Хоёр хүн газар дээрээ амиа алдлаа
Энэ сарын 7-8-нд шилжих шөнийн 01:40 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Замын цагдаагийн газрын урд замд осол гарч, хоёр хүний амь эрсдэв.
05-50 УБИ улсын дугаартай “Toyota cresta” маркийн автомашин 06-96 УНА улсын дугаартай “Toyota crown” маркийн суудлын авто машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас 05-50 УБИ дугаартай машинд сууж явсан 30-35 насны нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн газар дээрээ нас баржээ. Энэ ослын үеэр 38 настай, эмэгтэй О нь мөргөлдсөн хоёр машинд хавчуулагдан хүнд гэмтсэн аж. Одоогоор биеийн байдал нь маш хүнд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэргийг ЗЦГ-ын мөрдөн байцаагчид шалгаж эхлээд байна.
Энэ мэтээр автомашины осол ихээр гарч байгаа нь жолооч нар хурд хэтрүүлж, замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөхгүй байгаагаас үүдэлтэй болох нь тогтоогдсон. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж байгаа нь осол гарахад хамгийн ихээр нөлөөлж байгаа юм. 7-8-нд шилжих шөнө гэхэд ЗЦГ-т 132 хэрэг бүртгэгдсэнээс согтуугаар жолоо барьж осол гаргасан 62 хэрэг гарчээ. Ямартай ч өөрийн хариуцлагагүй, хэнэггүй байдлаас болж алтан амиа алдаж байгаа нь харамсмаар хэрэг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Машин жолоодож байгаа жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж болгоомжтой байхыг ЗЦГ-аас сэрэмжлүүлж байна.
URL: