БНАСАУ-ЫН ПУУЖИНГИЙН ХӨТӨЛБӨР НЬ КИМ ЧЕН УНЫ МЭДРЭЛ МУУГИЙН ШИНЖ
НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли Хойд Солонгос улсыг ээлжит баллистик пуужингаа туршсантай холбогдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг байнгын мэдрэл муу явдаг нөхөр гэж нэрлэжээ. Тэрбээр “ABC News”-т өгсөн ярилцлагадаа уг туршилтыг Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч албан тушаалаа хүлээн авсны хариу гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Үүнээс гадна АНУ Пхеньянд дарамт үзүүлсээр байх болно гэж Хейли мэдэгджээ.
Японы албан ёсны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр БНАСАУ-ын баруун хойд хэсгийн Кусон дахь полигоноос хөөргөсөн пуужингийн нислэгийн өндөр 2000 км-т хүрсэн гэнэ. Саяхан Өмнөд Солонгосын төрийн тэргүүн болсон, хойдуудтайгаа хэлэлцээ хийхийг дэмжигч Мун Жэ Ин пуужингийн энэхүү туршилтыг бодлогогүй өдөөн хатгалга гэж үзсэн байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгост илүү хатуу хориг арга хэмжээ авахыг уриалжээ. Тэгвэл Хятад улс бүх талыг аль болох хүлээцтэй байхыг уриалсан байна.
Уулзалт болохгүй
НҮБ-аас хориг тавьж байгаа боловч Хойд Солонгос Улс энэ онд хэд хэдэн пуужин туршсан. Энэ нь олон улсын анхаарлыг татаж, Пхеньян, Вашингтоны харилцааг улам хүндрүүлж байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр ч удаа пуужин туршсан боловч амжилтгүй болж, нислэгийнхээ эхний минутад дэлбэрсэн билээ.
Ингээд Дональд Трамп нөхцөл нь бүрдэж, Ким Чен Унтай уулзаж чадвал нэр төрийн хэрэг гэж хэлсний дараахан Хойд Солонгос улс АНУ-тай тааламжтай нөхцөлд хэлэлцээр хийхэд бэлэн байх болно гэж мэдэгдсэн аж. Гэвч Никки Хейли пуужин хөөргөснийг ийм уулзалтад хүрэх арга биш гэдгийг ойлгуулжээ. “Тэр манай нөхцөлийг биелүүлээгүй нөхцөлд бид хэлэлцээрийн ширээнд суухгүй” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
Пхеньян шинэ пуужинтай болсон уу?
Шинээр хөөргөсөн пуужинг судалж байна. Гэхдээ зарим шинжээчид туршилтын явцад нислэгийн зайг өмнөх пуужингуудаас нэмэгдүүлж чадсан гэж ярьж байгаа аж. Японы БХЯ-наас л гэхэд энэхүү пуужинг Япон тэнгист унахаас өмнө 30 минут ниссэн нь шинэ төрлийн пуужин туршсан нь амжилттай болсныг гэрчилж буй юм.
Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инадагийн хэлснээр пуужин 2000 км давж өндөр ниссэн нь хоёрдугаар сард хөөргөсөн дундын радиустай пуужингийн үзүүлэлтээс давжээ. Тив алгасагч баллистик пуужин агаар мандлаас гарч, хэдэн зуун км өндөрт нисэх боломжтой. Харин ийм өндөр нь нислэгийн холын хэмжээг багасгаж, маш том траекторт хөөргөснийг баталж байна гэж шинжээчид үзжээ. Хэрвээ хөөргөлтийн траектор энгийн, өөрөөр хэлбэл налуу нисгэсэн бол холын тусгал нь 4000 км-ээс багагүй байх байлаа.
АНУ-ын зэвсэг хүчний Номхон далайн командлалын мэдэгдэлд цэргийнхэн энэхүү пуужинд үнэлэлт дүгнэлт өгч байгаа боловч тодорхойлолтоор бол энэ нь АНУ-ын үндсэн газар нутагт хүрэх (ойролцоогоор 6000 км) тив алгасагч баллистик пуужинд нийцэхгүй байгаа гэнэ. Хойд Солонгос улс тив алгасагч баллистик пуужингийн хоёр хувилбарыг боловсруулж байгаа боловч нэгийг нь ч нислэгт туршаагүй гэж үздэг. Хэрвээ Японы шинжээчдийн тооцоолол үнэн, үнэндээ 2000 км-ийн өндөрт хүрсэн бол Хойд Солонгос улс пуужингийн технологидоо эрс урагшилсан гэсэн үг. Гэхдээ өмнөх хоёр туршилт нь бүтэлгүйтсэн болохоор энэ технологийг найдвартай гэж хэлэхэд эртэднэ.
Хэдий тийм боловч өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Пхеньяны цэргийн парадад нэгэн шинэ пуужинг үзүүлсэн нь тив алгасагч баллистик пуужин гэсэн ангилалд орж мэднэ гэж зарим шинжээч таамаглаж байгаа аж. Дональд Трампын хувьд ийм пуужин бүтээтэл хол хэвтэнэ гэж үзэж буй юм. Гэхдээ Хойд Солонгос Пхеньянаас 3400 км-т байрладаг Гуам дахь Америкийн цэргийн баазыг нь онох боломж л үүсчихвэл дэлхий дахинд өөрийн амжилтаараа бардамнаад зогсож байх биз ээ.
Бусад орнууд хэрхэн хүлээн авав?
Пуужинг хөөргөсний дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч улсынхаа аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахаар дууджээ. “Хэдийгээр Өмнөд, Хойд Солонгосын хооронд яриа хэлэлцээ хийх боломж нээлттэй хэвээр байгаа ч Хойдоос өөрсдийн байр сууриа өөрчилж буйгаа харуулсан нөхцөлд л ийм хэлэлцээ болно гэж Ерөнхийлөгч тэмдэглэсэн” хэмээн Мүн Жэ Иний хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдээлжээ.
Цагаан ордноос Дональд Трамп Оросыг ийм зүйлд сэтгэл хангалуун байгааг төсөөлж чадахгүй байгаа тухай тэмдэглэжээ. Учир нь уг пуужин Оросын газар нутгаас холгүйхэн унасан. Хожим нь Кремлийн төлөөлөгч Оросын Ерөнхийлөгчийн энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа тухай илэрхийлжээ. Тэгвэл БНАСАУ-ын цорын ач холбогдол бүхий холбоотон болох Хятад улс пуужингийн туршилтын дараа талуудыг хүлээцтэй хандахыг уриалсан байна.
АНУ-ыг зөв сонголт хийх хүртэл үргэлжилнэ гэв
БНАСАУ-ын пуужингийн туршилт “АНУ-ын мужууд болон тэдгээрийн харьяатууд зөв шийдвэр хийх” хүртэл үргэлжилнэ гэж Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун мэдэгджээ. Түүний хэлснээр тус улс илүү нарийн, хорлон сүйтгэх цөмийн төхөөрөмж, цохилтын хэрэгсэл зохион бүтээх шаардлагатай, түүнчлэн шинэ туршилтад бэлтгэх хэрэгтэй гэнэ. Ингээд эрдэмтэд болон пуужингийн салбарын инженерүүддээ ээлжит хөөргөлтдөө бэлтгэж эхлэх даалгавар өгчээ.
Өглөөний сонин
URL: