МАХН тоглоомоос гарахаар шийдсэн үү

gth76j“Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэдэг шиг “БОСОО” С.Ганбаатар энэ ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ыг төлөөлөн нэр дэвшихээр боллоо.

МАХН-нд Н.Энхбаяраас өөр лидергүй мэт аашилдаг өвчин газар авсаар… Ёстой л нэг хүний нам гээд улстөрийн хүрээнийхэн хэлдэг нь үнэн бололтой. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд өрсөлдүүлнэ хэмээн СЕХ-д мэдүүлгийг нь өгсөн ч бүтэлгүйтсэн хэрэг.

Гэтэл өнгөрсөн сонгуулиас хойш МАХН-ыг тойгдож эхэлсэн “Босоо” С.Ганбаатар өчигдрийн намын бага хурлаар нэр дэвших эрхээ авсан гэнэ. Өнөөх С.Ганбаатар нь тэр даруйдаа л бичиг цаас, бичиг баримтаа бүрдүүлэн “МАНАН-г цаазлана” хэмээн төвчигнөсөөр хуулийн хугацаандаа амжуулж СЕХ-д хүлээлгэн өгсөн гэнэ. Харин СЕХ өнөөдөр С.Ганбаатарыг бүртгэсэн эсэхээ нийтэд зарлах учиртай. Гэхдээ СЕХ бүртгэхгүй байх бүрэн үндэслэлтэй талаар эх сурвалжууд дурьдаж байгаа. Учир нь С.Ганбаатар нь тус намын гишүүн биш. Тиймээс сонгуулийн тухай хуулийн 143,1,2-ыг зөрчин МАХН-аас нэр дэвшихээр болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл С.Ганбаатар МАХН-ын гишүүн биш тул ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үндэслэл байхгүй юм.

Гэтэл намын гишүүд С.Ганбаатарыг тийм ч таатай хүлээж авахгүй байгаа бололтой. МАХН-ын цорын ганц суудлыг авчирсан О.Баасанхүү гишүүн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр “Өнөөдөр МАХН-ын Бага чуулганаар олонхийн саналаар Босоо гэгддэг Ганбаатарыг дэмжсэн гэдгийг дууллаа. Өчигдөр оройг хүртэл С.Ганбаатар руу залгаад МАХН-аас нэр дэвших үү гэдэг асуудлыг ярьж байсан. Миний хувьд намын Бага чуулганд өөрийн байр суурийг илэрхийлж байсан.

Төрийг барих зангарагтай, хуулийг ясчлан биелүүлэх, нэр цэвэр хүн нэр дэвшээсэй гэж хүсэж байсан. Нам дээр ирээд нэг цаг 30 минутад сэтгэлийн хөөрлөөр нэр дэвшье гэж хэлсэн хүнийг дэмжих тухай ойлголт байхгүй. Намын харьяаллын хувьд МАХН, дор хаяж нам бус гэдгээ баталгаажуулсан хүн байх ёстой гэж ойлгож байгаа.

Боловсролын талаас харвал гавьяат хуульч, доктор профессор С.Нарангэрэл гэдэг хүний нэрийг оруулж ирж байсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гээд дурьдвал нэлээд туршлагатай улстөрч. Гэтэл дээд боловсролтой эсэх гадаадад сурч байсан эсэхээ худлаа тавьж байсан гээд хэвлэлээр бичигдэж байсан ийм хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь буруу гэж бодож байгаа.

Хуульзүйн хувьд ч боломжгүй, Үндсэн хуулийн хувьд ч боломжгүй гэж харж байна. Би УИХ-д сууж байгаа намын гишүүний хувьд  байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байна.

Намайг улстөрийн хөдөлгөөн хийх нөхцөл байдалд битгий хүргээсэй. Хатуухан хэлэхэд намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын удирдлагууд битгий түлхээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Гэтэл С.Ганбаатар гэгч хэн бэ гэсэн асуулт ердөө л амархан хариулттай. Анх улстөрийн тавцанд гарахдаа нөгөө л бидний ярьдаг “Төрийн ордон гороологч”-ийн замналаар УИХ-д бие даан гарч ирсэн. Түүнээс хойш унаж босож явахдаа “ХИНШҮҮ”, БОСОО” гэх нэрсийг цол мэт өргөмжилсөөр өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар ХҮН-ыг орвонгоор нь эргүүлж орхисныг санаж байгаа биз ээ. Ийм хүнд итгэл найдвараа үлдээж байгаа МАХН-д өөр лидер олдоогүй юм байх даа гэсэн гишүүдийн битүүхэн харамсал тээн явж байгааг нуух юун.

Эцэст нь хэлэхэд МАХН энэ удаагийн сонгуулиар шууд буулт хийгээд өгсөнтэй агаар нэгэн хувилбар бол С.Ганбаатар. Тиймээс энэ удаагийн сонгуульд МАН, АН хоёр л тоглолт хийхээр боллоо.

Эх сурвалж: BOLOD.MN


URL:

Нэр: зочин Огноо: 17 May 2017

ганбаатарыг дэмжинэ оюутолгой таван толгойн гэрээг засах ганц хүн гэж итгэж байна.хөгшин хуульч хэрэггүй нуруугаа авахуулсан морь шиг. монголд ямар гавъяа байгуулсан юм.

Сэтгэгдэл бичих