Дархан-Уул аймагт автомашины “азын” дугаарыг 100-400 мянган төгрөгөөр борлуулж байжээ

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны харьяа Тээврийн хэрэгслийн оношлогоо, бүртгэл, техник технологийн хэлтсийн зарим ажилтан автомашины улсын дугаарыг өндөр үнээр борлуулдаг, дөрвөн орон нь ижил дугаар хоёр сая төгрөгт хүргэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Уг нийтлэлийн дараа уншигчид бидэнд хандаж, улсын дугаарын давхардал их байгаа, нэг машинд олгосон дугаарыг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэхгүй байх тус хэлтсийн даргын тушаалыг зөрчдөг, Дархан-Уул аймагт гэхэд тээврийн хэрэгслийн азын дугаарын үнэ хагас сая төгрөгт хүрэх гэж байгаа талаар мэдээлсэн юм. Энэ удаа Дархан-Уул аймгийн Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны салбарын тоо бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Цэдэнбал улсын дугаарыг өндөр үнээр худалддаг байсан хэргийн талаар хүргэе.

Тэрбээр улсын дугаар шаглахаас гадна бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогдож, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа юм байна. Н.Цэдэнбалд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр гэм буруутай эсэхийг нь хэлэлцэх гэж байхад нь залилангийн хэрэг нь илэрчээ. Н.Цэдэнбал өмнө нь 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр Сонгуулийн хорооны ажилд, иргэний сонгуулийн эрхээ эдлэхэд саад учруулсан гэсэн үндэслэлээр зургаан сарын хугацаатай баривчлах ял эдэлж байсан юм байна.

09-00 ДАР дугаар 400 мянган төгрөгийн үнэд хүрчээ

Мөрдөн байцаалтын явцад Н.Цэдэнбал нэр бүхий 10-аад хүнд азын дугаар худалдсан нь тогтоогджээ. Тэрбээр автомашиндаа улсын дугаар авч байгаа иргэнээс 400 мянган төгрөг авдаг байсан аж. Бүр тодруулбал, тэрбээр ажил үүргийнхээ дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохдоо иргэн Л.Дашзэвэгээс 150, Д.Отгонбаатараас 250, С.Батзолбоогоос 320, О.Галсаннамжилаас 400, А.Ганбатаас 300, Т.Алтангэрэлээс 90 мянган төгрөг авч, нийт 1.5 сая төгрөг халаасалсан байна. Түүний худалдсан хамгийн үнэтэй дугаар нь 09-00 ДАР Н.Цэдэнбал өнгөрсөн оны наймдугаар сард иргэн С.Батзолбоод 09-00 ДАА дугаар заржээ. Энэ дугаарыг авахдаа 320 мянган төгрөг өгсөн аж. С.Батзолбоо иргэн Т.Очирхуягаас “Тоёота Марк-2” машин худалдан авчээ. Ингээд машинаа түүний нэр дээр худалдсанаас хойш гурван сарын дараа шилжүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн байна.

Тухайн үед уг машин нь “00-20 ДАР” гэсэн дугаартай байсан бөгөөд Н.Цэдэнбал “Дугаар давхардсан байна” гээд уг дугаарыг нь хураан авчээ. Ингэж явахдаа Н.Цэдэнбалтай С.Батзолбоо уулзжээ. Энэ үедээ тэрбээр “Ямар хүмүүс нь ийм азын дугаартай байдаг юм бэ” гэж асууж. Хариуд нь Н.Цэдэнбал “Мөнгөтэй нь авдаг юм” гэсэн байна. С.Батзолбоо “Танд ямар дугаар байна вэ” гэхэд “09- 00 ДАА дугаар байна, чи авах уу” хэмээн ярьж тохиролцон худалдсан байна. Энэ талаар С.Батзолбоо мөрдөн байцаагчид мэдүүлэхдээ “Н.Цэдэнбал ажлынхаа гадаа миний машинд орж ирээд надтай уулзсан. Тэгэхэд нь би 320 мянган төгрөг тоолж өгөөд 09-00 ДАА гэсэн дугаар авсан. Н.Цэдэнбал гуай тэр үед надаас мөнгө авчихаад “Чи тэгээд янз бүрийн хэл ам гаргахгүй биз дээ” гэж байсан. Би хариуд нь “Тийм зүйл огт байхгүй гэсэн” гэжээ. Харин 400 мянган төгрөгөөр дугаар авсан иргэн О.Галсаннамжил найз С.Батзолбоотойгоо машиныхаа дугаараар ижилсэхийг хүсчээ. Ингээд найзынхаа хамт Н.Цэдэнбалын ажлын өрөөнд очиж, 400 мянган төгрөг өгөөд 09-00 ДАР улсын дугаарыг авсан байна.

150 мянгаар авсан дугаараа 100 мянгаар худалдсан хүн байна

Н.Цэдэнбал албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн, өөртөө ашиг олсон дугаар нь дээрх хоёроос гадна 00-78 ДАР, 50- 50 ДАР, 08-80 ДАА, 00-25 ДАР, 50-05 ДАА, 44-88 ДАА гэх зэрэг байгаа нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тухайлбал, иргэн Л.Дашзэвэг нь 00-78 ДАР дугаарыг 150, Д.Отгонбаатар 50-50 ДАР улсын дугаарыг 250, ах дүү А.Ганбат, А.Ганболд нар 08-80 ДАА, 00-25 ДАР дугаарыг 300, Т.Алтангэрэл 50-05 ДАА дугаарыг 90 мянган төгрөгөөр худалдаж авсан байна. Ингэж багагүй мөнгө зарцуулж байж, авсан дугаараа цааш нь дамжуулан худалдахдаа, алдагдалтай шахам худалдсан байх юм. Иргэн Л.Дашзэвэг Н.Цэдэнбалаас дугаар аваад Б.Жамбалдорж гэдэг хүнд худалдсан байна. Л.Дашзэвэг “Би машиндаа дугаар авах гээд Н.Цэдэнбалын өрөөнд ороод “Гайгүй тоотой дугаар байна уу” гэж асуусан. Тэгэхэд “00- 78 ДАР дугаар байна, үүнийг 150.000 төгрөгөөр ав” гэхээр нь авчихсан. Мөнгийг нь би өөрийнхөө машин дотор тоолж өгсөн. Авсан дугаараа Б.Жамбалдорж гэдэг хүнд 100 мянган төгрөгөөр худалдсан” гэжээ.

Б.Жамбалдорж ч гэрчээр өгсөн тайлбартаа 00-78 ДАР дугаарыг өөрийнхөө машинд Дашзэвэгээс авч байгаа юм, ямар нэг асуудал байхгүй биз дээ” гэхэд Н.Цэдэнбал “Янз бүрийн зүйл байхгүй, шилжүүлж болно гэхээр нь авсан” гэжээ. Харин иргэн Д.Отгонбаатарт худалдсан “50-50 ДАР” дугаараа 300 мянгаас бага зэрэг яриад 50 мянган төгрөг буулгаж өгсөн аж. Автотээврийн газрын үүд буюу Тээврийн хэрэгслийн оношлогоо, бүртгэл, техник технологийн хэлтсийн байрны үүдээр дугаарын ченж хийдэг хүмүүс байдаг. Тэдэнтэй адил Дархан-Уул аймагт ч ченж байдаг бололтой. Иргэн А.Ганбат Ч.Чойжоо гэдэг хүнд “08- 80 ДАА” дугаарыг 200 мянган төгрөгөөр худалджээ. Энэ талаар хавтаст хэрэгт А.Ганбат “Н.Цэдэнбалаас “Гайгүй дугаар байна уу” гэхэд “08-80 ДАА дугаар байна. 200 мянгаар төгрөгөөр авах уу” гэж санал болгосон. Би Цэдэнбалд уг мөнгийг тоолж өгсөн. Дараа нь ах Н.Ганболдын “Истана” маркийн машинд 00- 25 ДАР дугаарыг 100 мянгаар Цэдэнбалаас авсан” гэжээ. Харин гэрч Ч.Чойжоогийн “Би 2010 оны есдүгээр сард А.Ганбатад 200 мянган төгрөг өгч 08-80 ДАА дугаарыг нь авсан юм. Маргааш нь Дарханы автотээврийн газарт очиж дугаараа шилжүүлж авсан” гэжээ.

Автомашиныхаа улсын дугаараар гангарах гэсэн иргэдийн хүслийг далимдуулан ашиг олдог ч хүн бас байна. Тухайлбал, Н.Цэдэнбалтай хамт ажилладаг Д.Цолмон Б.Баярсайхан гэдэг эмэгтэйгээс автомашины дугаарыг нь сольж өгөх нэрээр 220 мянган төгрөг авсан байх юм. Б.Баярсайханы автомашин уг нь 78-44 гэсэн дугаартай байж. Гэтэл азын дугаар зүүх сонирхолдоо хөтлөгдсөн бололтой уг дугаараа 44-88 ДАР улсын дугаараар сольжээ. Д.Цолмон энэ үеэр түүний эзэмшлийн тээврийн хэрэгслэлд “44-88 ДАА” улсын дугаарыг олгосны үнэ гэж 220 төгрөгийг залилан мэхэлж авсан гэнэ. Ийнхүү азын гэх дугаараар бизнес хийж буй хүмүүс хууль хяналтын байгууллагын хараанаас мултралгүй баригдаж, уг дугаарыг өндөр үнээр авсан хүмүүс нь хээл хахууль өгсөн хэрэгт буруутгагдаж, төрийн албыг хувийнхаа мөнгө олох хэрэгсэл болгож, улсын дугаар худалдсан албан тушаалтан нь авлига авсан, бусдыг залилан мэхэлсэн хэргээр ял шийтгүүлэхдээ хүрээд байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих