Дэлхийн банк: Монголын эдийн засаг хөөстэй байна

Дэлхийн банкны шинжээчид нэгэн онош тавьжээ. Тэр нь Монголын эдийн засагт хэт халалтын шинж тэмдэг илэрлээ гэсэн анхааруулга. Экспортынхоо орлогыг шүтсэн  Монголын эдийн засаг сүүлийн улирлуудад тооцоолж байснаас эрчимтэй сэргэсэн нь хэт халалтын эхний дохио шүү гэдгийг ч тэд бидэнд дахиад л анхааруулав.

Улстөрийн синдромд автсан улстөрчид нь  “унтах” завгүй “хэмлэлдэх” зуур улс орных нь эдийн засагт нүүрлэсэн хямрал  хаяанд тулаад байгааг Дэлхийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн судалгаанаас бэлхнээ харж болно.  Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг нь дотоодын нийлүүлэлт шууд хангаж чадахгүйгээс импортын бараа бүтээгдэхүүнд үнийн өсөлт ажиглагдаж, энэ нь инфляцийг “инээмсэглүүлж буйг  олон улсын эдийн засагчид хэдийнээ олоод харчихжээ. Олон улсын валютын сангийнхан, Дэлхийн банкныхан монголчуудад хандан төрийн энэ их  хайр халамжаа одоо зогсоогооч ээ хэмээн удаа дараа хэлдэг ч харамсалтай нь манайхан нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихдаг.

ДНБ-ий өсөлт 2011 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.3 хувь байсан бол гуравдугаар улиралд 20.8 хувьд хүрсэн байна.  Эдийн засгийн өсөлт 2010 онд 6.4 хувьтай байсан бол 2011 оны эцэст 15 хувьд хүрэх, магадгүй бүр түүнээс давж гарах төлөвтэй байгааг Дэлхийн банкныхан сануулж байна. Монгол Улс ашигт малтмалын арвин их баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулахтай зэрэгцээд дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, энэ нь эдийн засгийн өсөлтийн гол түлхэгч хүч нь болж байна.

Уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт өсөлт сайтай байгаа боловч 2004-2008 онуудад үүссэнтэй ижил төстэй хөөс барилгын салбарт дахин бий болж байна гэсэн болгоомжлол төрж буйгаа тус банкныхан нуусангүй.

Хэдийгээр Монголын ажил­гүйдэл буурч байгаа ч нийт ажилгүйдлийн түвшин есөн хувьтай хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт  гэнэ. Улаанбаатар хотын албан бус хөдөлмөрийн зарим захаас аравдугаар сард хий­сэн судалгаагаар бодит ор­лого инфляцийн өсөлтөөс болж долдугаар сараас хойш огцом буурсан байна. Иргэд зарлага нь орлогоосоо даван гарсан хийгээд  олсон хэд нь  үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь  инфляци эмзэг бүлэгт хамгийн сөргөөр нөлөөлж буйн илрэл аж. Инфляци өсөлтийн инерциэ хадгалагдсаар байгаа нь төрөөс олгож буй бэлэн мөн­гөний тараалт,  цалингийн өсөлт, үнийн ерөнхий дарамт эдийн засагт байсаар байгаагийн дохио гэнэ. Уул уурхайн тоног төхөөрөмж, түлшний импор­­тын огцом өсөлттэй хол­боотойгоор Монгол Улсын гадаад худалдааны алдагдал түүхэнд байгаагүй түвшинд дөхөж очоод байгааг ч гадныхан бас л олоод харчихаж. Тиймдээ ч тэд Монголын эдийн засаг эвгүйтэж байгаа шүү хэмээн анхааруулсаар, анхааруулгыг нь амлалтаа биелүүлэхээр улайрах улстөрчид үл анзаарсаар л.

Гадаад алдагдал сүүлийн 12 сарын гулсмал нийлбэрээр тооцоод үзэхэд есдүгээр сард 1.4 тэрбум ам. долларт хүрсэн гэнэ.

Экспортын өсөлт  өндөр байгаагийн гол шалтгаан нь БНХАУ уруу ачигдаж байгаа нүүрс юм. Гэтэл зэсийн экспор­тын хэмжээ бараг өсөлтгүй байгаа бол ноолуурын экспорт бүр муу байна. Монголбанк бодлогын хүүгээ өнгөрсөн аравдугаар сард 0.5 нэгж хувиар өсгөж 12.25 хувь бол­го­сон. Он гарснаас хойш бодлогын хүүг ийнхүү суурь инфляцийн өсөлтийг сааруулах зорилгоор гурван удаа өсгөж, заавал байлгах нөөцийг хоёр удаа нэмээд байгаа юм. Гэхдээ бодлогын арга хэмжээний үр дүн гартал цаг хугацааны хоцрогдол байдаг, мөн инфляцийн өсөлт саарахгүй байгаа учраас нэмж арга хэмжээ авах шаардлагатай байгаа аж. Хэдий тийм боловч Засгийн газраас одоо төсвийн тэлэх бодлого баримтлаж байгаа учраас мөнгөний бодлогын инфляцийг бууруулах үйл ажиллагааны үр нөлөө хязгаарлагдмал болоод байна.

2012 оны төсвийн төсөлд төсвийн тэлэлт үргэлжилж, нийт зарлага 74 хувиар (үндсэндээ цалин хөлс, нийгмийн зориу­лалттай шилжүүлэг) өсөх тооцоо хийгдсэн байна. Нэрлэсэн дүн­гээр нь авч үзвэл 2012 оны төсвийн төсөлд тусгасан нийт зарлага нь 2010 оны түвшингээс хоёр дахин их, мөн оны ДНБ-с ялимгүй доогуур хэмжээнд байна. Үүний зэрэгцээ, төсвийн орлого, ДНБ-ий төсөөллийг өөдрөгөөр тооцож, төсвийн алдагдал ДНБ-ий 4.1 хувьтай байхаар байгаа аж.  Хэрвээ инф­ляцийн хүлээлт хүрээгээ тэлбэл цалин хөлс, шилжүүлгийн зар­дал нэмэгдэж байгаагаас цалин, үнийн эргүүлэг үүсэх эрсдэлийг бий болгож буй гэх. Энэ нь ядуу эмзэг бүлгийнхэнд сөргөөр нөлөөлөхөөс гадна экспортлогч (хөдөө аж ахуй), импорттой өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн (гол төлөв жижиг, дунд бизнесүүд) өрсөлдөх чадварыг доройтуулах нөхцөлд хүргэж болзошгүй аж. Төсвийн төсөлд одоо хавтгайруулан олгож буй бэлэн мөнгөний хөтөлбөрийг халж, оронд нь орлого оруулан тооцсон ядууст чиглэсэн нийгмийн халамж 2012 оны хоёрдугаар хагаст хэрэгжиж эхлэхээр тусгасан нь Дэлхийн банкнаас шүүмжилсэнгүй. Тэд харин ч үүнд сэтгэл дүүрэн байгааг бөгөөд саашаалтай хандаж байгаагаа илэрхийлж буй. 2012 оны төсвийн төсөлд тусгасан орлого, зарлага, ДНБ-ий төсөөлөл бүгд өөдрөг хийгдсэн ч гэлээ дээрх өөдрөг төсөөлөл биелэхгүй байх тодор­хой эрсдэл олон байгаа юм. Тухайлбал, дэлхийн эдийн зас­гийн байдал муудвал төсөвт төвлөрөх орлого зогсох эсвэл одоогийн хандлага өөрчлөгдөх магадлалтай, нүүрсний экспор­тод тээврийн нэвтрүүлэх хүчин чадалтай холбоотой хязгаар­лалтууд тулгарч болно, төсвийн хөрөнгө оруулалттай томоохон төслүүд бэлтгэл ажил, гэрээ хэлэлцээр, хэрэгжилтийн шатанд чадавх дутагдсанаас хой­­шилж болзошгүй, мөн БНХАУ-аас эрчим хүч импорт­лох асуудал хойшлогдвол Оюутолгойн бүтээгдэхүүн үйлд­вэр­­лэл хоцрох магадлалтай гээд тоочвол цөөнгүй эрсдлийн бага­гүй жагсаалт гарах биз. .

Дэлхийн санхүү, өрийн зах дээр тодорхой бус байдал нэмэгдэж, хөгжингүй улсуудын эдийн засгийн өсөлт саарч дэлхийн эдийн засгийн эрс­дэл өндөр болж, эрдэс бүтээг­дэхүүний үнэ дэлхийн зах зээлд аль хэдийнээ буурч эхэлсэн энэ үед Монгол Улсын эдийн засагт хэт халалтын шинж тэмдэг ажиглагдаж байгаа учраас одоо эдийн засгийн урьтач, эрсдэлээс зайлсхийсэн бодлого баримтлах цаг болжээ гэдгийг Дэлхийн банк дэмий ч нэг сануулаагүй байх. Эрсдэлээс айдаггүй эрхэм гишүүд, эрх баригчид энэ анхааруулгыг эс тоовол энэ улсын эдийн засаг ирэх жилээс хэт халалт тодорхой болжээ.

Ж.Нямсүрэн

“Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих