Монгол Улсын Үндсэн хууль 14.9 тэрбум төгрөгийн үнэ цэнэтэй гэж үү
Монгол Улс түүхэндээ хоёр дахь удаагаа ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Анх Монгол Улс тусгаар тогтносон улс болох эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Ингэхдээ ард нийтийн санал асуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар бэлтгэл ажил хангагдаж буй. Учир нь ард нийтийн санал асуулга явуулахад хөрөнгө мөнгө их орох учир ийнхүү “Нэг сумаар хоёр туулай буудах”-аар эрх баригчид хичээж байгаа.
Тэгвэл энэ нь улс төрийн намууд болоод ард иргэдийн дургүйцлийг төрүүлэх боллоо.
Монгол Улсад тогтвортой байгаа ганц хууль нь үндсэн хууль. Ганц тогтвортой байгаа брэнд хуулиа яарч, сандран самраад хаячихвал Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Тиймээс Үндсэн хуульд гар хүрэхээр болвол маш болгоомжтой, хянуур, олон талын байр суурийг нэгтгэн нийлүүлж ярилцаж байж өөрчлөлт оруулах асуудлыг ярих ёстой гэдгийг улс төр судлаачид хэлж, анхааруулж байгаа.
Үндсэн хуульд гар хүрэхээр болвол маш болгоомжтой, хянуур, олон талын байр суурийг нэгтгэн нийлүүлж ярилцаж байж өөрчлөлт оруулах асуудлыг ярих ёстой гэдгийг улс төр судлаачид хэлж, анхааруулж байгаа
Гэтэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулга өнөөдрийг хүртэл олон нийтэд ил болоогүй байна. Харин санал асуулыг энэ сарын 29-ны өдрөөс өмнө СЕХ-нд хүргүүлэхгүй бол зохион байгуулалтын хувьд амжихгүй гэдгийг албаны хүмүүс анхааруулж байгаа. Түүнчлэн санал асуулгын асуулт тодорхой, товч байхгүй бол сонгогчид будилаж, төөрөгдөх магадлалтай гэдгийг ч СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэлсэн.
Тэгвэл эрх баригчид ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яарч байгаагийн цаад шалтгаан нь гаднаас зохих хэмжээний даалгавар ирсэн учраас түүндээ захирагдан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яарч байна. Хэрэв ингэж өөрчлөлт оруулахгүй бол гэсэн дарамт байгаа учраас энэ ажлыг гэрлийг хурдаар явуулаад байнагэж хардах хүн олон байгаа юм.
Үнэндээ ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил сүүлийн үед маш эрчимтэй явагдаж байгаа нь нууц биш. Тодруулбал “Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль” энэ оны хоёрдугаар сарын 9-ны өдөр батлагдсан бол энэ хуулийг дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах “Анхдугаар зөвлөлдөх санал асуулга” хууль батлагдсанаас гурав хүрэхгүй сарын дараа буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр болсон юм. Харин үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар улс төрийн намуудын удирдлагуудтай ярилцах “Үндэсний зөвшилцөл” арга хэмжээ энэ сарын 16-ны өдөр Төрийн ордонд явагдсан. Гэтэл энэ нь зөвхөн нэр төдий зүйл байсан гэдгийг Үндэсний зөвшилцөл арга хэмжээнд ирсэн улс төрчид хэлж байсан юм.
Харин энэ бүхэн нь зөвхөн санал асуулга явуулах мөнгө санхүүтэй холбоотойгоор яаравчлагдаж байна уу, эсвэл үүний цаана улс төрийн намуудын удирдлагуудын хэлээд буй шиг далд санаархал байна уу гэдэг нь яах ч аргагүй анхаарал татаж байгаа юм.
Үнэхээр мөнгө санхүүтэй холбоотой бол эрх баригчид Монгол Улсын Үндсэн аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой Үндсэн хуулиасаа яагаад мөнгө харамлах болов. Монгол Улсын Үндсэн хууль Ерөнхийлөгчийн сонгууль явуулах 14.9 тэрбум төгрөгийн үнэ цэнэтэй гэж үү.
Б.Энхжин
24tsag.mn
URL: