Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ж.Батсуурь өнгөрсөн долоо хоногт нэгэн тушаал гаргасан байна. Энэ нь БСШУС-ын сайдын “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/196 тоот тушаал юм. Уг тушаалд тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар тодорхой зааж, холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Тухайлбал, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, 29 дүгээр тусгай сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, 6 дугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан байна.
Ашгүй дээ. Арай гэж нэг ийм тушаал гарах гэж. Энэ тушаалын ачаар олон хоног бодож явсан зүйлээ бичихээр үзэг цаас нийлүүлэв. Учир нь сүүлийн үед сошиал ертөнцөд ад үзэгдээд буй Сонсголын бэрхшээлтэй сурагчдын 29 дүгээр тусгай сургуулийн захирал асан Б.Батсайханы бүтэн таван жил хөөцөлдсөн асуудал шийдэгдэж байгаад оршино. Бэлгийн дарамт үзүүлэгчээс эхлээд тус сургуулийн байгуулагдсан цагаас хойшхи 50 жилийн хугацаанд болсон бүхий л муу муухай зүйлийг энэ хүн рүү чихэж, эцэст нь тэрбээр Нийслэлийн Засаг даргын тушаалаар ажлаас халагдсан. Үнэндээ Б.Батсайхан гэж хэн бэ, тэрбээр энэ сургуулийг удирдаж байх хугацаандаа юу хийж бүтээв, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн онцлог юу вэ, яавал тэнд сурч буй хүүхдүүд илүү ихийг мэдэж, боловсролтой хүн болох вэ гэдгийг хэн ч сонирхсонгүй. Тэр бүү хэл удаа дараа сурвалжлага хийсэн телевиз, сайтын сэтгүүлчид ч ганц үг ганхийсэнгүй. Тэд зүгээр л хар пиар хийж, захирлыг ажлаас халуулах үүрэгтэй мэт аашилсан. Тиймдээ ч телевизийн нэвтрүүлэг гарсны маргааш нь Нийслэлийн Засаг даргын тушаал гарсан мэт.
Анх тус сургуулийн сурагчид хичээл хаялт хийх үеэр захирал Б.Батсайхан “Хүүхдүүд ийм шаардлага тавьж байгаа нь зөв. Үүнийг бүр яамны хэмжээнд авч үзэж, шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээн ярилцлага өгсөн байдаг.
Түүгээр ч үл барам хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн, хүүхэд дарамталж зодсон багш байвал илрүүлж өгнө үү хэмээн цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан байна. Харин түүний хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллага сурвалжлага хийсэн сэтгүүлчээс тодруулга авахаар дуудсаныг “Сэтгүүлч сурвалжлага хийсний төлөө 29-ийн захирал цагдаад гомдол гаргалаа” хэмээн шуугиулаад амжсан.
Б.Батсайхан “Eagle телевизийн сурвалжлагчид “Хоёрдмол утгатай үг, хийсвэр утгатай үг, шинжлэх ухааны нэр томъёог тайлбарлахад дохионы хэл сайн мэддэг байх, олон талаас нь зөв ойлгуулах болдог ба дохиожоогүй нэр томъёо ч олон байдаг онцлогийг яриад ажлын хэсгийнхэн сурагчдаас судалгаа авахдаа орчуулагч багш оруулалгүй авснаас “бэлгийн дарамт” гэдэг асуултын бэлгийн гэдэг үгний өөр утгыг зарим сурагчид ойлгохгүй, номын санч дохиог нь мэдэхгүй учраас хүүхдүүдэд хэлж өгч чадаагүй буруу дугуйлсан жишээ байна тиймээс чи сурвалжлага хийхдээ эдгээрийг сайн анхаарч, хүүхдийнхээ онцлогийг судалж зөв бурууг нь гаргаж ирээрэй”хэмээн зөвлөснийгнууцаар бичиж аваад зөвхөн бэлгийн дарамт үзүүлэгч мэтээр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хүргэсэнд маш их харамсаж байна” хэмээн ярьснаас үзвэл сурвалжлагаа чухам ямар зорилготой хийсэн нь харагдах шиг.
Тэгвэл Б.Батсайхан 2012 онд тус сургуулийн захирлаар томилогдон очсон цагаасаа эхлэн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин болон хууль эрхзүй, сургалтын бааз зэрэгт анхаарал хандуулж эхэлсэн байдаг. Тиймдээ ч энэ талаар нэлээд судалгаа хийж нэн түрүүнд сурагчдын хэрэгцээ шаардлага, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тохирсон сурах бичиг, гарын авлага материалууд хэрэгтэй төдийгүй сурагчдыг нэгдүгээр ангид орохоос нь өмнө бэлтгэл бүлэгт хичээллүүлэх нь зүйтэй хэмээн үзэж яамандаа удаа дараа хүсэлт гаргаж байв.
Тус сургуулийн сурагчдын онцлог нь нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхэд тусгай цэцэрлэгээр дамжаагүй байдгаас монгол үгийн нөөцгүй, дохионы хэлгүй, хар дохиотой, танин мэдэхүйн, сурахуйн хоцрогдолтой ирдэг байна. Тиймээс хүүхдүүдэд нэгдүгээр ангид орсон өдрөөс нь эхлэн хурууны үсэг, дохионы хэл, цагаан толгой, Монгол хэлийг зааж эхэлдэг аж. Одоогоор нэгдүгээр ангийн хүүхэд Монгол хэлний 60-80 үгийн нөөцтэй, хурууны үсгээ бүрэн үзчихсэн, дохионы хэлээр харилцах чадвартай болсон байдаг байна.
Сонсголын бэхшээлтэй хүний төрөлх хэл нь дохионы хэл. Монгол хэл тэдний хувьд хоёр дахь хэл болдог бөгөөд Монгол хэлний үгийн нөөц багатай байдгаас бага ангид ихэнх хичээлүүдийгерөнхий боловсролын хөтөлбөрийн хүрээнд бүрэн судлах боломжгүй байдаг. Эндээс эхлээд л сурагчдад хөтөлбөрийн хоцрогдол эхэлдэг төдийгүй энэ хоцрогдлыг бүрэн дунд боловсрол олгох хугацаанд нөхөх хэцүү аж.
Гадаадын өндөр хөгжилтэй оронд дээрх бэрхшээлээс гарах гарц нь эрт, илрүүлэх, эрт боловсролд хамруулахад оршдог байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн сурч боловсрох, эрдэм мэдлэгтэй хүн болох, оюун ухаанаа хөгжүүлэх хамгийн идэвхтэй нас болох 0-6 насанд нь тэдний төрөлх хэл болох дохионы хэлэн дээр суурилсан харилцаанд оруулах, сургах, бусдаас хоцрохгүй байх боломжийг олгодог. Гэтэл манай улсын хувьд сонсголын бэрхшээлтэй хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах, сургуульд бэлдэх боломжгүй. Ердийн цэцэрлэгт оруулаад тусгай арга зүйтэй, дохионы хэлний мэдлэгтэй багшгүй бол үр дүнгүй.
Тиймээс Б.Батсайхан захирал нэн түрүүн бэлтгэл бүлэгтэй болж, энэ алдагдлыг бага ч болов арилгах, улмаар бага боловсролыг хөтөлбөр, стандартын хэмжээнд дөхүүлэх цаашлаад суурь, бүрэн дунд боловсролыг чанартай эзэмших юм хэмээн дүгнээд энэ талаараа салбар яамандаа хүсэлт гаргасан нь ийнхүү өнөөдөр түүнийг ажлаас халагдах тушаал гарсны дараа хэрэгжиж эхлэх гэгээ татаж байна.
Үнэндээ тус сургуульд Цагаан толгой, 2-4 дүгээр ангийн Монгол хэлний сурах бичгээс өөр хэрэгцээ шаардлага хангасан сурах бичиг байдаггүй бөгөөд математикийн 1-5 дугаар ангийн сурах бичгийг тус сургуулийн багш нар өөрсдөө бичиж байгаа гэнэ.
Ер нь ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрүүд сүүлийн жилүүдэд шинэчлэгдээд байгаа боловч сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн хөтөлбөрийг шинэчлэх хэрэгцээ их байна гэдгийг уламжилсаар ирсэн байдаг. Шинэчлэх ажлыг эрчимтэй хийж эхлэх хэрэгтэй хэмээн үзэж Боловсролын хүрээлэнтэй хамтран сургалтын төлөвлөгөөндөө орчин үеийн хэрэгцээ шаардлагын хүрээнд өөрчлөлт хийгээд явж байсан. Түүний хувьд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг нэлээн судалгаатай сайн хийж, дараагаар нь сурах бичгүүдээ бичиж хэвлүүлээд, ашиглаад явбал сургалтын чанар, багш, сурагчдын суралцахуйн үйлд нэн хэрэгтэй гэдгийг чухалчилдаг.
Түмний хэл амны бай болсон 29 дүгээр тусгай сургууль сурагчдадаа суурь, бүрэн дунд боловсрол олгохоос гадна үсчин гоо сайхан, оёдол эсгүүр, мужаан, нийтийн хоол гэсэн мэргэжлээр мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулдаг бөгөөд хүүхдүүд сурсан мэргэжлээрээ төгсөөд ажиллах боломжтой юм. Мөн ирэх хичээлийн жилээс Керамик эдлэлийн анги нээхээр Япон Монголын төвтэй хамтран ажиллаж байгаа юм байна.
Тус сургуулийн төгсөгчдийн тодорхой хувь нь их дээд сургууль, коллежид элсэн суралцдаг бөгөөд Их дээд сургуульд суралцахад дохионы хэлний орчуулагч байхгүй сурахад хүндрэлтэй байдаг төдийгүй аль ч шатны төгсөгчдөд ажил олддоггүй хэмээн төгсөгчид ярьдаг. Энэ асуудлыг дан ганц захирал шийдчихгүй нь тодорхой. Тэгвэл Б.Батсайхан захирал хийх хугацаандаа дээр өгүүлснээс өөр юу хийсэн бэ.
Үнэндээ сүүлийн хэдэн жил нэгэн үед бэлтгэгдсэн ахмад багш нар олноороо тэтгэвэрт гарсан. Тэдгээр багш нарын оронд тусгай хэрэгцээт боловсролоор мэргэшээгүй, дохионы хэлний мэдлэггүй багш нар ажилд орж байгаа, Монгол улсад тусгай хэрэгцээт боловсролоор багш бэлтгэдэггүй бөгөөд 2002 оноос хойш сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах тусгай арга зүйд суралцсан согог зүйч багш төгсөж ирээгүй. Тиймээс сургуулийнхаа нөөц боломжид тулгуурлан шинээр ажилд орсон багш нартаа ахмад багш, согог зүйч, мэргэжлийн багш нараараа тусгай сурганы арга зүй, дохионы хэлний сургалтыг үе шаттай явуулж, өөрөөр хэлбэл багшаа ажлын байран дээр нь мэргэшүүлж байгаа юм. Эндээс багш нарын чадвар муу, дохионы хэл мэдэхгүй байна гэсэн асуудлууд гардаг ч 2-3 жил ажиллаж байгаа ч сургалтын арга зүйд сайн суралцсан, дохионы хэлний чадвар сайтай залуу багш нар олон байна.
Түүнчлэн багш нарыг бэлдэх, давтан сургах асуудлыг төр засагт олон жил уламжилсаар ирсэн байдаг. Угтаа МУБИС-д нэг жилийн анги нээсэн байгаа ч хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чаддаггүй. Харин Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр гадаадад суралцахад төлбөрийг төрөөс даадаг учир уг сургуулийн нэг багш БНХАУ-д магистрт суралцаж байна.
Тус сургууль ОХУ-ын Эрхүү хотын тусгай сургууль, Солонгосын тусгай сургуулиудтай сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулж жил бүр 5, 5 багш харилцан солилцож туршлага судалдаг.Багш солилцоо хөтөлбөрт жил бүр багш нараа хамруулж Солонгосын тусгай сургуульд 3 сараар 3 багш ажиллуулсан бөгөөд энэ 2017 онд “Сэлбэ” ротари клуб, Японы сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш бэлтгэдэг Гунма их сургуультай хамтран багш нарын сургалтыг сургууль дээрээ зохион байгуулж байна. Энэ онд 10 багшийг Японд 1 сарын хугацаатай сургалтанд хамруулахаар болсон. Эхний таван багш зургадугаар сард Япон явах юм.
Мөн сонсголын бэрхшээлтэй багш мэргэжилтэй залуусыг дэмжин тусалж сүүлийн 2 жилд тус сургуулийг төгссөн сонсголгүй 9 багшийг ажилд авчээ. Сургалтын орчинг сайжруулах зорилгоор Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд төсөл бичиж сургуулийнхаа урлаг заал, спорт заал, анги танхим, цонхыг улсад жишиг болохуйцаар засаж тохижуулсан нь тус сургуульд хэзээд ороход нүдэнд дулаахан харагддаг.
Сонсголын бэрхшээлтэй сурагчдын 29 дүгээр сургуулийн онцлог хийгээд захирал Б.Батсайханы хийсэн ажил ийм байна. Гэвч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ноён С.Батболд та нэгэн сайт, нэгэн телевизийн сэтгүүлчийн хийсэн сурвалжлагын дараа гэнэт тушаал гарган доод албан тушаалтнаа халсан нь сонирхол төрүүлсээр. Яагаад заавал сурвалжлага гарсны маргааш өдөр гэж. Яагаад ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр, яагаад тухайн сургууль дээр очиж өөрийн нүдээр харахгүйгээр, тодорхой хэмжээгээр дүн шинжилгээ хийхгүйгээр тушаал гаргав. Одоо Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал хөндөгдөж байна. Тэдний асуудалтай бас л ингэж хөндлөнгөөс хандах уу. Аливаа эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төдийгүй том хүн ч эмзэг байдаг. Харин тэдний асуудлыг өргөн хүрээгээр авч үзэхгүй, удирдаж буй баг, хамт олонтой нь нийлж гарах гарцыг эрж хайхгүйгээр, зүгээр захирлыг нь ажлаас халснаар шийдэгдчихдэг асуудал юм гэж үү.
Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn