Монгол төрийн босго өндөр юм шүү

maxresdefault (2)Монгол улс 1992 онд батлагдсан ардчилсан шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг бий болгосныг бид бүхэн мэднэ. Хэмжээлшгүй эрхт Богд хааныг бие барсны дараа төрийн тэргүүнд суусан Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын он удаан жилийн засаглалаас болоод “нэг хүнээр удирдуулах нь дарангуйлагчийг төрүүлдэг юм байна”, “дэмий эд юм” гэсэн хатуу бодолтой болоод байсан монголчууд Ерөнхийлөгчийн төрд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, эрх мэдэл нь ямар хэмжээнд байх зэргийг анзааран харж, дүгнэдэг, одоо эрхбиш 25 жил өнгөрсөн тул өөрсдийн гэсэн бодол санаатай болсон байдаг биз ээ.

Сонгууль бүрээр Ерөнхийлөгчийн дүр төрх, зан араншин, бие бялдар, гарал үүсэл, хань ижил гэх зэрэг хувь хүн талаас нь шүүн, олонд муушаадаг боловч бидний голлон ярих ёстой зүйл бол уг нь Ерөнхийлөгчийн институт юм. Өөрөөр хэлбэл, энэ төрийн байгуулалт ямар үүрэгтэй, ямар байр суурь эзэлдэг гэдгийг сайн ярьцгааж байх хэрэгтэй юм. Чингэж ярих нь Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед сонгогчдын боловсролд нэмэр болж, түмний сонголтод нөлөөлөх нэгэн далим болох нь гарцаагүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч болбоос: 

-Ерөнхий сайдыг томилуулах, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчийн санал болгон зөвшилцлийг үндэслэн шийдвэрлэдэг
-Ерөнхий шүүгч, бүх шатны шүүгчид, Ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Ерөнхийлөгч томилдог
-Ерөнхийлөгч нь Улсын Их Хуралд хууль санаачлах, хүсэлт тавих, Засгийн газрын эрх хэмжээний асуудлаар чиглэл өгдөг эрх мэдэлтэй “институт” юм.

Тодорхойгоор хэлбэл, Ерөнхийлөгч болбоос Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг долоон удаа буцаах, Х.Баттулгыг урдаа суулгаж байгаад бүлтийтэл зэмлэх зэрэг нь “хийх юмаа олж ядсандаа” юм уу, “Засгийн газрын ажилд дур мэдэн хошуу дүрсэндээ” биш, хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд ажлаа хийж байна гэж ойлгох хэрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хуулинд “Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Улсын Их Хурлын дарга нь “Ерөнхийлөгчийн орлон гүйцэтгэгч” болдгийн хувьд Улсын Их Хурлын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бид нэг их гайхаж, цочирдоод байдаггүй шүү дээ.

Ерөнхийлөгч бол улс эх орны эдийн засгийн хямрал, шийдэгдэж чадахгүй байгаа том асуудлаас машиныг луг шавраас суга татах шиг гаргадаг хүн бол биш юм. Гаргаж чаддаг хүн мэтээр сурталдах гээд байдаг нь өөрөө маш буруу ойлголт. Жил жилийн сонгуулиар ийм ойлголт өгөхөөр “пиар” явдаг нь ташаа зүйл.

Монгол Улсын Ерөнхийлөгч болбоос улс орны тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийн баталгаа болдог. Энэ нь хоёргүй нэг утгаар Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний дунд “яс хаягч, эвдлэн бусниулагч, талцан хуваагдуулагч, замд хөндөлссөн нэгнээ муушаан дайрагч хүн биш байх ёстой” гэдгийг хэлж байгаа юм. Бид ч төмөр замын царигийн асуудал дээр улс түмнээрээ хоёр тал болон зургаан жил “үзэлцсэн” гашуун түүхтэй ард түмэн шүү дээ. Хойд чиглэлээ өргөнөөр, урд чиглэлээ нарийнаар гэж маргалдагч талуудын “дундуур” шийдээгүй бол дахин хэдэн жил ч талцан хуваагдах байсан юм бүү мэд. Тэгэхээр, ингэж талцан хуваадаг хүн Ерөнхийлөгчийн суудалд сууж болохгүй гэдгийг Үндсэн хуулиараа “хэлж” өгсөн байна.

“Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хуульд болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” гэж Үндсэн хуульд заасан. Энэ эрх мэдлээс нь болж, Ерөнхийлөгч хуулийнхныг атгадаг, дуртай хүнээ шийтгэдэг гэсэн буруу ташаа ойлголт нийгэмд яваад байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч “зүй зохистой харицлан ажиллахад нь дэмжлэг нөлөө үзүүлдэг” хүн болохоос хүссэн хүнээ томилдог, дургүй нэгнээ шийтгэдэг субьект биш юм. Яах вэ, гажуудсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зүйл өнгөрөсөн жилүүдэд гарсан байхыг үгүйсгэхгүй. Гарсан байх аваас Үндсэн хуулийн эрх мэдлээ хэтрүүлж байна гэж ойлгоход болно.

“Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэж заасан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, намынхнаа намнаад л, хооронд нь хагаралдуулаад л, хэвлэл, сошиалаар өндийх аргагүй болтол нь балбаад л, дундаас нь ашиг олдог хүн Ерөнхийлөгч байж нийцэхгүй нь гэсэн үг. Тэр бол зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлдэг субьект болохоос хагалан бутаргадаг хүн яавч биш байх нь ээ.

Эцэст нь хэлэхэд, Төрийн тэргүүний хань ижил гэдэг маш чухал ойлголт юмаа. Энэ бол төрийн амин тулгуур зүйлийн нэг байсаар ирсэн. Ерөнхийлөгчийн гэргий гэдэг төрийн хэрэгт хошуу дүрэхгүй, хүнд ачаатай нөхөртөө түшиг болж, арыг нь алжаалгүй даадаг, хүн ардад нүүрний буянтай, зан ааль сайтай, ухаалаг МОНГОЛ ЭМЭГТЭЙ  байх учиртай. Хүнд ачаатай нөхрийнхөө урдуур орж, сайд, гишүүдийг хүссэн цагтаа дуудаж, үүрэг заавар өгдөг, ямар нүүрний буянтай, зан аальтай нь мэдэгдэхгүй, монгол биш хүн байж болохгүй гэсэн үг байх нь л дээ.

О.Анир


URL:

Сэтгэгдэл бичих