Бөхийн нэр хүнд, монголын өв соёлоор хожоо хийхийг тэвчихгүй

3site_eJpNJfU

 

“Наадам болох сайхан, Найраагүй бол бүр сайхан” гэсэн үг дэлгэрчээ. Бас “Үндэсний их баяр наадам үймээн самуунгүй байгаасай”, “Бөх янхан хоёр адил юм” гэх мэтээр бөхчүүдийг тойрсон хар бараан үг, хэл ам тасрахгүй болсон аж.  Наадмын дэвжээг дүүргэн, эр бяраа гайхуулан эрвэлзтэл дэвэх Монголчуудын бахархал, Монголын хийморь лундаа болсон монгол бөхийн нэр хүнд яагаад ингэтлээ доройтоо вэ…  Бичигч би бөхийн спортын нарийн утга учир, дүрэм журмыг мэдэхгүй ч бөхийн барилдааныг шимтэн үзэж, хангай шиг сайхан бөхчүүдээ хайрлан шүтэж явдаг нэгэн. Тиймээс бөхчүүдийг хагаралдуулсан, бөхийн холбоог тойрсон энэ сэдвээр сэтгэл түвдэн бичиж байгаа нь энээ.

Үндэсний их баяр наадам дөхөж байна.  Засаг төр наадмын төсвөө хэдийнэ баталж, бэлтгэл ажлаа зэхээд эхэлж. Гэтэл баяр наадмын гол өнгө, утга учир болсон бөхчүүдийн маань хэрүүл тэмцэл идэвхжив.  Үндэсний ганц бахархал болсон бөхчүүд  маань хэрхэн хагаралдаж хэрэлдэхийг ийнхүү сүүлийн 16 жил өдөр бүр харах боллоо.  “Хагарал бүрийн ард мөнгө, ашиг сонирхол нуугдаж байдаг” гэдгийг сэтгүүлч Д.Төрбат хэлсэн байна лээ.  Тэгвэл бөхийн холбоог тойрсон өнгөрсөн 16 жилийн хагаралд хэн буруутай вэ, энэ хагарал хэнд ашигтай байв,  Монголын үндэсний бөхийн холбоо хэний байгууллага вэ?  Энэ холбоо зөв шударгаар ажиллаж байна уу?  гээд  олон асуудлыг бичвэртээ тэмдэглэлээ.

Р.Нямдоржийн аргачлал ба хаанчлал

 Анх 1990 онд 150 орчим бөхчүүд, шүүгчид, засуул, бөх сонирхогч, судлаачид нэгдэн чуулж, “Монголын үндэсний бөхийн холбоо”-г  байгуулж байсан түүхтэй.  Ороо бусгаа зах зээлийн саад бэрхийг туулан, холбоогоо амь таслалгүй авч үлдсэн хэдий ч тэд тэргүүнээ сонгож чадсангүй.  Нохой сиймхийгээр гэгчээр Р.Нямдорж өөрийн талын цөөхөн нөхдийг цуглуулан, өөрийгөө МҮБХ-ны тэргүүнээр өргөмжлүүлээд авсан нь 17 дахь жилдээ үргэлжилж буй тэдний хагарал тэмцлийн эхлэл болжээ. Товчхондоо хэлэхэд 2002 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж байгаа энэ маргааны гол шалтгаан нь  Р.Нямдорж гэдэг хүн өнөөг хүртэл хууль бусаар МҮБХ-ны тэргүүнээр сууж, Бөхийн өргөө цаашилбал монгол үндэсний бөхийг хоол олж идэх хэрэгсэл болгосонд байгаа  аж.  МҮБХ-ны хууль бус тэргүүний асуудлаар Монголын шүүх хүртэл хэлэлцэж шийдвэр гаргаж байжээ.  Гэвч Р.Нямдорж үл ойшоосоор өдийг хүрсэн байна.  Анх 2003 оны 4-р сард Чингэлтэй дүүргийн шүүхээс “МҮБХ-г хурлаа хуралдуул” гэсэн шийдвэр гаргасан ч Р.Нямдорж тэргүүтэй хэсэг хүмүүс бөхийн холбооны хурлыг хийгээгүй бөгөөд дараа нь Улсын Дээд шүүхээс мөн ийм шийдвэрийг гаргасан ч Р.Нямдорж уг шийдвэрийг хэрэгжүүлээгүй байна.  Ингээд 11 жилийн дараа Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газраас МҮБХ-ны хурлыг албадан хуралдуулах шийдвэрийг гаргаж, Цэцдийн зөвлөл арай гэж хуралджээ.  Гэсэн ч Р.Нямдорж өөрийн хүмүүсээ хуралд оролцуулаагүй бөгөөд “хурлын ирц хүрээгүй” гэсэн шалтгаанаар хүлээн зөвшөөрөөгүй байна.  2016 онд  аймаг, сумдын төлөөлөл нийт 200 гаруй бөх цуглан  хуралдахад Р.Нямдорж тэргүүн төлөөллөө оролцуулалгүй, шийдвэрийг мөн л хүлээж авах боломжгүй гэжээ. 

Ийнхүү МҮБХ-нд “мөнхийн хаан суух”  түүний энэ “аргачлал”  шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн хууль номын дагуу хуралдах гэсэн хэсэг бөхчүүдийг  гутаан доромжлох, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг бөхчүүдэд уриалах, тэднийг дарамтлах зэргээр үргэлжилсэн байна. Нэг үгээр хэлэхэд, МҮБХ-ны тэргүүнийг гурван шатны шүүхээр түдгэлзүүлчихээд байхад ийнхүү суудлаа өгөхгүй, үйл ажиллагаагаа явуулсаар байгаа ажээ.

Энэ мэтээр Монгол эрсийн хийморь лундаа, ард түмний баяр цэнгэлийн манлай болсон бөхийн холбооны дэвжээ нь монгол гутлын ээтэн хоншоор биш Нямдоржтонгуудын балаг, тэдний харалган бодлого, хор хуйвалдаанд элэгдэж байна.  Энэ бол монголын өв соёл руу нулимж байгаа хэрэг биш гэж үү.   Ард түмэн бөхдөө хайртай, дэмждэг.  Тиймээс эдгээр нөхдийн энэ мэт үйлдлийг үл тэвчинэ. “Монголын үндэсний бөх бол гагц МҮБХ-нд бус монголын ард түмэнд хамаатай бөгөөд  энэ нь зүгээр нэг ТББ-ыг тойрсон биш  монголын өв соёлтой холбоотой” хэмээн харж асуудлыг шийдэхийг  хүн бүр энэ хуралд анхаарлаа хандуулж байгаа шүү гэдгийг та бүхэнд дуулгая.  Дээд цэгтээ хүрсэн бөхчүүдийн хэрүүлийг энэ удаа таслан зогсоохгүй бол монгол бөх, монгол наадам үгүй болох нь ээ. Тиймээс энэ сарын 24-нд зарлагдсан МҮБХ-ны хурал энэ олон жилийн хэрүүлд цэг тавиасай.                                                                  /Үргэлжлэл бий/


URL:

Сэтгэгдэл бичих