ЖЕНКО “ФЕНГ ШҮЙ” ХОЁР

jenko peshuХ.Баттулгыг хүмүүс Женко гэсэн тодотголоор нь мэднэ. Харин С.Ганбаатарыг “Фенг шүй”-г Монголд оруулж ирсэн гэдгээр нь олон нийт эчнээ танина. Намтар түүхийг нь сөхвөл Х.Баттулга бизнесийн салбараас, С.Ганбаатар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас улс төрд, парламентад анх хөл тавьжээ. Тэдний өнгөрснөөс өнөөдрийг хүртэл олон нийтэд танигдсан имиж, улс төрийн замнал нь өөр өөрийн гэсэн өнгө төрх, намтар түүхтэй ч зарим талаараа адилтгаж харах зүйл олон байна. Жишээ нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сунгаа тэднийг төрийн тэргүүн болох ганцхан зорилго, эрх ашгийн төлөө нэг шугаманд зогсоов. Ялгаатай нь, Х.Баттулга АН-ын, С.Ганбаатар МАХН-ын нэр дэвшигч. Хоёулаа УИХ-ын гишүүн асан автортой. Хонгор нутгаар хоёулаа овоглодог ч өдгөө нэг нь нийслэлийн уугуул, нөгөөх нь Дархан-Уул аймгийн суугуул хэмээн тус тусын намтартаа бичжээ.

Нэг нутгаас хоёр удаа Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдож байснаас бус хоёр өрсөлдөгч нэгэн зэрэг тодорсон түүх Монголын улс төрд үгүй. Харин АН-аас Х.Баттулгыг, МАХН-аас С.Ганбаатарыг нэр дэвшигчээр тодруулж, Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор зарласнаар тэд бас нэгэн өвөрмөц гэмээр тохиолдлыг улс төрийн түүхэнд нэмж шигтгэв. Тэгэхээр тав дахь төрийн тэргүүнийг сонгох энэ удаагийн сонгуульд нэг нутгийн хоёр ч эрхэм дөрөө харшуулан өөр хоорондоо өрсөлдөх нь. Гэхдээ энд нэг асуулт байна. Тэр нь хонгор нутгийн хоёр нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуулиар зуузай холбож чадах эсэх тухай. Нэг нутгийн малгайн дор явдаг атлаа улс төр, бизнесийн эрх ашиг, сонирхол нь хонь чоно болтол нь сөргөлдүүлсэн Х.Баттулга, Ж.Оджаргал нарын зөрчил одоо ч үргэлжилсээр буй. Харин энэ удаад МАХН-аас тэр дундаа намын дарга Н.Энхбаяраас даалгавартай С.Ганбаатар нэр дэвшихээр болсон нь маргааны хөлд гарсан галд тос нэмснээс өөрцгүй болж байх шиг.

Х.Баттулгын хувьд өнгөрсөн хугацаанд Тавантолгой, төмөр зам гэсэн хоёр сэдвийн хүрээнд тоглолт хийж, тэр хэмжээгээрээ улс төр, нийгмийн хүрээнд өөрийн гэсэн орон зай, хүрээллийг бий болгосон эрхэм. Намынхаа нөхдийг хүртэл УИХ, Засгийн газрын төвшинд талцуулж явсан нь түүний улс төрд хуримтлуулсан чадвар бас туршлагыг илтгэсэн гэлтэй. Өөрийнх нь эрх ашиг хөндөгдвөл намынхнаа байтугай нийгмээр нь талцуулж чаддаг нь Х.Баттулгын гэм биш зан. Эцэст нь төрийн тэргүүн өрөөндөө дуудаж, жавтий хүртээснээр энэ асуудал хэсэгтээ намжсан билээ.

Харин С.Ганбаатар бол Тавантолгой гэхээсээ Оюутолгойг баримтлагч нэгэн. Оюутолгойн гэрээг үзэглэсэн өдрөөс гудамжинд гарч тэмцсэн түүний замнал эцэстээ Төрийн ордонд суух шалтгаан болсон юм. Магадгүй УИХ-ын гишүүн болох хамгийн дөт шат, гүүр нь Оюутолгой тойрсон сэдэв гэдгийг С.Ганбаатар олж харсан нь 2012 онд биеллээ олсон байж мэдэх. Гэхдээ Оюутолгой С.Ганбаатар нарын “хоршил” түүнийг УИХ-ын гишүүн болсноор хязгаарлагдаагүй. Эсрэгээрээ чуулганы танхимд үг хэлэх бүртээ Ерөнхий сайд, салбарын сайдаас Оюутолгойг асууж бас байцаадаг нэгэн болон хувирсан нь саяхан. Ямар сайндаа л үүнд нь эгдүүцсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг чуулганы индэрээс хуурамч дипломтойг нь илчлэн байж амыг нь таглаж байх вэ дээ.

Эндээс харахад Баянхонгороор овоглодог, овоглож яваа, одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болчихоод буй Х.Баттулга, С.Ганбаатар нар нутгаараа ч, Тавантолгой, Оюутолгойд баримталдаг зарчмаараа ч нэг үзэл санаатай мэт. Гэхдээ тийм биш. Сонгуулийн өрсөлдөөн албан ёсоор хөшгөө нээсэн өдрөөс тэдний хооронд цусгүй тулаан өрнөж таарна. Тэгэхэд нутаг ус, уул уурхайд баримталдаг зарчим нь тэднийг яаж ч нэгтгээд олон нийт өрсөлдөгчийн, AH, МАХН-ын нэр дэвшигчийн хувиар хүлээж авах нь тодорхой. Тэр хэмжээгээрээ бие, биенийгээ харлуулах гэсэн мессежийг нийгэмд тараана. Х.Баттулга нь болохоор С.Ганбаатарыг УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Оюутолгой ярьснаас өөрөөр юу хийсэн тухай ам асууна. Хариуд нь С.Ганбаатар өнгөрсөн дөрвөн жил Тавантолгой, төмөр замын төсөл яагаад гацаанд орсон, ард нь хэн байсныг Х.Баттулгаас нэхнэ, холбогдох тайлбар шаардана.

Учир нь, Х.Баттулга, С.Ганбаатар нарын туйлын хүсэл нь Ерөнхийлөгч болж бусдын болон өөрийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэх гэсэн ганцхан ашиг сонирхол, шалтгаанд хүлэгдэж АН, МАХН-аас квот өвөртлөсөн гэдэг нь хэн бүхний нүдэнд ил байгаа нь нууц биш. Нэг нь өнгөрсөн хугацаанд өөр рүү нь чиглэсэн шүүмжлэл, хардлагыг цайруулах бүр цаашлаад хувийн том ашиг сонирхлоо хангахаар хичээх бол нөгөөх нь намтраа арвижуулах, нэр дэвших эрх өвөртлүүлсэн эрхэмдээ өртэй хоцрохыг хүсэхгүй хэрэг. Гэхдээ ялагч нь цорын ганц байх учраас Баянхонгорын хоёр бараг нэгнийгээ танихгүй шахам сурталчилгаа цацах болов уу. Тэгэхээр Х.Баттулга, С .Ганбаатар нар зуузай холбох нь битгий хэл Женко “MCS”-ийн зөрчлөөс ч ширүүн өрнөхөөр харагдаж байна.

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: Мөнхжаргал Огноо: 18 May 2017

Нийгмийн сэтгэл зүйд Оюу толгой, Таван толгойг гэрээг амжилттай явуулахад одоогоор нэр дэвшигч 2 хүнийг гацааж зогсоосон гэж олйгуулах гэж улайран дайрах юм. Гэтэл байгуулсан гэрээ нь үнэхээр Монголын ард түмэнд ашигтай, үр шим нь хүртэж байсан бол бид өнөөдөр бусад улс орноос гуйлга гуйгаад явж байх уу. энгийн зүйлийг ард түмэн ойлгодог болсон. Бид АН, МАХН-аас нэр дэвшигчийн аль нэгийг нь сонгох зайлшгүй шаардлагатай. Энэ 2 нэр дэвшигчийн аль нэг нь гарч байж төрөөс мөнгө хулгайлж байгаа хүмүүст хариуцлага тооцож шударга ёсыг тогтоох нь ус агаар мэт хэрэгтэй байна. Өнгөрсөн 25 жилийн түүхийг эргэн харахад Монгол улсын хөгжилд хууль эрх зүй дутагдсан бус дандаа хүнээс хамаарч улс оронд ашиггүй хохиролтой шийдвэр гарч иржээ

Нэр: zochin Огноо: 19 May 2017

ganbaatariig demjij bn

Сэтгэгдэл бичих