэтэй хүн байна гэдэг хуулиар олгогдсон эрхээ эдэлж явахыг л хэлдэг юм байна.

Тийм учраас Монгол оронд иргэд нь үнэгүйдэж, иргэдийнхээ үнэлэмжийг дээшлүүлэх тухай яриа өөрийн эрхгүй гарч ирж байна гэсэн ойлголт аяндаа бий болж байгаа юм. Хэрвээ хууль ёс журмаараа хэрэгждэг бол ийм яриа гарах ямар ч үндэс байхгүй юм. Хууль хэрэгждэг байсан бол хүн үнэтэй болж байгаа юм. Хэн буруутан байна тэрхүү буруутанг олж тогтоогоод хохирсон иргэдийг гомдолгүй болгож чаддаг тийм хуулийн хэрэгжилт байж байсан бол өнөөгийн Монгол орон авилгалд идэгдэх, Монгол Улс орших, эс оршихуйн тухай яриа гарах ямар ч шаардлага байхгүй байсан юм. Энэ бүхэн юуг хэлээд байна вэ гэхлээр газар, түүний доорх баялагийн үнэ цэнээс газар дээр амьдарч буй иргэдийн хуулийн өмнө тэгш байх эрх нь илүү үнэ цэнтэй юм гэсэн ойлголтыг л хэлээд байгаа юм. Хууль шударга хэрэгждэг байсан бол идээчин, уугаачиний тухай энэ их бузар булай мэдээ, мэдээлэл хамаагүй бага байсан байх. Хуулиас айсан эрх мэдэлтнүүд идэх, уухаас айдаг болчихсон байх байсан биз. Гэтэл хууль шударгаар хэрэгжихгүй байгаа болохоор бүх асуудал хар дүрс болон хувирч, юунд итгэж, юунд найдах нь ойлгомжгүй болчихоод байна. Хотын иргэдийн хурлын төлөөлөгч гэгдэх нэг нөхөр хүний нэрээр сонгуульд орж ялалт байгуулан, хүний нэр дээр төрийн өндөр алба хашиж байсан байгаа юм. Одоо ч хашиж байгаа. Түүнд үйлчилдэг хууль гэж ер алга.

Тэр нөхөр өөрийнхөө үнэн намтараар явсан бол сонгуульд ялахгүй, албан тушалтан болохгүй нь тодорхой байсан биз. Тэгтэл тэр нөхөр хүний нэр, хүний намтар хулгайлж авчихаад төрөөс цалин хүртэж, эрх ямба эдэлж суугаа. Түүнтэй өрсөлдөн ялагдсан хүний эрх гэж нэг юм байгаа даа. Түүнийг нь авч үзэж байгаа хууль гэж алга. Ингэж бодохоор монгол хүн үнэгүйдэлгүй яахав дээ. Хүнийг үнэтэй болгодог ганцхан зүйл байдаг юм байна. Тэр бол хууль. Хууль шударгаар хэрэгждэг болохгүй бол эгэл жирийн иргэд ямар ч үнэгүй байсаар байх нь тодорхой юм л даа. Өнөөдөр авлигатай тэмцэнэ, идээчин уугаачдыг зайлуулна гэцгээх юм.

Хууль л тэднийг байх ёстой газарт нь аваачина шүү дээ. Түүнээс биш хоосон яриа бол ямар ч үнэ цэнэгүй зүйл юм. Хууль хэрэгжихгүй болохоор монгол хүн аргагүй л үнэгүйдэж байна даа. Яг л нөгөө боолын нийгэм шиг хүчтэй нь хүчгүйгээ хүчирхийлэн дарлаж байна шүү дээ. Үүнийг ярьж байгаа, хэрэгжүүлж байгаа улс төрч, улс төрийн нам ч гэж алга. Бүгд л нийгмийн хамгаалал, байгаль орчны ногоон үзэл ярих юм. Тэр бүхэн тэгвэл хүнд зориулагддаг биз дээ. Хүн нь үнэгүй байхад ногоон үзлээр ч яах билээ, нийгмийн хамгааллаар ч яах билээ дээ.

Т.Хурцаа


URL:

Сэтгэгдэл бичих