Хас банк иргэдийг ШИМЭГЧЛЭХ-ээ хэзээ болих вэ?
Хас банк бусад банкнаас хоёр дахин их мөнгийг иргэдээс шимтгэл, хураамж нэрээр авч байна гэх мэдээллийг тус банкинд шалгалт хийсэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас мэдэгдэж байсан билээ. Тэгвэл ШӨХТГ Хас банкинд шалгалт хийж уг асуудлыг нь тогтоолоо гээд Хас банк хэрэглэгчдийн эрх ашигтай холбоотой энэ асуудалдаа анхаарал тавьж шимтгэл хураамжаа бууруулсан уу гэдэг асуудал эргэн тавигдах ёстой. Тэгвэл үгүй аж. Тухайлбал, тус банкнаас 8 сая төгрөгийн цалингийн зээл авлаа гэхэд 80 мянган төгрөгийн шимтгэл төлдөг юм байна. Энэ бол бусад банкинд байхгүй өндөр шимтгэл л дээ. Тэгэхээр иргэдийг ийнхүү шимэгчилдэг Хас банкийг ШӨХТГ шалгасан шиг шалгаад, хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авах ёстой юу гэдэг асуудал гарч ирж байна.
Ер нь Хас банк ихэд асуудалтай. Харилцагчдынх нь 57 сая төгрөг луйврын замаар орсныг мэдээгүй өнгөрсөн “Хас” банкнаас харилцагчдынхаа эрх ашгийг бизнесийн эрх ашгийнхаа тээр доор тавьдаг л харагдаад байгаа юм. Харилцагчдадаа түргэн шуурхай үйлчилнэ гэдэг ч, үнэн хэрэгтээ зээлийн эдийн засагчид нь хөшүүн хойрго үйлчилгээтэй, зээл хүссэн иргэдийг гэм зэмтэн шиг үздэг, хэтэрхий үл итгэсэн байдалтай хандаж, явдал чирэгдэл учруулдаг болохыг нь хэлэх иргэд олон байдаг юм билээ. Түүнчлэн Хас банкинд гадаад оффшорчдын бодлого үүрлэжээ хэмээн “Өргүй Монгол 218.1” хөдөлгөөний зүгээс мэдэгдсэн нь саяхан билээ. Т.Баярхүү нарын эрхмүүд хэлэхдээ Монголд дотоодын оффшорчдоос гадна гадны оффшорчдын мөнгө хүүлэх бодлого хүчтэй нөлөө үзүүлэх болсон бөгөөд гадаад оффшорчид Монголчуудад хүүтэй доллар зээлж Монгол төгрөгийн ханш унах тусам долларын ханш өсөж иргэд доллараар авсан зээлээ хэдэн зуу дахин нугалж төлж байна хэмээн хэлцгээж байсан.
БЗД-ийн иргэн Д.Мөнхгэрэл гэж хүн хэлэхдээ “200 сая төгрөгөөр байр авахаар урьдчилгаа 40 сая төгрөгийг төлөөд үлдсэн 160 төгрөгийг банкнаас зээлэхээр болсон.2011 оны долдугаар сард “Хас банкнаас” 160 сая төгрөгийн зээлийн хүсэлт тавьсан. Гэтэл Хас банкнаас манайх төгрөгөөр шийднэ гэчихээд зээл батлагдтал доллараар батлагдчихсан байсан. Тэгээд 20 жилийн хугацаатай долларын зээлийг 00.1%-ийн хүүтэйгээр авсан. Гэрээнийх нь дагуу 160 сая төгрөгний зээл авсан хүн 320 сая төгрөгийг төлөөд одоо цаана нь 108 мянган ам.долларын өрөнд орчихоод байгаа. Цаашид төлж дуусах хүртэл бараг тэрбум төгрөгийн өрөнд орчихсон. Долларын ханшийн зөрүүнээс Монголчууд маш их алдагдалд орж байна. Хэрвээ Монголд бүх зүйл төгрөгөөр шийдэгддэг бол өнөөдөр би ийм байдалд орохгүй байх байсан. Над шиг ийм нөхцөл байдалд орсон хүн маш их байгаа. Хас банкинд 218.1 –д зааснаар хуулийн дагуу би авсан үеийн ханшаараа зээлээ төлнө гэхээр хүсэлтийг маань цуцлаад одоо үеийнх нь ханшаар төлөхыг шаардаж байгаа. 218.1-т заасан хуулийн дагуу Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэр дээр авсан зээлээ тухайн үеийнх нь ханшаар төлөх ийм л шаардлагыг тавьж байгаа. Шүүхэд хандаж шүүх хэрхэн шудрага шийдвэр гаргахыг харах болно” гэсэн юм. Харин “Өргүй Монгол 218.1” хөдөлгөөнийг санаачлагч Г.Ганбат “Харийн оффшорчдын Монголд байгуулсан банк өнөөдөр Монголын ард иргэдийг мөлжиж байна. Дотоод гадаадын оффшорчдод уусч дууслаа. Гадаад оффшорчид Хас банкинд үүрлэж иргэдийг дээрэлхэж Монголын хуулийг уландаа гишгэлж байна. Монгол төгрөгний ханш унах тусам авсан зээлээ хэд дахин болгож төлдөг механизм бүрдчихлээ. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол Монгол Улсын иргэд авсан зээлээ насаараа төлж зарим нь бүр шантраад амиа хорлох тохиолдол ч гарсаар байна. Монгол мөнгөний ханшийн уналт иргэдэд хүчтэй нөлөө үзүүлж дээрээс нь гадаад оффшорчдын дарамтанд нэвчсэн байгаа. Хас банкны долларын зээлийн бодлогыг зогсоож Монголчууддаа Монгол төгрөгөөр үйлчилж зээлдэгчиддээ шударга хандахыг сануулж шаардах бичиг хүргүүлэх болно” гэсэн юм.
Харин тусхөдөлгөөний тэргүүн Б.Төмөрдөш “Саяхан оффшорчдын эсрэг том жагсаал болсон. Энэ жагсаал дээр манай ард түмэн нэг зүйлийг дутуу ойлгоод байна. Монголоос мөнгөө хулгайлаад гарсан оффшорчдын мөнгийг авчир гэж шаардлага тавиад жагсаад байгаа боловч Монголд харийн оффшорчид орж ирчихээд банк байгуулаад биднийг мөлжөөд байгааг ярихгүй байгаа. Хас банк бол 100 хувь оффшор банк. Өөрөөр хэлбэл даян дэлхийн хулгайч нар Монголыг эзэнгүйг далимдуулж өндөр хүүтэй мөнгө хүүлээд байж байна. Дотоодын болон гадаадын оффшорчдын бүрэн мэдэлд манай улс орчихоод байна. Дөнгөж сая Засгийн газар Евро бондын 600 сая долларын зээлийг Хуралдай бонд гэдэг нэрээр шинэчилж зээл сунгалаа гээд байгаа. Ам.доллар 1250 төгрөг байхад Сү.Батболдын Засгийн газар 600 сая доллар буюу 784 тэрбум төгрөгийн зээл авсан. Төгрөг 1250 байхад авсан 780 тэрбум төгрөгийн зээлийг 1.5 их наяд болгож дахиад 5.75 хувийн хүүг нь 8.75 хувийн хүүтэй болгож сунгачихаад гавьяа байгуулсан юм шиг сууж байна. Ирээдүйд ам.долларын ханш 3000, 4000 болоод ирэхээр энэ зээлийг бид төлж чадахгүй. Чингис Бондын 4.1 хувийн хүүг өнөөдөр ханшийн уналтаар тооцоод үзэх юм бол жилийн 89 хувийн зээл болчихсон явж байгаа. Дахин анхааруулахад оффшорчид Монголд орж ирээд үүрлэчихсэн, банкны эзэд болчихсон байна. Мөн тэд Монголын хууль эрх зүйн орчныг нулимаад Иргэний хуулийн заалтыг тоохгүйгээр зөрж харилцагч болон зээлдэгчдэд дарамт өгөх маягаар сөрөг нэхэмжлэл гаргаж, аваагүй зээлийг нь төлүүлэхээр улайрч байна.” гэж байсан.
Энэ мэт мэдээллүүд нь Хас банкинд чамгүй асуудал байгаа талаар өгүүлдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Уг нь банк үйлчилгээний байгууллага. Тиймээс ч хэрэглэгчийнхээ эрх ашигт анхаардаг баймаар юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: