Хогонд дарагдсан Хөвсгөл
Түрэгүүдийн үед Кеп Сү Кель буюу “Хөх устай нуур” гэж байсныг түүхийн олон сурвалжаас харж болно. Монголчууд эрт дээр үеэс “Ариг ус” ч гэж нэрлэж ирсэн. Ариг гэдгийг монгол хэлний тайлбар толь бичигт цэвэр тунгалаг, цэнгэг ариуныг нэг утгаар тэмдэглэжээ. Энэ бол Монголын аялал жуулчлалын гол бүс нутаг, дэлхийн цэнгэг усны нөөцийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур.
Өнө эртний Түрэгийн үеэс цэвэр, тунгалгаар нь алдаршуулж тэр хэрээр дархалж байж. Гадна, дотны хэнбугайг ч уулга алдуулам үзэсгэлэнт Хөвсгөл нуур өнөө үед ямар болов?
Хөвсгөлөөр нэрлэсэн өчнөөн төсөл хөтөлбөр, арга хэмжээ хувьсгалаас, хувиас, гадаадаас гээд л хэрэгжиж байгаа дуулддаг. Жуулчдыг татах орчин бүрдүүллээ, зам тавилаа, олон улсын стандартад нийцсэн бааз байгууллаа гээд олны танил эрхмүүд улиг болтлоо ярьсан. Хамгийн сүүлд гэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монголд аялал жуулчлалын гурван бүсийг байгуулахаар болсныг зарласны нэг нь Хөвсгөл байв. Хөвсгөл нуурыг байгалийн жишиг аялал жуулчлалын бүс болгохоор албаныхан төлөвлөж байгаа гэнэ.
Түүгээр зогсохгүй Хөвсгөл нууран дээр усан замын вокзал байгуулж Тэрхийн цагаан нуураас Хөвсгөл нуур хүрэх хатуу хучилттай зам тавихаар бэлтгэж байгааг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Уул үзээгүй хормой шуухын үлгэрээр наад захын хүн бүрт хэрэгтэй зүйлийг хийчихээгүй хэрнээ цаад талын том, том ажил ярьдаг “өвчнийг” хэзээ анагаадаг болох вэ. Хөвсгөлд очсон хүн бүрийн толгойны өвчин болсон нэгдсэн стандарттай ариун цэврийн байгууламжийг өдийг хүртэл байгуулж чадаагүй байна.
Зорьж очсон хүн бүр хог хаях, бие засах шаардлагатай. Өнгөрсөн онд л гэхэд 60000 жуулчин Хөвсгөл нуурыг зорьсон тоон судалгаа байна. Дээрээс нь тэнд ажил, үйлчилгээ явуулж байгаа олон мянган хүн бий. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурын орчимд газар олголт эмх замбараагүй болсноос даац нь хэтэрчээ. Угтаа Хөвсгөл нуурын эрэг дээр 50 жуулчны бааз ажиллуулах л боломжтой. Харин одоо бол 118 газарт зөвшөөрөл олгогджээ. Үүний хажуугаар зөвшөөрөлгүй, хог хаягдал боловсруулагч бичил баазууд өч төчнөөнөөр бий. Тэдгээр иргэдийн өдөр бүрийн хог хаягдал, ялгадас нь хаана шингэдэг вэ. Шууд хэлвэл, Хөвсгөл нуурын эрэг дээр л шингэж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөвсгөл аймагт болсон аялал жуулчлалын форумын үеэр “…Жуулчны баазууд, нутгийн иргэд үйлчилгээний зориулалтаар газар эзэмшээд түүнийг дагасан гэр буудлуудад тавигдах шаардлага, нэгдсэн хаягжуулалт, хогийн цэг, ариун цэврийн байгууламж систем төлөвлөгдөн гарч ирнэ” гээд л албаныхан биелэгддэгүй даалгавраа ярьж байна. Энэ олон жил жуулчдыг даллаж ирсэн хэрнээ одоог болтол тэдний наад захын хэрэглээг нь манайхан хангаж чадахгүй сууж байгаа нь эмгэнэл. Тэр нь биелүүлж цөхөөд байх асуудал биш. Ердөө л ариун цэврийг сайтар хангасан нэгдсэн байгууламж шүү дээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ асуудлыг жил бүрэн сөхөн гаргаж шаардлага тавьж иржээ.
НУУРЫН ЭРГЭЭС ГЭДЭСНИЙ БҮЛГИЙН НЯНГИЙН БОХИРДОЛ ИЛЭРЧЭЭ
Дээр өгүүлснээр Хөвсгөл нуурын эрэг дээр 118 газарт аялал жуулчлалын зориулалтаар зөвшөөрөл эзэмшиж байна. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2015 оны долдугаар сарын 20-нд хийсэн тандалт судалгааны ажлын явцад Жанхайн сайрын урд хэсгийн нуурын эрэг орчмын хөрснөөс дээж авч, шинжилгээнд хамруулахад нянгийн бохирдолтой гэсэн дүгнэлт гарчээ. Хатгал тосгоны иргэд Хөвсгөл нуураас ундны ус авдаг дөрвөн цэг байдаг байна. Улсын байцаагчид уг цэгүүдээс болон усан замын үйлчилгээ үзүүлдэг завинуудын зогсоолоос усны дээж авч шинжилгээ хийхэд гэдэсний бүлгийн нянгийн бохирдол илэрчээ. Ундны усанд ийм төрлийн нянгийн бохирдол илэрнэ гэдэг Хөвсгөл нуурын ус, түүний эрэг орчим бохирдлын ямар төвшинд хүрсэн нь гарцаагүй ойлгогдоно. Байцаагчид энэ шинжилгээг үндэслэн дүгнэлт гаргаж, Алаг-эрдэнэ сумын Засаг даргад ундны ус авдаг цэгүүдэд бохирдол үүсгэхгүй байх арга хэмжээ авч ажиллах шаардлага хүргүүлжээ.
Мэргэжлийн хяналтын байцаагчид жуулчдын баазуудад Усны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах явцад ч ноцтой зөрчлүүд илрүүлсэн байна. Тодруулбал, тусгай хамгаалалттай газрын отог байгуулсан газар нь эрүүл ахуйн бүсэд байрлаж хог хаягдал, хүний өтгөн шингэн хаягдлын бохирдол үүсгэж байгааг тогтоожээ. Мөн суурьшмал бүсийн орчимд байгуулсан отгийн газарт дотоодын аялагчид майхан, платка барьж олноор буугаад усан орчин, хөрсөнд их хэмжээний бохирдол үүсгэснийг тодорхойлжээ. Одоо ашиглаж байгаа энгийн бие засах газар нь ч бохирдлын эх үүсвэр болж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл, ариун цэврийн нэгдсэн стандарттай байгууламж зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.
Нэг жилд гэхэд 60000 гаруй хүний хөл хөдөлгөөн бараг бүтэн жилийн турш өрнөж байгаа Хөвсгөл нуур ийнхүү хог хаягдал, хүний өтгөн шингэнд дарагдаж байгаа нь харамсалтай.
ЖУУЛЧНЫ БААЗУУДЫН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯНАДАГГҮЙ
Дэлхийд ховор, байгалийн үзэсгэлэнт, гүн, цэнгэг хэмээн магтан шагшиж мөнгө олчихоод орон нутагт татвар, хураамжаас эхлээд ашиг болдоггүй жуулчны баазууд нуурыг бохирдуулаад зогсохгүй ус ашиглалтын эмх замбараагүй хэрэглээгээрээ асуудал үүсгэж байна. Усны тухай болон холбогдох хууль тогтоомжоор ус ашиглагч хэнбугай ч төлбөрөө төлдөг. Ялангуяа, аж ахуйн нэгж байгууллагууд илүү их үүрэг хүлээдэг заалттай. Тэд наад зах нь ус ашиглах гэрээ байгуулах, дүгнэлт гаргуулах, хэрэглээнийхээ хэрээр төлбөрөө төлөх үүрэгтэй. Тэгвэл энэ хуулийн заалт Хөвсгөлд огт хэрэгждэггүйг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Хөвсгөл нуурын орчим газруудад ой, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж, газар эзэмшүүлсэн нь Усны тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын дүгнэлтэд “Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2012 оноос хойш газар олголт эрчимтэй олгогдсноос шалтгаалан Хатгал тосгоны нутаг дэвсгэрийн Усан зам орчим газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Хүзүүвчийн шил, Тойлогт, Онгологийн цагаан эрэг орчим газруудад ус, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчлүүд илэрсэн” гэжээ. Тэнд одоог хүртэл ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ус авах цэг, шугам хоолойг тоолууржуулах ажил хийгдээгүй. Үүгээр бол Хөвсгөл нуураас авч хэрэглэж байгаа усны хэмжээг үнэн бодитоор тогтоож, улсад төвлөрүүлсэн хөрөнгө гэж үгүй бололтой.
Зөвхөн усаар тогтохгүй байгаль орчныг хамгаалах нарийвчилсан үнэлгээг жуулчны баазууд гаргуулах ёстой ч бас л хэрэгждэггүй гэж байна. Байгаль орчны багц хуулийн хэрэгжилт Хөвсгөл нуурын орчимд дунд эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
Ерөөс Хөвсгөл нуурын орчимд хэрэгжиж байгаа хууль журам, стандарт гэж бараг алга. Дээрээс гаргасан бодлого нь байгаа онохгүйн дээр газар дээрээ ч хууль журам нь гууль болчихоод далай ээж маань жил жилийг гундуухан үддэг боллоо.
Уг нь Хөвсгөл нуур маань дэлхийн 17 эртний нуурын нэг, хоёр гаруй жилийн настай, дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг. Усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт, дэлхийд 14-т, усны тунгалагшил, цэнгэг байдлаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг. Ховордож буй ан амьтан, жигүүртэн шувууд, ургамлаар баялаг. 1992 онд тусгай хамгаалалтад авч, 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн Байгалийн цогцолборт газрын ангилалд оруулан дархалж байв.
Гэвч монголчууд дархалсан газартаа халтай. Төрийн толгойноосоо эхлээд энгийн нэгэн хүртлээ байгаль орчноо хайрлаж хамгаалах ухааныг сэтгэж зөв бодлогыг хэрэгжүүлж чаддаггүй. Ерөөсөө үүний тод жишээ Хөвсгөл. Арчилж, гамнахаас урьтаж худалдаж мөнгө олохыг зорьдог. Хэчнээн зузаан шилний цаана байсан үзмэрийг арчилж, гамнахгүй л бол муудаж ганддаг байгалийн хуультай. Хөвсгөл ч үүний үлгэрээр явсаар л байна.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: