Оюутолгойг дагасан мөхөл
Монгол Улс Өмнийн говиосоо мөхөж эхэллээ. Оюутолгойн орд эдийн засгийн эргэлтэд орсон нь монголчуудын хувьд олз гэхээсээ илүүтэй гарз болсон нь энэ. Анхнаасаа хар мөр дагуулсан энэхүү ордыг өнөөгийн эрх баригчид цээжээрээ хамгаалдаг. Төрийн гурван өндөрлөг нь зэрэгцэж суугаад гишүүдээ зэмлэж суусан нь ч саяхан. Шаардлага хүргүүлсэн 20 гишүүнийг өдгөө улс орныхоо эсрэг боссон эсэргүүнүүд хэмээн цоллож, гэмтэн шиг ялгаварлах байдал бий болсон. Тэдний хэлж, ярьсан бүхнийг үгүйсгэх сайд нарын ээлжит шоу ч үргэлжилсээр… Гэтэл бодит байдал дээр Монгол Улс хэдийнэ гадныханд худалдагдаж, клончлогджээ.
Манайх ордоо эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Фрийдланд гэх нөхөрт VIP үйлчилгээ их үзүүлсэн. Усны тухай хуулиасаа эхлээд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараа хүртэл тэглэсэн билээ. Хариуд нь хөрөнгө оруулагч тал манайд баялгийнхаа 34 хувийг худалдаж авахад дэмжлэг үзүүлэв. Үүнийг нь хувь нийлүүлэгчдийн гэрээнээс харж болно. “Монголын тал 34 хувьд ноогдох хөрөнгө оруулалтыг хүү тооцуулж ноогдол ашиг болон бусад орлогоосоо суутгуулна” гэсэн заалт бий. Тэгвэл хоёр тэрбум гаруй ам.долларын өртэй эхэлсэн энэхүү орд манайд мөхөл даллаж эхэллээ.
Өмнийн говийнхныг Оюутолгой, Тавантолгойтой нь холбож, дүрсэлвэл манай улсын хөгжил тэндээс эхтэй баймаар. Гэтэл тэнд баян, ядуугийн давхарга бий болж, бараа үйлчилгээ нь зах зээлийн ханшаас даруй 2-3 дахин өндөр болсон байх юм. Оюутолгой ашиглалтад орсонтой холбоотой Монголын хамгийн цөөн хүн амтай байсан тус аймагт нүүдлэн ирэгсдийн тоо эрс нэмэгджээ. Үүнээс улбаалан сургууль, цэцэрлэг, эмнэлэг ч ачааллаа дийлэхээ больсон байна. Ганц жишээ татахад, Ханбогд суманд 320 хүүхдийн багтаамжтай ганц сургууль бий. Гэтэл тус сургуульд өдгөө өдрийн гурван ээлжээр 800 гаруй хүүхэд суралцаж байна. Хүүхдээ цэцэрлэгт өгнө гэдэг бүр ч хэцүү гэнэ. Эцэг, эх нь Оюутолгойд хуарангийн дэглэмээр ажиллаж, амьдардаг тул хүүхдэд тавих хараа, хяналт байдаггүй. Улмаар хүүхдүүдийн ихэнх нь гэмт хэрэгт холбогддог, хичээл номондоо анхаарал тавьдаггүй гээд олон зовлон байдаг талаар багш нар сэтгэл зовнин ярьж байна. Тодотговол, Оюутолгойд ажиллагсад 04.30 цагт гэрээсээ гардаг аж. Унаа нь 05.00 цагт хөдөлнө. Хэрэв унаанаасаа хоцорвол ажилгүй боллоо л гэсэн үг. Иймээс ажлаа алдахгүйн тул өвчтэй хүүгээ хүртэл гэртээ ганцааранг нь түгжээд гардаг тухайгаа ажилчид нь ярьж байна. Улмаар он гарсаар тус аймагт 1-5 насны таван хүүхэд нас баржээ.
Мөн тус аймагт гэр бүл салалт ихэссэн байх юм. Учир нь Оюутолгойд эхнэр эсвэл нөхөр нь ажиллаж байгаа тохиолдолд хэдэн сараар гэртээ ирдэггүй. Учрыг нь лавлавал мөн л хуарангийн зохион байгуулалтад орж, гадагш гаргадаггүйтэй холбоотой. Эцэстээ энэ аймагт монгол гэх тодотголтой хүн үлдэх эсэх нь ч эргэлзээ төрүүлэх болжээ. Магадгүй уул уурхайг түшиглэсэн шар, хар арьстан, цаашлаад шаахайтнуудын өлгий нутаг болоход тун ойр болжээ. Товчхондоо, монголчууд хэдхэн жилийн дараа боолын гэрээгээр ажиллаж эхлэх эрсдэл бий болсон байна.
Нийт ажилгүйчүүдийн 58.3 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Бэлгийн замын халдвар сүүлийн үед Ханбогд суманд эрс нэмэгдсэн мэдээ ч бидэнд байна. Энэ нь урд хөршөөс “импортын” ажилчид ихээр орж ирэх болсонтой холбоотой хэмээн нутгийн иргэд ярив. Он гарсаар хурц халдварт өвчин 138 бүртгэгдсэн нь ч эндхийнх. Мөн аймгийн статистикийг харахад 2010 онд 1178 хүүхэд мэндэлж, 316 хүн нас баржээ. Энэ нь урд оны мөн үеийнхээс төрөлт 8.1 хувиар буурч, нас баралт 9.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ийн амь, амьдралаараа дэнчин тавьсан монголчууд Оюутолгойд ажиллахдаа үйлчлэгч, жолооч, туслах тогоочоос өөр албан тушаалд томилогддоггүй нь доромжлол төдийгүй монголчуудын дорой буурайнх. Зөвхөн гар, хөлийн үзүүрт зарагдах ажлаа л хийлгэх атлаа “Бид монголчуудыг ажлын байраар хангадаг” гэх сүржин сурталчилгаанд нь иргэд бухимдаж байлаа. Хөрөнгө оруулагч талын тайлбарт ч монголчуудын боловсрол, мэдлэг, туршлага дутмагаас дээрх гурван ажлаас өөр албан тушаалд томилох боломжгүй гэдэг.
Өмнөговь аймаг 12 төрлийн ашигт малтмалын 71 ордтой. Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолоор улс орны эдийн засгийн бодит өсөлтийг бий болгох, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах зорилгоор 26 төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Гэтэл үүний уршгаар хулан, цагаан зээр устах аюул нүүрлэсэн байна. Дэлхий дээр зэрлэг амьтан нутагшдаг ганц газар бол Монгол Улс. Харамсалтай нь, уул уурхай дагасан их хөдөлгөөнөөс болж устаж эхэллээ. Мөн говь нутагт хамгийн ихээр цөлжилт явагдсан нь ч өнөөх уул уурхайн ач тус. Хэдхэн мод тарьж, ухсан нүхээ шороогоор булснаас өөрөөр нөхөн сэргээлт хийгддэггүйг хүн бүр мэддэг ч гадаадынхныг тахин шүтдэг уламжлалдаа боогдсоор юу ч хэлж чадалгүй өдийг хүрлээ. Энэ байдал ч Өмнөговь аймагт ихээр ажиглагдав. Ганц ч мөчиргүй суулгац аймгийн төвөөр ярайна. Хэдэн жилийн өмнөөс суулгасан гэх боловч нэг см ч ургаагүй нь өрөвдмөөр. Уг нь газар, шороогоо сэргээгээд газар тариалан эрхлэх боломж бий ч харалган төрийн гайгаар ажил хэрэг болдоггүй гэнэ.
Ертөнцийн үүсэл говиос эхтэй гэдэг сэн. Иймдээ ч АНУ-аас эхлээд олон орон баялаг ихтэй Өмнийн говийг сонирхдог болов уу. Уул уурхайгаас улбаатай тоосжилт ихтэй энэ газар улсынхаа сангийн авдарт мөнгө л өгч байвал Өмнийн говь сүйрч, хүн ам нь дарлуулна уу, дайжина уу хамаагүй бололтой. Гагцхүү Оюутолгой эдийн засгийн эргэлтэд орсноор улсын төсөвт 68 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь улсад ашигтай юм биз. Эрх баригчид ч хэлэх үгтэй болж магнай нь тэнийх явдал төдий.
Харин Монгол Улс Оюутолгойн гэрээний ачаар хэдийнэ зээлийн түрээсэнд орчихсон суугаа нь эрх баригчдад тийм ч сонин биш. Оруулж байгаа бүх хөрөнгө оруулалт нь 10-12 хувийн хүүтэй зээл. Цаг минут бүрт хүү өссөөр. Харин Өмнийн говьд энэ цаг мөчтэй зэрэгцэн тоосжилтын хор уршиг их, бэлгийн замын болон гоц халдварт өвчлөл нэмэгдсээр. Усны түвшин ч доошилсоор…
Эрх баригчид үүнийг ч анзаарах сөхөөгүй 2012 оны парламентийг өдөр нь мөрөөдөж, шөнө нь зүүдэлсээр… Бүтээн байгуулалтыг өндөр байшингаар хэмждэггүйг “Оюутолгой”-гийнхон болоод өнөөгийн эрх баригчдад анхааруулж, нутгийн иргэд үг дайлаа.
Үргэлжлэл бий…
Л.НИНЖСЭМЖИД
URL: