“Су.Батболд оо, Засаг даргаа надад өгчих!”

9336

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сунгаанаас сайн дураараа нэрээ татсан Үүл баатар ойрдоо их нажидтай явна. Яг нэр дэвшүүлэлт болдог өдөр МАН-ынхан, хотын захиргаа “Гэр хорооллын барилгажилтаас хохирсон иргэд” гээд баахан хүмүүс аваачаад намынх нь гадаа жагсаасан. Сүүл рүүгээ жагсаал зохион байгуулсан этгээдүүд нь хотын захиргааны Гэр хорооллын дэд бүтцийн газрын мэргэжилтнүүд байсан нь илэрч булай булай… Уг үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө мань эр сунгаанаас гарч байгаагаа зарлаж, сонгуульд оролцохгүй байхыг намынхаа гишүүдэд уриалсан ч МАН-ууд “юмыг яах мэдэхэв” гээд зайлшгүй арга хэмжээгээ авсан нь тэр бололтой.

Түүнээс нь болсон уу, угаасаа төлөвлөгөөтэй байсан уу сүүлийн үед Үүл баатар гэр хорооллын гудамжуудаар явж иргэдтэй уулзан “Хотын захиргаанаас 20 тэрбумыг нэхэх” аян өрнүүлж эхэлсэн байна. Ирэх зургадугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нийслэлийн төв талбайд нэлээд том хэмжээний цуглаан зохион байгуулж, энэ аяныхаа үр дүнг үзэх бололтой.

Мод тарьдгийн маргааш өдөр /өнгөрөгч ням гаригт/ Баянзүрх дүүргийн 97-р сургууль дээр Э.Бат-Үүл “Сансар” хотхоны хохирогчидтой уулзав. “Сансар” хотхон гэдэг нь ХХЕГ-ын арын дэнж дээрх гэр хороолол, БЗД-ийн 2, 4, 5 дугаар хорооны 80 гаруй иргэд хашааны газраа сайн дураараа чөлөөлж, орон сууцны шинэ хороолол бариулахаар НЗДТГ-тай гэрээ байгуулсан барилгажилтын төсөл юм байна. Уулзалтын эхэнд иргэдийн зарим нь “Гурван жилийн дотор 10 удаа нүүлээ, эд хогшил ч дууссан. Э.Бат-Үүлийгээ гаргаж ир” хэмээн зандарч, төслийн үйл ажиллагаа хаана хүрээд зогссон, хэн яагаад зогсоосон талаар мэдээлэл хийж байсан залууг /төслийн ажилтан бололтой/ тайзан дээрээс буутал нь загнав. Хятадууд “айл гурав нүүхэд нэг удаа шатсантай тэнцдэг” гэж ярьдаг. Арав нүүсэн бол арга байж уу. Тэгж тэгж нөгөө нэг саарал толгойтой хүн нь гарч ирээд “Тэгж ярих юм бол надаас өөр хэн гэр хорооллынхны төлөө дуугарч байсан юм. Хэн ч та нарыг тоож байгаагүй шүү дээ” гээд хоолойгоо цахиртуулаад нэг хашгирахаар тэгсгээд нам болох юм.

85 айлын хашааны газар дээр 1000 айлын орон сууц барихаар төлөвлөж, газраа чөлөөлөөд гүйцэтгэгч компаниа хоёр ч удаа шалгаруулж, хөрөнгө оруулалтыг нь нийслэлийн төсөвт суулгаад байтал сонгууль болж, шинээр ажил авсан Су.Батболд нь нөгөө 20 тэрбумыг нь төсвийн тодотголоор хасаад хаячихаж. Иргэд учрыг нь лавлахаар гурван сар дугаарлаж байж арай гэж уулзтал “Наад асуудлаа Бат-Үүлтэйгээ ярь, надад ямар хамаатай юм” гээд хөөж гаргасан гэнэ. Ингээд тэнгэр хол, газар хатуу болсон иргэд ноолоход номхоноор нь Э.Бат-Үүлийнхээ бөөрөнд нь хуруугаа тулгачихаад хотын захиргаа руу дөхөж явна даа.
Бидний ярьдгаар “юм үзсэн” хүний үг шүү. Белгид амьдарч байгаа нэгэн монгол гэр бүл хотын төвд сая ам.долларын үнэтэй хаусыг 100 жилийн хугацаатай моргейжээр худалдаж авсан байна гэнэ. Манай нөгөө “юм үзсэн” нөхөр ихэд гайхаж “Үгүй, 20-30 жилийн дараа та хоёрыг мажийгаад өгөхөөр наад өрийг чинь хэн төлөх юм бэ?” гэж асуухад “Энд зээлийг надад биш, газарт нь өгдөг юмаа. Энэ газар хэзээ ч үнэ цэнээ алдахгүй учраас банк итгэж баталгаа гаргаж байгаа юм” гэж л дээ. Тэдний хүүхэд, эсвэл хүүхдийн хүүхэд зээлээ төлж чадахгүй бол газар болоод үл хөдлөх хөрөнгийг нь гялс дуудлага худалдаанд оруулаад банк өөрийнхөө өгсөн зээлийг буцаагаад авчихна, ямар ч алдагдал байхгүй. Өөрөөр хэлбэл, банк зээлдэгчтэй хийсэн гэрээгээрээ “барцаа хөрөнгийг худалдан борлуулах” эрхийг нь шилжүүлээд авчихдаг байна. Түүнээс биш өмчлөгчийн бусад эрхэнд халддаггүй.

Үүнтэй төстэй зүйл өмнөх УИХ-ын үед манайд ч бас тохиолдож байсан л даа. 2009 онд НИТХ-аас баталсан 90-р тогтоолоор нийслэлийн А бүсийн газрын үнийг  м.кв-ыг нь 100 мянган төгрөгөөр тогтоосон юм байна. Тиймээс манай банкууд хашааны газар барьцаалж зээл өгөх гэхээр газрын үнэлгээ нь барьцааны шаардлага хангадаггүй байв. Уг нь өмчийн эзэн үнээ тогтоох ёстой, үнэ гэдэг зах зээлийнхээ эрэлтээр зохицуулагддаг биз дээ.

Тиймээс Э.Бат-Үүл хотын дарга байхдаа Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж “банкууд барьцааны газрыг шүүхийн шийдвэргүйгээр худалдан борлуулах” тухай заалтыг хуульд суулгаж байв. Өөрөөр хэлбэл, зээлдэгч зээлдүүлэгч хоёр талын гэрээг наториатаар баталгаажуулснаар шүүхийн үйл ажиллагаа явсанд тооцож, зээлдэгч зээлээ төлж чадахгүй бол тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах эрх нь шууд банкинд шилждэг байхаар. Бусад оронд ч мөн адил зээлдэгч банктай гэрээ байгуулснаар шүүхийн үйл ажиллагаа хийгдсэнд тооцдог байна. Нэгэнт банкинд эрсдэл байхгүй учраас зээл олгох сонирхол дээд цэгтээ.

Харин манай Үндсэн хуулийн Цэц “Өмчлөлийн маргааныг зөвхөн шүүхийн журмаар шийднэ” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гээд нөгөө заалтыг нь хүчингүй болгочихсон. Гэтэл хуулийн дээрх заалт өмчлөгчийн бусад эрхэнд халдахгүйгээр зөвхөн худалдан борлуулах эрхийг банкинд шилжүүлж байгаа гэдгийг дээр хэлсэн. Манай хуулиар өмчийн маргаан гурван шатны шүүхээр явахаар дор хаяж 2-3 жилийн хугацаа ордог, энэ хооронд банкинд учирсан хохирлыг хэн ч нөхөн төлдөггүй. Иймээс л банкууд хашааны газрыг барьцааны хөрөнгө болгох дургүй байдаг.

Цэцийн энэ шийдвэр гарсны дараа гэр хорооллын иргэдийг моргэйжийн зээлд хамруулахын тулд хотын захиргаа арилжааны банкуудтай хэлцэл хийж 20 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс, 20 тэрбумыг банкууд өөрсдөө гаргахаар болж, арилжааны банкууд дээр байгаа 18 хувийн зээлийг 9 хувь руу оруулсан байна. Найман хувийн зээлийн эх үүсвэр банкууд дээр байгаагүй учраас иргэдийн хадгаламжаас зээлийн эх үүсвэр бүрдүүлэхийн тулд зөрүү 9 хувийн хүүг нийслэл хариуцахаар болсон гэсэн үг л дээ. Шинээр баригдсан орон сууцуудад эрэлт бий болгохын тулд нийслэлийн харьяа төрийн байгууллагын ажилтнууд орон сууцанд орохоор бол 50 хувийн урьчилгааг нийслэл хийхээр журам баталжээ. Ийм байдлаар дараа дараачийнхаа хөрөнгийн эх үүсвэрийг гаргаад явна гэсэн үг л дээ. Гэтэл банкуудтай гэрээ хийгээд нийслэл өөрийн төсөвт 20 тэрбум төгрөг суулгачихаад байтал шинэ удирдлага нь цуцлаад, төсвийн тодотголоор буцаагаад татчихсан. Үүнийгээ “мөнгө байхгүй” гэж тайлбарласан ч чухам мөнгө байсан гэдгийг нотлох баримт үйл олноороо.

Саяхан УИХ дээр маргаан дагуулаад байсан концессийн асуудал байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “МАК” компанид 78 тэрбум, С.Бямбацогтын “Алтай трест” компанид 77 тэрбум, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын “Эм Си Эф” компанид 87 тэрбум, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын компанид 26 тэрбум гэх мэтчилэн нийт 744 тэрбум төгрөгийн концессийг долоон компанид өгсөн байна. Н.Номтойбаярын хувийн компани руу өндөр хүчдэлийн шугам татахад л 78 тэрбум төгрөг шүү дээ. Гэтэл нийслэлийн төсөвт тусгасан тэр 20 тэрбум төгрөгөөр жилийн дотор 25 барилга босоод 3500 айл орон сууцандаа орчих боломж байлаа. Сансар хотхонд үсрээд л нэг тэрбум нь орох нь байна шүү дээ. МАН үүнийг л үгүй хийсэн юм даа.

МАН-ынхны гэр хорооллыг барилгажуулахаас тэгтлээ ухраад зугтаад байгаа шалтгаан юунд байна вэ гэдгийг Э.Бат-Үүл “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа тов тодорхой хэлсэн байна. АН засаг барьж байхдаа гэрээ хийсэн Хятадын 400 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудал бий. МАН-ын дарга нар энэ мөнгийг барилга руу оруулахаар төлөвлөж байгаа юм байна. 100 айлын газрыг м.кв-ыг нь 150 мянган төгөрөөр үнэлээд /350х150.000=52,5 сая/ 30м.кв-тай нэг өрөө байрыг м.кв-ыг нь 1,8 саяар шахна, үлдсэн бүх ашгийг нь төр буюу өөрсдөө авна гэсэн үг. Гэтэл иргэд өөрсдөө газраа барьцаалж зээлээ аваад барилга бариулбал ядаж л 350 м.кв орон сууцтай үлдэнэ биз дээ. Энэ хоорондох зөрүү ашгийг МАН авах нээ. Борлуулалтын эрхийг төрд авах гэж улайраад байгаа нь ийм учиртай. Гэтэл 100 айлын газрыг дэд бүтцэд холбосны дараа 400 м.кв хашааны газрын зах зээлийн үнэ 360 сая төгрөг хүрчихээд байгаа шүү дээ. Зах зээл нь тогтсон орнуудад газрын үнэ нь түүн дээр барьсан барилгынхаа үнийн ядаж тал хувьд нь хүрч байх ёстой гэсэн зарчим үйлчилдэг аж. 100 айлд баригдсан орон сууцны талбай м.кв нь 1,8 сая байгаа бол газрын үнэ м.кв нь ядаж 900 мянган төгрөг байх ёстой гэсэн үг. Харин одоо буцаад 100 мянга руугаа орох нь л дээ. Өмнөх гашуун туршлага ч байдаг юм байна.

Хэдхэн жилийн өмнө олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй 100 айлын зам дагуу 350 м.кв хашааны газраа хотын захиргаанаас тогтооноос үнээр буюу 35 сая төгрөгөөр барилгын компанид заржээ. Барилгын компани уг газар дээр нь 9 давхар өндөр зэрэглэлийн орон сууц барьж, харин газраа зарсан иргэнд Баянхошуунд “Эко констракшн”-ий барьсан орон сууцнаас 50 м.кв байрыг 50 сая төгрөгөөр шахсан байна. Өрх толгойлсон эмэгтэй үлдсэн 15 саяа банкнаас зээл аваад зээлээ төлж чадалгүй байр ч үгүй, газар ч үгүй хоцорсон. Тухайн үед зээлдэгч зөвхөн барилгын компанитай хоёр талт гэрээ хийсэн байж. Харин “Гэр хорооллын барилгажилт” төслийг эхлүүлснээс хойш хот оролцож гурван талт гэрээ хийдэг болсноор иргэдийн хувьд хотын захиргаанаас хохирлоо нэхэмжлэх эрх үүсээд байгаа. Учир нь хот өөрөө баталгаа гаргасан шүү дээ, барилга баригдсаны дараа таны хашааны газрын үнэ цэнэтэй дүйцэх хэмжээний орон сууцны талбайг танд өгнө өө гэж. Газраа чөлөөлөөд одоо орон сууцандаа орчихсон байгаа 4000 гаруй иргэдийн дотор хашааны газраа 2 өрөө байр, гараж, 100м.кв үйлчилгээний талбайгаар сольсон, нэг айлын газрыг гурван тусдаа 6 өрөө байраар сольсон тохиолдол ч байдаг л юм байна.

Тиймээс төсөвт тусгагдсан 20 тэрбум төгрөгийг хотын захиргаагаар гаргуулахын тулд иргэд өөрсдөө босч тэмцэхээс өөр аргагүй болж байна. Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “Батболд оо, Засаг даргаа надад өгчих өө” гэлтэй биш. Хэн ялсан, хэн ялагдсан нь хамаагүй төр нь иргэндээ нэг л нүүртэй байх ёстой биз дээ, хийнэ ээ гэсэн бол хийчихдэг. Хийхгүй л байсан юм бол Су.Батболд гэдэг хүн яах гэж энэ ажлыг авсан байх вэ? Хашааны газрыг өмчлөгчдөөс нь дээрэмдэж намдаа мөнгө босгох гэж үү?

Эх сурвалж: Baabar.mn

http://semuun.niitlelch.mn/content/8526.shtml


URL:

Сэтгэгдэл бичих