ТОЙМ: Н.Ганбаатар ерөнхийлөгчиийн сонгуульд нэр дэвшихээр болж, төрсөн зодсон эмэгтэйн бичлэг нийгмийг цочирдуулсан долоо хоног
Энэ долоо хоногт МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойх бол гэх асуулт ярианы сэдэв болж байсан бол тус намын бага хурал хуралдаж, С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр батламжилсан билээ. Тэрээр СЕХ С.Ганбаатарын нэрийг албан ёсоор бүртгэж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх олгохоор болсон. Ийнхүү 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нарын гурван нэр дэвшигч өрсөлдөхөөр болов. Түүнчлэн 88 настай төрсөн эхийгээ “үхээд өгөөч” хэмээн гэрийнхээ тагтан дээр хөөж гаргасан эмэгтэйн бичлэг цахимд цацагдснаар олныг цочирдуулсан нь энэ долоо хоногийн голлох үйл явдал байлаа. Эдгээр болон бусад онцлох үйл явлын мэдээ мэдээллийг BOLOD.MN сайт тоймлон хүргэж байна.
МАХН-аас С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар СЕХ-нд бичиг баримтаа хүргүүлсэн. Улмаар СЕХ түүнийг нэр дэвшүүлэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ. Ингэхдээ С.Ганбаатарын нэрийг албан ёсоор бүртгэж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх олгохоор болжээ.
СЕХ өнөөдөр нэр дэвшигчдийн нэрийг албан ёсоор улсын хэмжээнд зарлах юм. Яг одоо нэр дэвшигчдэд үнэмлэх олгохоор болсон байна. Ийнхүү 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нарын гурван нэр дэвшигч өрсөлдөхөөр боллоо.
Ээжийгээ зодсон эмэгтэйг долоо хоног баривчлахаар боллоо
Нэг эмэгтэй ээжийгээ тагтан дээрээ хөөн гаргаж, “үхээч” хэмээн зандарч, зодож буй бичлэг өчигдөр нийгмийн сүлжээгээр цацагдсан. 80 орчим насны хөгшнийг ийн дарамталсан эмэгтэйг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулсан байна. Тэрээр ээжийгээ тагтан дээр гаргаж, “Үхэж далд орохгүй амьдраад байгаа юм. Үеийнхэн чинь үхчихээд байхад ” хэмээн зандарч, улмаар элдэв зүйл шидэлсэн байна.
Энэ үйл явдал болох үед ойр хавьд байсан иргэд түүнд шаардлага тавьсан нь бичлэгт үлджээ. Хэргийн мөрөөр тухайн эмэгтэйг саатуулан шалгаж байна.
2011-2014 онд хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 16 хувь нь ахмад настнууд байжээ. Тэд үр хүүхэд, гэр бүлийнхээ хүчирхийлэлд өртдөг байна. Энэ нь зөвхөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан иргэдийн тоо юм.
Приусны татварыг тэглэхээр болов
2017 оны төсвийг тодотгохдоо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосон юм.
Уг хуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд өмнө нь татвар төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болж байгаа юм. Мөн хуулийн үйлчлэх хугацаанаас өмнө захиалсан, лизингээр авсан “Приус” машины захиалагч, борлуулагч, худалдан авагч иргэдийн дунд үл ойлголцол үүсээд байгаа билээ.
Иймд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоох” өөрчлөлтийг Онцгой албан татварын тухай хуульд оруулах хуулийн төсөл санаачилжээ. Уг төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
Хэрвээ өөрчлөлтийг УИХ баталбал дээрх төрлийн автомашинуудын Онцгой албан татварын хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувь байхаар тогтоохоос гадна 2017 оны 05 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэн хуулийн үйлчлэлийг тодорхой хугацаанд хойшлуулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
УИХ-аар Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг батлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ хуулиар Залуучуудын хөгжлийг дэмжих санг байгуулах юм. Ингэснээр залуучуудаа цогцоор нь дэмжих боломж бүрдэнэ гэж үзжээ. Манай улсын хүн амын 40 хувийг 35-аас доош насны залуус эзэлдэг байна.
“Монгол Улсын хүн амын насны хувьд хамгийн тааламжтай үе өнөөдөр ирээд байгаа. Цаашдаа 10-15 жилийн дараа хүн амын насны хувьд хүндрэх талдаа орно” гэдгийг ХНХ-ын сайд Н.Номтойбаяр онцолж байлаа.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авсны дараагаар хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал хураалт явуулсныг дэмжив. Ингээд гишүүдийн олонхийн саналаар Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийг баталлаа. Энэ хууль 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм.
“Автомашингүй өдөр” буюу ”“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохиогдож байна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу ”“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын сарын 20-нд буюу өнөөдөр болж байна.
Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул дээрх гудамж, авто замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оруулж байна.
Эх сурвалж: Bolod.mn
URL: