“ТӨРИЙН АЛБА ЧАДАМЖГҮЙ, МЭРГЭЖЛИЙН БУС, УЛСТӨРЖДӨГ АЛБА БОЛСОН” ГЭВ

olloo_mn_1495016009_хэлМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөл /ТАЗ/, Хуульчдын холбооны төлөөлөл, УИХ дахь Ардчилсан намын, МАН-ын бүлгийн гишүүд болон бусад албаныхан оролцов. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн  Я.Санжмятав үг  хэллээ. Тэрбээр “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслиийн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагийн хувьд тус хуулийн төслүүдэд анхаарал хандуулж ажиллаж байна” гэлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын  гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуультай зөрчилдөж буй заалтууд нэлээд байгаа төдийгүй ТАЗ-ийн хараат бус байдалд нөлөөлөх Засгийн Газраас төрийн албаны томилгоо, сонгон шалгаруулалтад дам болон шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэхээр зүйл заалтууд олон байгааг эргэж харж, Мэргэжлийн байгууллага хүмүүсийн саналыг тусган өөрчлөн найруулах, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж үзсэн учир энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Мөн хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан  Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагч гэсэн агуулга томъёоллыг  орхигдуулсан, журам дүрмээр зохицуулах боломжтой олон зүйлийг хэт хавтгайруулан тусгасан, Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын мэдэлд /ЗГХЭГ/  шилжүүлэн төвлөрүүлэхээр заасан байгаа нь Төрийн албаны зөвлөл,  төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнээд байгаа юм.
Хэлэлцүүлгийн явцад  хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаархи оролцогчдын байр суурийг товчхон хүргэе.

УИХ-ын гишүүн асан, Төрийн албаны зөвлөлийн гишүүн асан  С.Батмөнх: Үндсэн хуулийн өөрчлөлтийн шинэчилсэн найруулгуудаа хийвэл яасан юм

-Эдгээр хуулийн төслүүд өргөн баригдсанаас хойш би тасралтгүй хөөцөлдөөд явж байгаа. Анх 1994 оны арванхоёрдугаар сард батлагдсан хуулийг санаачлагчдын нэг нь би. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн “ТАЗ-ийг төрийн хуулийн манаач болгоно” гэж хэлэхийг сонсохоор миний дуу цэхэртээд байх юм. Та “Стандарт хэмжилзүйн төвийн дарга н.Гантөмөрийг Стандарт хэмжилзүйн төвийн жижүүр болгож чадахгүй үүнтэй адил зүйл шүү дээ. Та манаачийг нь олж харахгүй байна. 1994 оны хуулийн төрийн албаны удирдлагын коцепцийг олж хараагүй байгаа юм. Тэнд гурван шатны удирдлага байгаа. Төрийн албаны ерөнхий удирдлагыг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар буюу одоогийн томъёоллоор Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлнэ,Төрийн албаны зөвлөл стандартын удирлагыг хэрэгжүүлнэ, төрийн албаны шуурхай удирдлагыг байгууллагын удирдах албан тушаалтан хэрэгжүүлнэ хэмэээн гурав шаталсан байдаг. Түүнчлэн энэ хүрээнд төрийн албаны тухай Үндсэн хууль дээр сайхан зүйлүүдийг тусгаж өгсөн байсан. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө өмнө Төрийн албаны тухай хуулийг батлах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Үүнийг нэг бодож үзнэ биз. Харин Ерөнхийлөгчийн өргөн бариад байгаа Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь одоогийн хэрэгжиж байгаа хуульд байхгүй байгаа буюу дутуу байгаа зүйлүүдийг энд, тэнд нь нөхөөд оруулчихсан сайн төсөл. Тиймээс эхний удаад энэхүү хуулийг төслийг өөрчлөлтүүдийг хийчихээд, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа эдгээр хийгдэх гээд байгаа шинэчилсэн найруулгуудаа хийвэл яасан юм бэ гэсэн зарчмын санал байна.
УИХ-ын гишүүн асан академич А.Бакей: Төрийн алба тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус, улстөрждөг алба болсон
-Төрийн албаны тухай хуулийг сайжруулах ач холбогдлын хувьд маргаан байхгүй зүйл. Өнөөдөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн асуудал бол Монгол Улсын хөгжилд саад болж байгаа гол хүчин зүйл болчихоод байгаа. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж байгаа хэрэгсэл болж хувираад байна. Учир нь төрийн алба маш тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус, улстөрждөг алба болсон. Үндсэндээ төрийн алба улстөрчдийн тоглоом болж хувираад байна. Энэ байдал нь аль нэг намын буруугаас болсон гэж хэлэхэд хэцүү. Энэ байдлыг улам бүр даймжруулаад, улам утга учиргүй болгож байна. Тиймээс энэ асуудлыг маш их ач холбогдол өгч нухацтай хэлэлцэж, батлах ёстой хууль шүү. Миний бодож байгаагаар 2008 онд шинэчлэн найруулж, батлагдсан Төрийн албаны тухай хууль сайн хууль. Гэтэл энэ сайн хууль яагаад хэрэгжихгүй байгаа юм гэхээр төрийн албаны удирдах ажилтнууд, улстөрчид зөрчөөд байгаа юм. Түүнээс жирийн төрийн албан хаагч хууль зөрчиж байгаа зүйл бага. Тиймээс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга маягаар хууль баталж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жилд гишүүдийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирээд, бүтэн хоёр жил хэлэлцээд, сайжруулж, батлах гэж үзсэн. Тухайн үед сөрөг хүчин эсэргүүцсээр байгаад огт батлуулаагүй. Тэгвэл одоо энэ хуулийг батлах гэж байгаа бол 2008 онд батлагдсан одоогийн мөрдөж байгаа хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах маягаар батлах ёстой. Шинэчилсэн найруулга дээр энэ 76 гишүүн их хурал дээр 200-300 санал гаргаад ирнэ. Улмаар сайжруулах биш харин ч бүр муу хууль гаргах байх. Тиймээс хэлбэрийн хувьд нэмэлт өөрчлөлт маягаар батлаасай гэж хүсч байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор дэмжиж болохгүй зүйл заалт олон байна. Тухайлбал, сонгон шалгаруулалтыг ЗГХЭГ-т өгөх нь зарчмын хувьд буруу. Харин ч ТАЗ хараат бус байх ёстой. Дахиад хэлэхэд, Төрийн албаны тухай хууль чинь хөнгөн гоомой шийдэж болохгүй түүхэн хариуцлага хүлээх хууль шүү гэдгийг хэлмээр байна. Ялангуяа МАН-ын бүлэг хэт олуулаа буюу УИХ-д 65-уулаа байгаа нөхцөлд маш болгоомжтой батлах ёстой
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх С.Ламбаа: ТАЗ нь ЗГХЭГ-тай хамтарч бүх зүйлээ хийхээр бие даасан байдал  нь алдагдана

-Ер нь Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх болсон шалтгаан, төрийн алба тогтворгүй, хариуцлаггүй болсон нь хуультай холбоогүй. Зүгээр л улстөртэй холбоотой.  2008 оны Төрийн албаны тухай хууль дээр ажиллаж байсан хүний хувьд үнэхээр сайн хууль гэж хэлж чадна. Даанч хуулийг хэрэгжүүлээгүй. Одоо УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилан өргөн бариад байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дотор хэрэгжихгүй байсан зүйлүүдийг баталгаажуулсан юм шиг заалтууд орсон байгаад санаа зовж байна. ТАЗ нь ЗГХЭГ-тай хамтарч бүх зүйлээ хийхээр бие даасан, хараат бус байдал нь алдагдана. Ядаж байхад ЗГХЭГ-ын дарга нь сайд байдаг тогтолцоотой учраас шууд улстөртэй холбогдоно гэж харж байна. Ер нь бол Ерөхийлөгчийн өргөн бариад байгаа хууль чинь мундаг сайн хууль. Өөрөөр хэлбэл, жинхэнэ төрийн албан хаагчдыг бодож, энгийн маягаар хийсэн хууль. Даанч бид өнгөрсөн дөрвөн жил маргалдсаар байгаад баталж чадаагүй. Тиймээс одоо гол зүйлийг нэмэлт өөрчлөлт маягаар оруулаад, батлах бол хаврын чуулганаар батлаж болох юм. Харин шинэчилсэн найруулга хийх бол хаврын чуулганаар хүч түрээд баталчихвал юу ч болж мэдэхээр олон заалт орчихсон байна. Тиймээс үүнийг сайн үзэж, харах хэрэгтэй. Шинэчилсэн найруулга дээр яаруу сандруу олон зүйлийг холиод, наачихсан байна. Сүүлийн үед энэ парламентаар батлагдан гарч байгаа зарим хуулиуд батлагдан гарсаныхаа маргааш “өөрчлөлт оруулах нь зүйтэй боллоо” гэдэг зүйл яриад байдаг боллоо. Тийм зүйл рүү л Төрийн албаны тухай хуулиа битгий оруулаарай  гэж хэлмээр байна.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих