Богд хааны тухай киног дэмжсэнгүй
Дарамын Батбаярын зохиолоор “Богд хаан” кино хийж байгаа тухай өнгөрсөн хавар яригдаад байсан. Энэ киногоор Монголын шашин, төр нийгмийн томоохон төлөөлөгч, 1911-1924 оны хоорондох тусгаар тогтносон Монгол Улсын төрийн тэргүүн, эзэн хаан байсан Богд гэгээний амьдралын үнэн зөвөөр нь үзүүлэхийг зорьсон юм билээ.
Богдтой холбоотой сурвалж болгон зөвхөн хар бараан, үзэл сурталжсан байдлаар урлагийн ертөнцөд байр сууриа эзэлсэн байдаг юм. Манай урлаг соёлын томоохон зүтгэлтнүүд тухайн үеийн нийгмийн байдлаас болон аргагүйн эрхэнд Богд хаанаа гутаасан гэж одоо тайлбарлаж байгаа. Гэхдээ Монголд кино гэхээсээ бараг домог болсон “Сүхбаатар”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг уран сайхны кинонууд телевизийн сувгаар үе үе гардаг хэвээрээ. Үнэхээр ч сайн зохиогдсон кино болохоор үзэгчид дахин дахин үздэг биз ээ.
Харин түүхэн бодит байдал дээр Богд нь уг кинонууд дээр гардгаас шал өөр хүн байсан нь засахад төвөгтэй алдаа гаргасан юм. Өнөөдөр ч гэсэн ихэнх хүмүүс ялангуяа залуу хойч үеийнхэн нэгэн үеийн төрийн тэргүүнээ, хамгийн сүүлчийн эзэн хаанаа хамгийн өөдгүй хүнээр ойлгож байгаа нь харамсалтай.
Энэ бүгдийг зөв гольдрилд нь оруулахаар, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүссэн 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Хүннү, Их Монгол Улсын түүхт ойнуудад бэлэг болгон Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн Б.Цогтбаяр санаачлан “Богд хаан” киног зориглон хийсэн юм. Харин уг киноны зардалд дэмжлэг авахаар төр засгийн бүх л холбогдох газраар улаа цоортол явсан боловч тэд өнгөн дээрээ зөвшөөрчихөөд нүүрээ буруулсан гэнэ. Цогтбаяр УИХ-ын олон гишүүнтэй Богдын киноны төслөө танилцуулсан. Тэд сонсоод наадах чинь зөв зүйтэй асуудал байна гэхээр нь итгээд киноныхоо зураг авалтыг эхлүүлчихэж. БСШУ-ны сайдыг “Богд хаан” киноны төсөл бариад Их Хурал дээр ороод ирнэ. Тэгмэгц урьд нь ярьж тохирсон гишүүд зөв ойлголттой байгаа учир дэмжих байх гэж тун их найджээ. Уг киноны нийт төсөв тэрбум шахам төгрөгт багтаж байгаа бөгөөд дараа нь орлогоороо нөхөх боломжтой, түүнээс гадна урлагийн томоохон бүтээл болон мөнхрөх, урлаг соёл дахь ташаа явдалд цохилт өгөх, Монголын түүхт ойн баярын хүрээнд заавал хийгдэх ажлын нэг гэсэн олон санааг давхар агуулсан аж.
Кинонд шаардагдах төсвийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгох хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга Д.Баттулга гаргаж Сангийн сайдад хүргүүлжээ. Сангийн сайд нь болохоор Их Хурлын дэмжлэг ба салбарын сайдын зөвшөөрлийг үндэслэх зарчимтай тул дур мэдэн шийдээгүй.
Харин хотын мэр Г.Мөнхбаяр эрх мэдлийнхээ хүрээнд “Богд хаан” киноны зураг авалтанд зориулж Яармагт хашаа байшингийн газрыг түр олгосон гэнэ. Киноныхон тэр орчмыг 1911 оны байдалд тохижуулан эртний Да Хүрээ хэлбэрт оруулан зураг авч байгаа аж. Кинонд үзүүлж байгаа төр засгийн дэмжлэг үүгээр хязгаарлагдсан боловч уг киноны ажлын хэсгийнхэн нэгэнт эхэлсэн ажлаа хаялтай биш өөрсдөөсөө хөрөнгө мөнгө босгон эрвийх дэрвийхээрээ хөдөлж байгаа гэнэ. Зураг авалт одоо дундаа ороод байгаа. Саяхан Булган аймгийн Хангал суманд ажиллаж байгаад ирлээ гэв. Нэгэнт түүхэн том бүтээл барьж авсан болохоор дутуу гоомой юм хийх эрх байхгүй болохоор хөрөнгө мөнгө зардал төдий чинээ их шаардагдаж байна. Би сүүлдээ өөрийнхөө гэр орныг сүртэл зарж зардлаа босгож байна. Энэ киног хоёрын хооронд юм болгомооргүй байна. Төр, олон нийт, хувь хүмүүс, байгууллагын тус дэм, хандив байвал багадахгүй гэж Ерөнхий найруулагч Б.Цогтбаяр хэлж байна.
Уг нь Богдын тухай хуучин ойлголт арилж байгаа боловч түүний үр хүүхэд төрөл төрөгсөд гэж үлдээгүй. Ядахнаа нэг аймаг сум гэж байдаггүй болохоор эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй хэсгийнхэн ач холбогдол өгдөггүй юм байна. Тэгсэн атлаа өнөөдөр Монголд IX Богд залран шашин оюун санааны удирдагч боллоо. Дээрхийн гэгээн Далай лам залран ирээд байна. Энэ бүгдэд сүсэгтэн олон монголчууд дарга цэрэггүй хошууран намирч адис жанлавыг нь хүртэж чухам бурхан багш богд зонхов, Түвд үндэстнээр амьсгалсан өдрүүд үргэлжилж байна. Харин нэгэн цагт жанч халахын үед бас л өмнөх Богд гэгээнээ үл тоосон шигээ араншин гаргах уу. Бурхан шашны төлөөлөгчдөө нүүр хараад бишрэн шүтэх нэг хэрэг. Үнэн сүсэгтэн аваас өмнөх Богдыгоо ч мөн л сэтгэлдээ тээж явах учиртай. Тэгвэл Богд хааны тухай үнэн бодит амьдралаас сэдэвлэсэн нэгэн сайхан кино бүтсэн боловч олны буяны өглөг дутаад байгаа юм байна.
Киног уг нь Дээрхийн гэгээн Далай ламдаа үзүүлэхээр чармайсан боловч амжаагүй. Дараа нь улс тунхагласны ой, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойгоор нээлтээ хийх ч өнгөрлөө. Харин Нийслэл хүрээ байгуулагдсаны 100 жил ирэх хавар хоёрдугаар сарын 9-нд болох юм байна. Улаанбаатар хотын музейд хадгалагдаж байгаа нэгэн баримт бичиг бий. Түүн дээр Дотоод яамнаас Богдод хандан Их Хүрээтэй холбоотой зөвшөөрөл хүссэн байдаг. “Аливаа улсын хаадын суурин сууж байгаа хот балгадыг нийслэл хэмээн өргөмжлөн түүн дээр улс гэрийн ажил төрөл эрхлэгддэг ажээ. Тиймийн учир өнөөгийн Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн өргөмжлөсөн зарлиг гаргаж болгооно уу…” гэсэн утгатай бичиг талбисныг 1912 оны хоёр сард албан ёсоор ёсчлон зарлиг гаргасан юм билээ. Энэ өдрөөс өнөөдрийг хүртэл даруй 99 жил энэ дөрвөн уулын дундах балгадыг Монголын нийслэл хэмээгдэх болжээ. Энэ мэтчилэн Богд хаантай холбоотой олон дуртгал баримт түүх болон үлдсэн байдаг. Богд хаан кинон дээр энэ тухай гарна.
Г.МАНДУУЛ
URL: